Орчин цагийн тагнуулын байгууллага үүсэж байгуулагдсаны 97 жилийн ой, Тагнуулын ажилтны өдөрт зориулан Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын сан хөмрөгт хадгалагддаг тамга тэмдгүүдийн сэдэвчилсэн үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн Монголын Үндэсний музейн Түр үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.
Тагнуулын байгууллага нь 1992 оны долоодугаар сарын 3-нд Засгийн газрын 28 дугаар хурлын тогтоолоор Дотоодыг хамгаалах газар хэмээн байгуулагдсан цагаас эхлэн Шүүх, явдлын яамны бичээч Д.Цэрэнпил, Балдан, Цэвээнноров нарын хуурамч бичиг үйлдэж, Манзушир хутагаар тамга даруулахыг оролдсон зэрэг тамга, тэмдэг, албан бичгийг хуурамчаар үйлдсэн хэргүүдийг илрүүлж, таслан зогсоож иржээ.
ТЕГ-ын тусгай архивын судлаач Н.Батболд "Тагнуулын ажилтны өдөр жил бүрийн долоодугаар сарын 3-нд болдог. Энэ жил тагнуулын байгууллагын 97 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэхүү үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.
Дотоодыг хамгаалах газар анх байгуулагдаж, Ардын засаг гарсны дараа нийгмийн өөрчлөлт явагдаж, олон байгууллага бий болж тамга тэмдгүүдэд будилаантай зүйлүүд гарч ирж байсан. Үүнийг цэгцлэх үүднээс тамга тэмдэг зөвөөр хэрэглэх, буруу тамга тэмдэг хэрэглэсэн тохиолдолд шийтгэх гэх мэт дүрэм зааврыг гаргаж, мөрдүүлэн хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.
Үзэсгэлэнд Дотоодыг хамгаалах газрын анхны тэмдэг, Өвөрмонголын ардын намыг Төв хорооны модон тамга, Бүх Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны тамга, БНМАУ-ын Цагдан сэргийлэх ерөнхий газар буюу Одоогийн Цагдаагийн ерөнхий газрын анхны тамга болон Засгийн газрын тусгай төлөөлөгчийн тэмдэг зэрэг тухайн үед хэрэглэгдэж байсан 60 гаруй тамга тэмдэг, 20 орчим биет бичгийн үзвэрүүд дэлгэгдсэн" гэлээ.
Тус үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!