Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд хэрэгжиж буй "Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөх төсөл"-тэй холбоотой асуудлаар төслийг хэрэгжүүлж буй компани, иргэдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Фүжи девелопмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Наранболд “Ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон барилгыг дахин төлөвлөх төслийн батламж Фүжи холдинг ББСБ ХХК-д байдаг.
Тус компанийн гүйцэтгэх захирал Т.Энхсайхан өнгөрсөн Баасан гарагаас эхлээд хөрөнгө оруулагч болох Фүжи девелопмент компанийн нэр төрд халдаж илт гүтгэн төслийг нь дээрэмдэх гэж байгаа мэтээр мэдээлэл хийж байгаа учраас бид өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарласан юм.
Нэхмэлийн шар байруудыг дахин төлөвлөх төсөлд Фүжи холдинг компани 2014 онд сонгон шалгарсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж 2017 оныг хүртэл барилгыг барьж чадаагүй. Харин Фүжи девелопмент компани 2017 оноос энэ төсөлд хөрөнгө оруулалт хийсэн юм.
Сүүлийн үед Фүжи холдинг компанитай холбоотой зарим маргаан үүссэн учраас манай компани хөрөнгө оруулалтаа татаж, энэ төслийг зогсоох шийвэр гаргасан байсан.
Гэвч амьдарч байсан барилгаа буулгуулсан иргэд орон байргүй болсон учраас энэ төслийг хэрэгжүүлж дуусгахыг биднээс хүссэн.Тиймээс төслийг цааш үргэлжлүүлэхээр болсон.
Одоогоор эхний барилга ашиглалтад орсон бол хоёр дахь барилга 85 хувийн, гурав дахь барилга нь 20 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.
Мөн нэхмэлийн шарын 130 өрхийн байр 2019 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад ороход бэлэн болсон байна.
Энэ төслийн хөрөнгийг манай компани 100 хувь өөрсдөө босгосон бөгөөд Фүжи холдинг компани ямар ч хөрөнгө гаргаагүй.
Гэтэл тус компанийн захирал Т.Энхсайхан нь Ц.Нямдорж сайдыг огцруулна гэх улс төрөө ярьсаар биднийг ч тэр маргаандаа татан оролцуулж байна” гэлээ.
Фүжи девелопмент ХХК-ийн Ерөнхий захирал Н.Мөнхбаяр “Т.Энхсайхан биднийг болон иргэдийг өөрийнхөө улс төрд ашиглаж, ор үндэсгүйгээр гүтгэж, хамааралгүй хүмүүстэй холбож байгаад харамсаж байна.
Бид нэмхэлийн шар байрыг шинэчлэх төсөлд 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Бид энэ хүмүүсийн нэгийг ч танихгүй бөгөөд манай компани зөвхөн бизнесийн салбарт л үйл ажиллагаа явуулж байгаа.
Тиймд бид Т.Энхсайхан гэдэг хүнийг ямар үндэслэлтэйгээр манай компанийн нэр хүндэд халдаж байгааг хууль шүүхийн байгууллагаар шалгуулна” гэв.
Төслийн хяналтын хорооны зөвлөл Д.Батгэрэл “Манай оршин суугчид олон жил халуун усгүй, ашиглалтын шаардлага хангахгүй хүйтэн байранд удаан хугацаагаар амьдарсан. Олон жил тэгж амьдарсны эцэст дахин төлөвлөх төсөл хэрэгжиж эхэлсэн.
Одоогоор олон иргэн түрээсийн байранд амьдарч байна. Оршин суугчид бидний амьдрах нөхцөл нэг өдрийн өмнө ч сайжирч, орон сууцдаа орж байвал аль компани барилга барих нь хамаагүй.
Цаана нь орон сууцаа ашиглалтад орохыг хүлээж байгаа олон ч иргэн бий" гэв.
Оршин суугч Э.Батжаргал “Эхний 5 дугаар байрны оршин суугчид маань бүгд орон сууцдаа орсон байна.
Эхний айлууд нь байрны ордероо нэр дээрээ хүлээн авсан. Одоогоор 130 өрх айл гадуур байр түрээслэн амьдарч байна.
Мөн нэг дор орон сууцуудыг буулгаж, бид цааш байр түрээслэх шаардлага гарахад түрээслэх байр олдохгүй байсан. Тийм учраас зарим айл хашаа байшин, нийтийн байранд амьдарч байгаа.
Бид энэ хугацаанд дахин төлөвлөгдсөн орон сууцуудыг хугацаандаа ашиглалтад орно гэж бодсон ч хугацаа нь дахиад сунгагдах нь. Айлын байр түрээслэн гадуур амьдарч байгаа олон айл өрх хүнд байдалтай байна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!