Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Амиа үл хайхран бусдад тусалсан, бурхны томилгоотой 15 баатраа бид мартахгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлдэг "Бид мартахгүй" өдөрлөг өнөөдөр болж байна.

Төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах үүргээ биелүүлж яваад алтан амиа алдсан 15 цагдаагийн алба хаагчийг дурсаж байгаа юм.

Сарынхаа цалингаар шагнуулж, найман хүүхдэдээ хувцас авч өгөөд баярлаж байсан үе саяхан мэт санагдана

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан замын цагдаа Д.Ганбатын гэргий С.Уранчимэг "Миний хань цагдаагийн байгууллагад 21 дэх жилээ ажиллаж байгаад Хан-Уул дүүргийн цагдаагийн пост дээрээ амиа алдсан.

Одоогоос 18 жилийн өмнө буюу 2001 онд тэр минь хууль бусаар орж ирсэн спиртний хэргийг илрүүлэн, сарынхаа 54 мянган төгрөгийн цалингаар шагнуулж, найман хүүхдэдээ хувцас авч өгөөд л баярлаж байсан үе саяхан мэт санагдана.

Гэвч тэр хэргээс зургаан сарын дараа ажлын байрандаа, албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа харгис алуурчдын гарт хэрцгийгээр алдсан. Тэр үед 4-20 насны найман хүүхэдтэйгээ би үлдсэн" хэмээн дурсан ярилаа.

Д.Ганбат агсан амьд сэрүүн ахуйдаа нэг охиноо заавал цагдаа болгоно гэж ярьдаг байсан нь биеллээ олжээ. Энэ нийгэмд хууль, шударга ёсыг тогтоон сахиулах тэнгэрийн зарлигтай элч нар заавал байдаг. Тэдний удам хойч тасрах учиргүй ээ.

Заримдаа миний ханийг аав минь над руу албаар явуулж дээ гэж бодогддог

 
Гэрэл зургийг Mpa.mn

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан замын цагдаа Д.Раднаабазарын охин Р. Санждаасаран "Аавыгаа өнгөрөхөд би зургаадугаар ангид байсан. Өглөө бүр би сургууль руугаа, аав минь харин ажил руугаа явдаг байв. Нэг өглөө аав минь урьдын адилаар ажилдаа явахаар гарсан ч эргэж ирээгүй. Үнэхээр харамсалтай санагдаж байна. Хүүхэд байсан болохоор ороод л ирэх юм шиг санагддаг байсан.

Би одоо яг л өөрийнхөө аав шигээ замын цагдаагийн хүнтэй суусан. Заримдаа миний ханийг аав минь над руу албаар явуулж дээ гэж бодогддог" гэлээ.

Цагдаагийн бага дарга Д.Раднаабазар агсан бусдад их тусархуу зөөлөн хүн байв. Тиймээс ч осолд орох гэж байсан нөхрөө авраад, өөрөө машинд мөргүүлж амиа алджээ.

Харин Ж.Лхагвасүрэн агсан автозамын хөдөлгөөнийг зохицуулж байхдаа осолд орж, амиа алдсан. Тэр үед түүний хүү Л.Цэрэннадмид хоёр настай байсан бол дүү нь ээжийнхээ гэдсэнд байсан аж.

Эх орондоо тангараг өргөсөн ч гэсэн амь нас, эрүүл мэндээ хайрлаж л ажиллаарай

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан замын цагдаа Ж.Лхагвасүрэнгийн хүү Л.Цэрэннадмид "Бид 1972 онд замын хөдөлгөөн бараг л  байгаагүй гэсэн төсөөлөлтэй байдаг. Тийм үед л замын хөдөлгөөн зохицуулж байхдаа амь насаа алдсан. Харин өнөөдрийн байдлаар тэрнээс хэд дахин аюултай замын хөдөлгөөн, нөхцөл дунд цагдаа нар ажиллаж байна.

Би өдөр бүр замын хөдөлгөөнд оролцохдоо энэ талаар бодож, яс махандаа тултал мэдэрч, цагдаа нарын өмнөөс айж шимширдэг. Энэ олон автомашины хөдөлгөөнийг зохицуулж байгаа замын цагдаагийн албаныхандаа захиж хэлэхэд, хэдий та нар минь эх орондоо тангараг өргөсөн ч гэсэн амь нас, эрүүл мэндээ хайрлаж л ажиллаарай" гэсэн юм.

Тусламж хэрэгтэй байгаа эгэл жирийн хүмүүст хэн нэгэн нь итгэл найдварын гараа үргэлж сунгаж байдаг. Амиа үл хайхран бусдад тусалсан, бурхны томилгоотой хүмүүс энэхүү эгэл баатрууд юм.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн албан хаагчид:

  1. Автозамын хөдөлгөөн зохицуулагч Базарын Надмид /1961/, 
  2. Автозамын хөдөлгөөн зохицуулагч Готовын Чимэддорж /1965/,
  3. Автозамын хөдөлгөөн зохицуулагч Цэнзэнгийн Жамсран /1970/,
  4. Автозамын хөдөлгөөн зохицуулагч Балдангийн Дарьсүрэн /1970/,
  5. Автозамын хөдөлгөөн зохицуулагч Жагдины Лхагвасүрэн /1972/,
  6. Автозамын хөдөлгөөн зохицуулагч Дагвын Раднаабазар /1976/,
  7. Автозамын хөдөлгөөн зохицуулагч Моломын Чулуунбаатар /1982/,
  8. Автозамын хөдөлгөөн зохицуулагч Биндэрьяагийн Доржжигжид /1983/,
  9. Автозамын хөдөлгөөн зохицуулагч Цэрэнгийн Батмөнх /1988/,
  10. Хамгаалалтын тасгийн жолооч Гүржавын Өнөрбаатар /1988/, 
  11. Автозамын хөдөлгөөн зохицуулагч Загдын Ганбаатар /1988/,
  12. Автозамын хөдөлгөөн зохицуулагч Цэдэнпунцагийн Энхбат /1997/,
  13. Автозамын хөдөлгөөн зохицуулагч Должингийн Ганбат /2001/,
  14. Автозамын хөдөлгөөн зохицуулагч Дүүдэйн Гансум /2001/,
  15. Тасгийн дарга, Цагдаагийн ахмад Бат-Эрдэнийн Батзориг /2016/ 

Бид бүхний амар тайван амьдралын төлөө алтан амиа хайрлалгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байсан эрхэм нөхдөө бид мартахгүй.

Тээврийн цагдаагийн алба

Гэрэл зургийг Mpa.mn