Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Таван жил дусаал гоожсон Хавдрын эмнэлгийн дээврийг засаж дуусжээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

-Өдрийн сурвалжилга-

Сүүлийн 10-аад жил их засвар хийгдээгүй ХСҮТ-ийн/Хавдар судлалын үндэсний төв/ дээврийг засварлах ажил бүрэн дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөх гэж байна.

Хавдрын тусламж үйлчилгээг улс даяар үзүүлдэг цорын ганц эмнэлэг болох ХСҮТ-д зөвхөн 2018 онд гэхэд л 12 мянган хүн үйлчлүүлсэн бөгөөд үйлчлүүлэгчдийн тоо жил ирэх тутам өссөөр байгаа юм.

ХСҮТ-ийн Чанарын албаны дарга Б.Баасанжав "1982 онд ашиглалтад орсон эмнэлгийн барилгын дээврээс бараг зун бүр дусаал дусах болсон. Тасаг, хонгил ялгаагүй хаа сайгүй дусдаг бөгөөд бороо орохоор л хувин, сав өрөөд тавьдаг байлаа. 2018 оны зун бороо ихтэй байсан учраас маш их дусаал дуссан. Тухайн үед Японы ЭСЯ-наас хүмүүс ирж нөхцөл байдалтай танилцаад, 2019 оны гуравдугаар сард ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн болон Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока нар эмнэлгийн байрны дээврийн их засварыг "Өвсний үндэс" хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар хийх хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн. Уг гэрээний хүрээнд нийт дээврийн талбайн 30 хувь/Барилгын Б,В,Г блок/ засварласан бол үлдсэн 70 хувийг ЭМЯ-ны санхүүжилтээр мөн энэ зун засварлаж дуусаад байна" хэмээн танилцууллаа.

Барилгын Б,В,Г блокын дээвэр буюу 1,860 м2 талбайд бүрэн засвар хийхэд 172 сая төгрөгийг "Өвсний үндэс" хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар шийдвэрлэжээ. Ингээд засварын ажил наймдугаар сарын 13-наас есдүгээр сарын 24-ний хооронд үргэлжилсэн байна.

 

ХСҮТ-ийн барилгын хар цаасан дээвэр олон жил засвар хийгээгүйн улмаас хагарч, дусаал дусдаг болоод байжээ.

Энэ талаар ХСҮТ-ийн Хангамж үйлчилгээ, аж ахуйн албаны дарга Х.Гансүх "Дээврийн ус тусгаарлалтад ашигласан материалыг мимбрам гэдэг бөгөөд хар цаасны дараагийн үеийн материал гэж бидэнд тайлбарласан. Дээвэр захаасаа гол руугаа налуу болж голд нь ус зайлуулах хоолойн нүх байрлаж байгаа учраас ус тогтох аюулгүй болсон. Бараг таван жил дусаал дусаж, сүүлийн хоёр жил нөхцөл байдал бүр ч хүнд болоод байсан нь ийнхүү шийдэгдлээ" хэмээн хэлэв.

Япон улсын засгийн газраас ХСҮТ-д үзүүлсэн дэмжлэг туслалцаа зөвхөн энэ биш ажээ. Энэ онд л гэхэд тус улсын ЭСЯ, ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ХСҮТ-д орчин үеийн дэвшилтэт технологи, загвар бүхий ЭХО-ны иж бүрэн аппарат, эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон 25 сая төгрөгийн өртөг бүхий Тоёота Хайс түргэн тусламжийн машиныг бэлэглэсэн байна.

Дээврийн их засварын асуудлаар Японы ЭСЯ-наас эхэлж ХСҮТ-д хандан, нөхцөл байдалтай танилцаад санхүүжилт олгохоо мэдэгджээ. Тэдний зүгээс анх хэвлэл мэдээллийн хэрэгслээс эмнэлгийн дээврийн асуудлыг мэдсэнээ хэлсэн байна.

Их засварт 200 орчим сая төгрөг зарцуулахаар төлөвлөж байсан ч 172 сая төгрөгийн зардал гарсан тул үлдсэн санхүүжилтээр дусаал дусаж норсон дотор таазны засварыг хийхээр зөвшөөрөл хүссэн. Хариу хүлээж байгааг Монгол Улсад суугаа Япон улсын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ямашита Акихито хэлж байлаа.