Рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээлээ туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, дэмжигчтэй болж буй “THE HU” буюу Хүмүүн (Хү) хамтлаг 2019 оны 6 дугаар сарын 6-наас 7 дугаар сарын 6-ны өдрүүдэд Европын 23 хотоор хийх аялан тоглолтоо эхлүүлж байна.
Тэд 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Лондон, Манчестер, Брайтон, Гласгов, Бристол зэрэг зургаан хотод тоглолтоо хийхээр Британид очжээ.
Хү хамтлагийн тоглолтыг үзэх хүсэлтэй Британи улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд болон британчууд маш олон байгаа аж. Тоглолтын тасалбар нь ч зарагдаж дууссныг зохион байгуулагчид мэдээллээ.
Британид хийх аялан тоглолтын өмнө хамтлагийн бүрэлдэхүүнийг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хүлээн авч уулзсан юм.
Мөн Британийн хөгжмийн ертөнцийнхөнд мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлагыг тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Eleven Seven” студитэй хамтран 6 дугаар сарын 10-нд Лондон дахь МУ-ын ЭСЯ дээр зохион байгуулав. Уулзалт ярилцлагад “BBC 3 World Music”, “Daily Express”, “BBC Radio 6 Music” “Daily Telegraph”, “I Newspaper”, “Classic Rock”, “Freelance”, “Forbes”, “Меtro”, “Record Collector” зэрэг Британийн 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй төлөөлөгч ирж, хамтлагийн уран бүтээл, Монгол хөгжмийн гайхамшгийн талаар чөлөөт яриа өрнүүлэв.
Уулзалтын үеэр Хү хамтлагийнхан жил хүрэхгүй хугацаанд зөвхөн Youtube сувгаар 27 орчим сая сонсогч, үзэгчид хүрvty “Yu ve yu ve yu” дуугаа дуулж сонирхуулан ирсэн зочдод Хү хамтлагийн гишүүдийн гарын үсэгтэй пянз дурсгал болгон бэлэглэжээ.
“Хүннү рок” гэх урсгалд хөгжмийн олон төрөл зүйл багтаж байгаа нь зөвхөн рок сонирхогч гэлтгүй олон хүн сонсох боломж олгож байгаа тул ирэх дөрвөн жилд багтан дөрвөн цомог гаргах гэрээг “THE HU” хамтлагийнхан дэлхийд алдартай продакшнтай байгуулжээ. Монголыг дэлхий дахинаа сурталчилж байгаад Монгол Улсаас ИБУИНХУ-д Н.Тулга баяр хүргэж, Европд хийх аялал тоглолтод нь амжилт хүслээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!