Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батбаясгалан: Бид иргэд дээрээ туршилт явуулна гэж байхгүй

Б.Ану
2019 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэд угаарын хийнд хордсон асуудлаар Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр дахин хуралджээ.

Энэ талаар яг одоо хэвлэлийн бага хурал хийж байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өчигдөр өгсөн мэдээллээр угаартсан гэсэн оноштойгоор 16 хүн эмнэлэгт хандан эмчлүүлж байснаас дөрвөн хүн нас барсан гэж байсан.

Нийслэлийн Онцгой комиссоос өнөөдөр өгсөн мэдээллээр тэд шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Хүний амь нас хохирсон хэрэг бүрт хэрэг үүсгэн шалгаж байна. Иргэдийн хордсон байж болзошгүй газруудаас дээж аван шинжилгээнд хамруулах ажил явагдаж байна. Мөн сайжруулсан түлшний барьцалдуулагч бодисноос дахин дээж авах ажлыг хийж байна.

Өнөөдрийн байдлаар 30 орчим мянган тонн сайжруулсан түлш хэрэглээнд нийлүүлэгдээд байна.

Энэ сарын 3-5-ны хооронд 35 иргэн угаартсан байж болзошгүй байдлаар эрүүл мэндийн байгууллагад хандаад байгаа.

Яг одоогийн байдлаар 6 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Дөрвөн хүн нас барсан. Эмнэлэгт хэвтэж буй 6 хүний нэгийнх нь биеийн байдал хүнд байна. Биеийн байдал хүнд байгаа нэг хүн 16 настай хүүхэд” гэв.

Сайжруулсан түлшний 95 хувь нь нэг удаа угаагдсан Өмнөговиос ирсэн нүүрс. Үлдсэн 5 хувьд нь импортоор оруулж ирж буй барьцалдуулагч (2.5%) болон шохой зэрэг бодисоос бүтэж байгаа бөгөөд эдгээрийг цаг тухай бүрт нь шинжилгээнд хамруулж байсан талаар Ж.Батбаясгалан нэмж хэллээ.

Мөн тэрбээр “Жил бүрийн өдийд иргэд угаарын хийнд хордох явдал гардаг. Өөрөөр хэлбэл ямар ч түлшнээс угаарын хий ялгардаг. Гэхдээ бид сайжруулсан түлшийг нэмж гурван төрлийн шинжилгээнд хамруулж байна. Барьцалдуулагч бодисыг мөн давтан шинжлүүлж байна. Өмнө нь Монгол Улсын бүх шинжилгээний лабораторид сайжруулсан түлшийг шинжлүүлсэн. Бид иргэд дээрээ туршилт явуулна гэж байхгүй" гэв.

Шинжилгээний хариугаас:

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Хордсон байж болзошгүй иргэдийн хэрэглэсэн түлшийг шинжилгээнд өгсөн. 2-3 цагийн дараа шинжилгээний хариу гарна. Бид мэдээлэл өгнө" гэлээ.

Нийслэлийн Онцгой комиссын өгсөн мэдээллээр иргэд “ Иргэд зуухаа буруу суурилуулах, яндан нам байх, яндан таггүй байх, зуухыг мөн агаар сэлгэлт сайтай газар байршуулахгүй байх зэрэг хэрэглээний горимын алдаа их байна.

Хордсон айлуудын хувьд ихэнх нь ханан пийшинтэй айлууд байна. Өөрөөр хэлбэл ханан пийшинтэй айлууд утаа гадагшлах сувгаа шалгах шаардлагатай байна. Ийм хэрэглээний горим алдагдаж байгаагаас иргэд эрүүл мэнд, амь насаа хохироож байх вий гэж таамаглаж байна” гэж байлаа.