Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр Хан-Уул дүүрэг дэх Богд хааны ордон музейн 1.6 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах ажлын явцыг шалгав.
Тус цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг “Нутагт консалтинг” ХХК гүйцэтгэсэн бол “Сэнзо констракшн” төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэгдэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийгдэх тус цэцэрлэг нь 14 мянган м.кв талбайг хамрах бөгөөд үүнээс 5,600 м.кв талбайг хатуу хучилттай замаар засаж 6,320 м.кв талбайг зүлэгжүүлж цэцгэн мандал тарихаар төлөвлөгджээ.
Мөн Богд хааны ордон музйн цэцэрлэгт хүрээлэнд түүхэн дурсгалын 13 хөшөөг байрлуулах бөгөөд үүнд 4.4 метрийн өндөртэй Богд хааны хүрэл хөшөө, гурван метрийн өндөртэй Богдын Лүндэн, зургаан метр урттай Мөнх тэнгэрийн хүчин дор, Цагаан шонхорын хүрэл баримал зэрэг сүрлэг хөшөөнүүд сүндэрлэх аж.
Одоогийн байдлаар газар шорооны ажлууд хийгдэж дуусаад тохижилтын ажил эхлэхэд бэлэн болсон.
Гэвч нийт тохижилт хийгдэх талбайн 57 хувь нь хувийн хэвшлийн “Вантрейд” ХХК-ний эзэмшлийн газарт харъяалагдаж байгаагийн улмаас газрын маргаан үүсч, асуудал нь шүүхээр шийдвэрлүүлэх хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан цэцэрлэгжүүлэлтийн ажил саатахад хүрсэн байна.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Нийслэлчүүдэд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт талбай байгуулах асуудал юу юунаас чухал.
Богд хааны музейг түшиглэн байгуулах хөшөөт цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай учраас ирэх долоо хоногийн ажлын өдөр тухайн орчинд газар эзэмшиж байгаа компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, шүүхийн бус аргаар ойлголцолд хүрэх, улмаар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эрчимжүүлэх”-ийг холбогдох албаныханд үүрэг болгов.
Дараагаар нь хотын удирдлагууд Богд хааны ордон музейгээр зочилж, үзмэрүүдтэй нь танилцав.
Богд хааны ордон музейн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаатар хотын удирдлагуудда хандан сонирхолтой мэдээллийг хүргэсэн юм.
Хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Богд хааны ордон музейн тохижилтыг сайжруулах, үзмэрүүдийг сэргээн засах чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!