Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Масато Такаока: Шинэ нисэх буудал далайд гарцгүй Монгол оронд чухал ач холбогдолтой

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын барилгын ажил дуусаж, өнөөдөр менежментийг эхлүүлэх ёслолын ажиллагаа боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төслийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байдаг.

Энэ дагуу Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы консорциум буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-д концессоор шилжүүлсэн юм.

Тус гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, Япон, Монголын хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл өнөөдөр гарын үсэг зурав.

Концессын гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслийг Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Японы консорциумтай сүүлийн нэг жилийн хугацаанд нийт 11 удаагийн хэлэлцээр, уулзалтын үр дүнд бэлтгэсэн байна.

"Нисэх буудлын ажиллагаатай холбоотой байгууллагуудын үйл ажиллагааг жигдрүүлэх, гэрчилгээжүүлэх ажлыг эхлэхэд бэлэн боллоо"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тус арга хэмжээний үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх- Амгалан “Энэ өдөр зам тээврийн салбарын томоохон бүтээн байгуулалт болох Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх будлын барилга байгууламжийн ажил дуусаж, менежментийг хэрэгжүүлэх концессын гэрээ үзэглэх ёслол боллоо. Мөн шинэ нисэх буудалд хүрэх, Монгол Улсын анхны хурдны замыг нээж, давхар баяр тохиож байгааг бэлгэшээж байна.

Ерөнхий сайдын үүрэг болгосон ажлын хүрээнд шинэ нисэх буудлаа хугацаанд нь ашиглалтад оруулахад концессын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бэлтгэл ажлыг хангаж, Монгол улсын Засгийн газар хариуцаж буй холбогдох барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг гүйцээж, олон улсын болон дотоодын нислэгийг нүүлгэн шилжүүлэх болоод нисэх буудлын ажиллагаатай холбоотой байгууллагуудын үйл ажиллагааг жигдрүүлэх, гэрчилгээжүүлэх ажлыг эхлэхэд бэлэн боллоо” гэв.

"Улс орноо дэлхийд нээлттэй болгохын тулд агаарын тээврийг хөгжүүлэх ёстой"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Улсынхаа баяр наадмаас өмнө бид шинэ нисэх буудлыг ашиглалтад хүлээн авч, өнөөдөр менежментийн гэрээгээ байгууллаа. Энэ нь Монгол Улсын хөгжил дэвшилд асар том түлхэц авчирсан түүхэн үйл явдал учраас сэтгэл өндөр байна.

Манай Улс өргөн уудам нутагтай ч далайд гарцгүй. Тиймээс улс орноо дэлхийд нээлттэй болгохын тулд бид агаарын тээврийг хөгжүүлэх ёстой.

Өнөөдрийн байдлаар манай агаарын тээвэр жилдээ нэг сая хүн хүлээж авдаг бол энэ буудал ашиглалтад орсноор жилдээ гурван сая зорчигч хүлээн авч чадна. Цаашдаа ч нисэх онгоцныхоо буудлыг өргөтгөж, таван сая зорчигчийг жилдээ хүлээн авах боломж бүрдүүлэх хэрэгтэй.

Монгол Улсын хөгжлийн нэг тулгуур бол аялал жуулчлал. Энэ салбарыг хөгжүүлэхэд шинэ олон улсын нисэх буудал маш чухал ач холбогдолтой.

Харин үүнээс хойш хийх ажил үлдсэн нь олон улсын иргэний нисэхийн сертификат авах юм. Ингэхийн тулд бид мэргэжлийн хүмүүсээ бэлтгэх ёстой. Мөн онгоц хөөрч, буухаас эхлээд дадлага сургуулилалт болон аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлууд хийгдэнэ.

Мөн хамгийн чухал ажил бол хуучин нисэх буудлаа энд нүүлгэж авчрах. Эдгээр ажлаа хурдан дуусгавал удахгүй гаднын олон онгоцыг хүлээж авах боломж бүрдэнэ" гэлээ.

"Шинэ нисэх буудал нь Монгол орны хөгжлийг улам эрчимжүүлнэ хэмээн найдаж байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока "Би Япон Улсын Элчин сайдын хувьд Монголд томилогдон ирснээсээ хойш энэ өдрийг тэсэн ядан хүлээж байлаа. Өнөөдөр Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагааны нэг бэлгэ тэмдэг шинээр бий болж, хоёр улсын хоорондох стратегийн түншийн харилцаа улам батжин урагшилж байгаад туйлын баяртай байна. 

Энэхүү онгоцны буудал нь далайд гарцгүй Монгол орны хувьд агаарын замаар дамжин олон улс оронтой холбоо тогтооход чухал ач холбогдолтой билээ. Мөн чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлооход хувь нэмрээ оруулах чухал хүчин зүйл болох юм. Монголын агаарын замын үүд хаалга болох шинэ нисэх онгоцны буудал нь Япон менежментээр аюулгүй бөгөөд саадгүй үйл ажиллагааг эхлүүлэн, аялал жуулчлал, ачааны эргэлтийг нэмэгдүүлж, Монгол орны хөгжлийг улам эрчимжүүлнэ хэмээн найдаж байна" гэлээ.


Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал нь 53,726 метр квадрат талбай, зургаан хүзүүвчтэй бөгөөд жилд 22,000 агаарын хөлөг, гурван сая зорчигч хүлээн авах чадалтай аж.

Концесс эзэмшигчдэд Япон улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдсан шинэ нисэх буудлын барилга, байгууламжаас агаарын навигацийн үйлчилгээний барилга байгууламж, агаарын хөлгийн засвар үйлчилгээний байгууламж, шатахууны байгууламжаас бусад барилга, түүний инженерийн шугам сүлжээ, холбогдох тоног төхөөрөмжийг ашиглуулахаар гэрээнд тусгажээ.

КОНЦЕСС ЭЗЭМШИГЧДЭД ШИЛЖҮҮЛЭХ КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ 

  • Зорчигч терминал 
  • Газар доорх шугам хоолой
  • Гадна авто машины зогсоол 
  • Үйлчилгээний замууд 
  • Зогсоолын хураамж авах цэг 
  • Периметрийн хашаа, хамгаалалт 
  • Захиргааны барилга
  • Дулааны станцын зам 
  • Харуулын байрууд
  • Буулт, хөөрөлтийн зурвас 
  • Аюулгүй үзлэгээр нэвтрэх цэгүүд
  • Гал унтраах барилга 
  • Цахилгаан станц
  • Карго терминал
  • Дулааны станц 
  • Авто машины дулаан зогсоол 
  • Цэвэр, бохир усны байгууламж 
  • Аюулгүй үзлэгийн тоног төхөөрөмжүүд 
  • Аэродромын засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн барилга
  • Нэвтрэх замууд /Зорчигч терминал/

 

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг