Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН ЖИШЭЭ: Байгуулагдаад 30 жил болж буй 129 дүгээр цэцэрлэг баталгаатай дэд бүтэцтэй болжээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Япон улсын засгийн газрын "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төсөл"-ийн хүрээнд БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн сантехникийн иж бүрэн засварын ажлыг хийжээ.

Дүүргийнхээ таван хорооны 800 орчим хүүхдийг хамруулдаг тус цэцэрлэг 14 бүлэгтэй, нэг бүлэг дунджаар 55-60 хүүхэд хамрагддаг. Хүн амын нягтаршил ихтэй бүс дэх тус цэцэрлэгийн сантехник байнга шахуу доголдож, зоорийн давхарт ус алддаг байсан нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулдаг байсан байна.

 

Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Я.Баасанхүү "Байгуулагдаад 30 жил болж байгаа цэцэрлэгийн маань сантехникийн шугам, ариун цэврийн байгууламжууд хуучирч муудан, хүчтэй даралттай ус ирэхэд зарим хоолой цоорох аюул эрсдэлтэй нөхцөл байдалд байсан.

Сантехникийн шугам босоо байрлалтай, энд тэндээ цоорч хагарсан нь халаалт муу байхад нөлөөлж байна гэж үзсэн учраас шугамыг бүхэлд нь сольж, хэвтээ байрлалтай болгосноор барилга бүхэлдээ маш дулаан болоод байгаа.

“Өвсний үндэс” төслийн хүрээнд сантехникийн шугамыг солихоос гадна ариун цэврийн өрөөний суултуур, угаалтууруудыг сольж өгсөн юм. Хамгийн сүүлийн үеийн суултуур, угаалтуур нийлүүлэгдсэний дараа дотор тохижилт үнэхээр гологдож байлаа. Энэ үед эцэг эхчүүд санаачилга гаргаж, дотор тохижилтыг шинээр хийж өгсөн. Ингэснээр хүүхдүүд маань ая тухтай орчинд суралцаж, хөгжих, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болох нөхцөл бүрдээд байна” хэмээн танилцууллаа.

Сантехникийн шугамын хуучин болон сольсон байдлыг зургаар харуулбал,

2018 оны арваннэгдүгээр сард эхэлсэн шугам хоолой солих, ариун цэврийн өрөөг тохижуулах ажил хэсэгчлэн үргэлжилсээр нэгдүгээр сард бүрэн дууссан байна.

Ариун цэврийн өрөөний засварыг эцэг эхчүүд хийсэн бол төслийн хүрээнд шинэ суултуур, угаалтуурын тоог өмнө байснаас 1-2 ширхгээр нэмэгдүүлэн суурилуулжээ.

129 дүгээр цэцэрлэгийн дунд бүлгийн багш Г.Сумъяа “Манай ангийн ариун цэврийн өрөө өмнө нь гурван суултуур, гурван угаалтууртай, угаалтуур өрөөний гол байрладаг, заавал багш ирж ус гоожуулж өгдөг байлаа. Харин засварын ажлаар өрөөний голд байсан ханыг буулган, зай талбай ихтэй болгон, угаалтуур, суултуурын тоог нэмсэн. Мөн багшийн оролцоогүйгээр хүүхэд бие засах бүртээ гараа угаах боломж бүрдсэн.

Өнгөрсөн жил хоёр настай байсан манай ангийнханд суултуур бага зэрэг өндөрддөг байсан учраас бид хөл доор нь модоор гишгүүр хийж хэрэглүүлж байсан бол энэ намраас өндөрлөгч гишгүүр шаардлагагүй болсон байна.

Багш нарын зүгээс хоёр настай хүүхдүүдээ хүлээн аваад хоёр долоо хоногт багтаан өөрөө бие даан бие засахад сургахыг зорьдог. Ариун цэврийн өрөө тухтай байх нь үүнд чухал нөлөөтэй бөгөөд одоо гурван настай манай ангийнхан ямар ч асуудалгүй ариун цэврийн өрөөгөө ашиглаж сурсан” хэмээн ярилаа.

Мөн ариун цэврийн өрөө тохижуулах ажилд эцэг эхчүүд маш санаачилгатай оролцсон гэдгийг бэлтгэл бүлгийн багш С.Отгонцэцэг хэлж байсан юм.

“Өвсний үндэс” төслийн хүрээнд цэцэрлэгийн сантехникийн шугамыг солих ажил эхлүүлсэн нь эцэг эхчүүдийн санаачилгыг өдөөж ариун цэврийн өрөөг тохижуулах ажил болон хэрэгжсэнд Элчин сайдын яамны ажилтны үүднээс талархалтай байгаагаа Монгол Улсад суугаа Япон улсын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ямашита Акихито хэлээд сайхан тохижилтоо энэ хэвээр нь ариг гамтай эдэлж, хэрэглэхийг захиж байлаа.