Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Төв талбайд иргэдэд газрын лавлагаа мэдээлэл олгох, кадастрын зураг шууд хэвлэх үйлчилгээ үзүүлж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Барилга хот байгуулалтын яам болон түүний харьяа агентлагууд өнөөдөр "Нээлттэй өдөрлөг"-ийг Төв талбайд зохион байгуулж байна.

Барилга хот байгуулалтын салбарынхан хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, томоохон арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг газар дээрээс нь хүргэн, зөвлөгөө мэдээлэл өгөн, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж буй аж. 

Тухайлбал, газрын лавлагаа мэдээлэл, газрын кадастрын зургийг шууд хэвлэлт, банк, санхүүгийн байгууллагад газрыг барьцаалах үйлчилгээ, Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, мэдээлэл өгөх, бичиг хэрэг, өргөдөл гомдол, албан бичиг хүлээн авах зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж байгааг Газар зохион байгуулалтын, геодизи, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр онцлов. 

Маш олон субъект газар олгодгоос болж, газартай холбоотой маргаанууд гардаг
 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн тэрбээр хэлэхдээ "2002 онд батлагдсан өнөөдрийн бидний мөрдөж буй Газрын тухай хуулийн дагуу 330 сумын Засаг дарга, 21 аймгийн Засаг дарга, Байгаль орчны сайд гээд маш олон субъект газар олгодог. Үүнээс болоод газартай холбоотой олон маргаан гардаг. Захиргааны хэргийн 30 гаруй хувь нь газрын маргаантай холбоотой байдаг юм. 

Иймд Монгол Улсын Засгийн газраас газрын тухай хуулиудаа өнөөгийн хөгжилд тулгуурлан шинэчлэх шаардлагатай гэж үзэн манай яам, агентлагаас тус хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганд өргөн барихаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд газар олгох төлөвлөлтөө барилгүй газар олгосноос болж одоогийн энэ их маргаанууд үүссэн байх магадлалтай" гэв.

Тус өдөрлөг өнөөдөр 18:00 хүртэл төв талбайд үргэлжилнэ.