Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

"ЖДҮХС-ийн зээлийн хүүг 4-5% болгохоор ажиллаж байна"

Т.Саран, iKon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 300.0 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжид 1 хувийн татвар ногдуулах болсонтой холбогдуулан хуулиудын уялдааг хангаж, дараах өөрчлөлтүүдийг оруулахаар санал боловсруулжээ. 

Тухайлбал, 

  • жилийн 250 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН нэгж “бичил" гэсэн ангилалд хамаарч байсныг 300.0 сая төгрөг
  • 250-500.0 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч"-д хамаарч байсныг 300 сая-1.0 тэрбум төгрөг болгон тус тус нэмэгдүүлсэн байна.

Мөн бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 300 сая хүртэл төгрөгийн зээлийг сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг банкаар дамжуулж олгох санал оруулж байгаа аж.

Ажлын хэсгийн танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ЖДҮХС-аас олгож буй зээл нийслэлд 3.0%-ийн хүүтэй олгогдож байгаа бол орон нутагт 8.3%-ийн хүүтэй байхаар байгааг бууруулах чиглэлээр салбарын яам, холбогдох албан тушаалтнуудыг ажиллахыг санууллаа. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 1.8% байсан ЖДҮХС-ийн зээлийн хүүг 2015 онд эдийн засгийн нөхцөл хүндрэлтэй гэдэг шалтгаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд 3.0%-д хүргэх шийдвэр гаргаж байсныг хэлээд “Өнөөдрийн байдлаар эдийн засгийн нөхцөл байдал тухайн үетэй харьцуулахад сэргэсэн, эерэг үзүүлэлтүүдтэй байгаа учраас эргүүлэн 1.8%-д хүргэх юм бол орон нутагт олгох тус сангийн зээлийн өртөг бодитоор буурах боломжтой” гэдэг саналыг хэлэв. 

Гишүүдийн тодруулсны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн хүүгийн нөхцөл, үүнийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн ба тус сангийн зээлийн хүүг 4-5 хувьд байлгахаар ажиллаж байгаагаа хэлсэн. 

Ийнхүү төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.