Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын Физикийн олимпиадаас Монголын баг хоёр хүрэл медаль, тусгай байрын нэг шагнал хүртлээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Олон улсын Физикийн 50 дахь олимпиад (IPhO-2019) Израйль Улсын Тель-Авив хотод болж, манай улсаас оролцсон сурагчид амжилттай оролцоод ирлээ.

Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн таван сурагч оролцсон бөгөөд тэдгээрээс хоёр нь хүрэл медаль, нэг сурагч тусгай байрт шалгарсан байна.

Тодруулбал, Олон улсын Физикийн 50 дугаар олимпиадаас

  • Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Итгэл хүрэл медаль
  • Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн сурагч Д.Хонгор хүрэл медаль
  • Нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Цолмон тусгай байрын шагнал тус тус хүртэж,  
  • Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Бат-Оргил
  • 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Сайханбилэг нар амжилтаа ахиулан иржээ.
Сая арванхоёрдугаар ангиа төгслөө. Намар MIT-д суралцахаар болсон
 
Гэрэл зургийг MPA.mn

Олон улсын Физикийн олимпиадын хүрэл медальт Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Итгэл ”Энэхүү физикийн олимпиадад амжилт гаргах зорилгоо биелүүлсэндээ маш их баяртай байна. Би инженерчлэлийн чиглэлээр суралцана гэж боддог. Энэ хавар арванхоёрдугаар ангиа төгссөн. Намар MIT-д суралцахаар болсон.

Энэ удаагийн олимпиадын бодлогууд үнэхээр хүнд байлаа. Цагтаа амжуулах гэж их хичээсэн. Дараа жил оролцох хүүхдүүд цагаа сайн төлөвлөөрэй гэж хэлмээр байна. Ерөнхийдөө онол, туршилт нь тус тусдаа таван цаг суудаг.  Энэ жил туршилт хийхдээ өөрсдөө бүх загвараа гаргаж, угсарч хийсэн. Энэ амжилтыг гаргахад тусалсан сургуулийн хамт олон, багш дасгалжуулагчид, аав, ээждээ маш их баярлаж байна” гэв. 

Сант сургуулийн төгсөгчдөөс энэ жил Массачүсэтийн технологийн их сургууль, Стэнфордын их сургууль, Харвардын их сургууль, Берклийн их сургууль, Корнелийн их сургууль, Токиогийн их сургууль зэрэг дэлхийн томоохон их сургуулиудад олноороо тэнцжээ.

Түүнчлэн энэ жил Японы Засгийн газрын 1,000 инженер хөтөлбөрт тэнцсэн 17 сурагчийн долоо нь Сантын төгсөгчид байв.
Алдсан зүйл байсан ч шагнал авсандаа үнэхээр их баяртай байна 
 
Гэрэл зургийг MPA.mn

Олон улсын физикийн олимпиадын хүрэл медальт, Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Хонгор “Манай улс 2,000 оноос эхлэн тус олимпиадад тасралтгүй оролцож байна. Миний хувьд онолын бодлогоо харьцангуй гайгүй хийсэн гэж бодож байна. Мэдээж хэрэг алдсан зүйл байсан ч шагнал авсандаа үнэхээр их баяртай байна.

Нийт оролцогчдын дунд өрсөлдөөн ширүүн өрнөсөн.Тусалж дэмжсэн сургуулийнхан, багш нар, гэр бүлийнхэндээ талархаж байна" хэмээн сэтгэгдлээсээ хуваалцав. 

Дараа жил илүү их хичээнэ
 
 
Гэрэл зургийг MPA.mn

Олон улсын Физикийн олимпиадын тусгай байрын шагналт, Нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Цолмон “Би долоодугаар ангиасаа эхэлж физикийн хичээлийг үзсэн. Энэ удаагийн олимпиадад өөрийнхөө төсөөлж байснаас муу оролцсон. Бас бодлого нь их хүнд байлаа. 

Израйль Улсын хувьд олимпиадыг маш сайн зохион байгуулж байсан нь их таалагдсан. Дараа жил арванхоёрдугаар анги болох учраас илүү сайн бэлдэж байгаад оролцоно” гэж байлаа.

Энэ жил олимпиадын бодлого маш хүнд ирсэн
 
Гэрэл зургийг MPA.mn

Тус олимпиадын талаар Улсын Физикийн олимпиадын хорооны дарга Н.Ганбат Олон Улсын физикийн олимпиадад энэ жил 78 орны 361 хүүхэд, 150 гаруй дасгалжуулагч багш оролцлоо.

Манай багаас хоёр хүрэл медаль, нэг шагналт байр эзэлж, хүүхдүүд маань амжилттай оролцсон. Олимпиадад оролцох багийг бүрдүүлэхийн тулд тухайн жилдээ Монгол Улсад болсон физикийн олимпиадуудын дүнг нэгтгэн эхний таван сурагчийг шалгаруулж авдаг.

Мөн энэ жил олимпиадын бодлого маш хүнд ирсэн. Урьд өмнөх жилүүдэд ийм хүнд бодлого ирж байсангүй. Энэхүү олимпиад нь зүгээр нэг олимпиад биш, асуудлыг шийдэж, гаргалгаа гаргадаг төдийгүй дэлхийн физикийн шинжлэх ухааны цаашдын чиг хандлагыг  тодорхойлдгоороо онцлогтой. Тэр ч утгаараа  Дэлхийн улс орнууд тус тэмцээнд маш их ач холбогдол өгч оролцдог учраас их өрсөлдөөнтэй болдог.

Манай улс сүүлийн 20 орчим жил олон улсын Физикийн олимпиадад оролцож байна. 

Израйль Улс олимпиадын зохион байгуулалт, төлөвлөгөө нь өндөр түвшинд байсан. Үүнээс харвал, олон улсын олимпиадад оролцоход олон жилийн төлөвлөгөө төдийгүй улс орны бодлого чухал нөлөө үзүүлдгийг ойлголоо” хэмээв.  

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn