Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн дэлхийн аварга шалгаруулах гурван тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байна. Тэмцээнийг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо, М-Си-Эс Кока-Кола компанитай хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөхөөр 34 орны шилдэг 40 багийн 500 гаруй тамирчин, төлөөлөгч Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ.
Тэмцээний 18 хүртэлх насны шигшээ багийн тоглолтууд энэ сарын 3-наас эхэлсэн бөгөөд эх орондоо анх удаа багийн ДАШТ-ийг зохион байгуулж буй Монгол Улсын 18 хүртэлх насны хөвгүүдийн шигшээ баг өчигдөр Латвийн багийг 20:16-гаар, Беларусийн багийг 21:15-аар тус тус хожиж хэсэгтээ тэргүүлж эхэллээ.
Тэд маргааш АНУ болон Гүржийн шигшээ багтай тоглох юм. Одоогоор “С” хэсгийг АНУ, Монголын баг 2 хожилтой тэргүүлж эхэлсэн бол Беларусь, Латви хоёр хожигдолтой боллоо. Энэ хэсгийн сүүлийн тоглолтууд зургадугаар сарын 6-ны өдөр болж, цааш өрсөлдөх хоёр баг тодорно.
Ийнхүү тэмцээнээ амжилттай эхлүүлсэн манай 18 хүртэлх насны хөвгүүдийн багт А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нар тоглож байна. Тус багт багтсан Пэрэнлэйжамц нь Дархан аварга Г.Өсөхбаярын, Энхийн-Од нь Монгол Улсын Гавьяат тамирчин Шаравжамцын хүү билээ.
Харин Монгол Улсын 18 хүртэлх насны эмэгтэй шигшээ баг “С” хэсэгт Франц, Голланд, Филиппин, Чехийн багтай багтсан. даваа гарагт болсон хоёр тоглолтод манай эмэгтэйчүүд ялагдал хүлээж, хэсгийн сүүлд бичигдсэн. Энэ хэсгийг Францын шигшээ баг хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Голланд, Чех, Филиппиний багууд нэг хожилтой удаалж байна.
Түүнчлэн зургадугаар сарын 8-9-ний өдрүүдэд “UB Challenger” тэмцээн эхлэх бөгөөд Монгол Улсыг төлөөлж “Улаанбаатар Гаруда” багийнхан тоглох юм.
Гудамжны хэмээн нэрлэгдэж байсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Спрайт брэнд анх дэмжин, “TLG-13” төрийн бус байгууллагатай 2005 оноос өнөөдрийг хүртэл 14 жил хамтран ажиллаж, Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулжээ. М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК спортоор дамжуулан Монгол орноо дэлхийд таниулах үйлсийг тасралтгүй дэмжсэний үр дүнд Монгол Улсын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан шигшээ тоглолтод шалгаран нэг алт, хоёр мөнгөн медалийг хүртээд байгаа нь монголчууд бидний хувьд бахархмаар сайхан амжилт билээ.
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны медиа баг дотоодын мэргэжлийн баг хамт олонтой хамтран тэмцээнийг дэлхийн 160 гаруй оронд Улаанбаатар хотын төв талбайгаас шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд тэмцээнийг http://www.fiba.basketball/3x3U18WC шууд үзээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!