Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Хуулийн заалт:
20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр /2019.10.18/ болсон байна. Шүүхээс яллагдагч Б.Амархүүд холбогдох шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 14:00 цагт хийхээр товложээ.
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Амархүүг өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө мансуурсан байдалтай байх үед нь цагдаагийн алба хаагчид баривчилсан юм.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээс өмнө талуудын гаргасан хүсэлт, гомдлоор болон шүүгчийн санаачилгаар зайлшгүй тогтоосон байх шаардлагатай шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!