Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Бид үзэсгэлэнгээ Э.Маргад-Эрдэнэ дүүгийн эмчилгээнд хандив өгөх зорилгоор зохион байгуулж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн сурагчдын “MERAKI” уран зургийн үзэсгэлэн Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” галерейд нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь хүүхэд өөрийн ертөнцөө таньж мэдэх, хүнлэг байдалд суралцах, сэтгэлгээгээ хөгжүүлэх, бие даан суралцах, хүмүүнлэгийн үйлсэд оролцох юм. Үзэсгэлэнд оролцож буй хүүхдүүд “Маргад-Эрдэнэ Миний Эрдэнэ” хүмүүнлэгийн аянд нэгдэж, үзэсгэлэнгээс олсон бүх орлогоо Э.Маргад-Эрдэнэ дүүгийнхээ эмчилгээний зардалд нь хандивлах гэж буй аж. 

Учир нь Э.Маргад-Эрдэнэ гэх зургаан настай бяцхан хүү мэдрэлийн эсийн хорт хавдартай байсныг бөөрний хорт хавдар хэмээн буруу оношилж улмаар химийн хүчтэй эмчилгээ, бөөрний хагалгаа хийлгэн эрүүл мэндээрээ хохирсон тул хүү яаралтай эмчилгээнд орох шаардлага тулгарсан юм. 

"Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуулийн 1-11 дүгээр ангийн авьяаслаг сурагчдын оюун санаа, дотоод мэдрэмж, зүрх сэтгэлээ шингээсэн үзэсгэлэнд дахин давтагдашгүй 400 орчим бүтээл дэлгэгджээ. 

Үзэсгэлэн сонирхсон хүн бүхэнд нээлттэй ба энэ сарын 30-ны өдрөөс зургаадугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. 

 Хүүхдүүд өөрсдөө санаачлан идэвх зүтгэл гарган оролцож байгааг харах сайхан байна
 

Үзэсгэлэнгийн талаар “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн уран зургийн багш Ж.Анунаран “Манай сургуулийн хүүхдүүдийн сүүлийн нэг улиралд хийсэн бүтээлүүд энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан. Бид тайлан үзэсгэлэнгээ гаргасан зорилго нь олсон орлогоороо Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээнд хандивлах гэж буй явдал юм. Үүнийг хүүхдүүд өөрсдөө санаачлан идэвх зүтгэл гарган оролцож байгааг харах сайхан байна.  

Хүүхдүүд хувьд уран зургаар хичээллээд зогсохгүй бүтээлээ гаргасан нь аливаа зүйлийг чөлөөтэй сэтгэх сэтгэлгээ, бүтээлч хандлага, урлагийг ойлгох ойлголтонд нь эерэгээр нөлөөлсөн гэдэгт итгэж байна" гэлээ. 

Сурагчдын хувьд багш нартайгаа хамтран үзэсгэлэнгээ гаргахын тулд их хөдөлмөрлөсөн
 

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн захирал Б.Тамир “Сурагчид маань үзэсгэлэнгээ толилуулж байгаад баяртай байна. Энэхүү уран зургийн үзэсгэлэнг бид анх удаа зохион байгууллаа. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж, хүмүүнлэгийн аянд нэгдэж байхаар төлөвлөсөн. 

Сурагчдын хувьд багш нартайгаа хамтран үзэсгэлэнгээ гаргахын тулд их хөдөлмөрлөсөн. Тэр хэмжээгээр энэ үзэсгэлэнд гарсан бүтээлүүдэд хүүхэд бүрийн сэтгэл шингэсэн юм. Нөгөө талаар мэргэжлийн бүтээлүүд болж чадсан" гэв.

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Ариунзул "Бид үзэсгэлэнгээ Э.Маргад-Эрдэнэ дүүгийн эмчилгээнд хандив өгөх зорилгоор зохион байгуулж байна. Бидний уран зургийн үзэсгэлэн "MERAKI" гэдэг нэртэй. Энэ нэр нь “хийж буй зүйлдээ сэтгэлээ шингээх” гэсэн утгатай грек үг. Тиймээс бүтээл болгонд хүүхэд болгоны сэтгэл шингэсэн. Мөн багш маань мэргэжлийн хүн учраас бидэнд мэргэжлийн уран зураг ямар байх ёстойг хэлж, зааж өгсөн. Бидний хувьд ийнхүү бүтээлээ гаргаад, сайн үйлийн аянд нэгдэж байгаадаа баяртай байна" гэлээ. 

Орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ үнэхээр их өөрчлөгдсөн гэдгийг энэ зургуудаар дамжуулан мэдэрлээ
 
Гэрэл зургийг MPA.mn

Эцэг эхийн төлөөлөл жүжигчин Н.Онон “Хүүхдийг багаас нь уран зургийн мэдрэмжтэй болгоно гэдэг их ач холбогдолтой гэж боддог. Зурж сурснаараа заавал уран бүтээлч болох албагүй. Харин хүүхдийн сэтгэлгээг задалж, илүү хүнлэг болгож өгдөг гайхалтай зүйл. Би орж ирэхдээ хүүхдийн зургийн үзэсгэлэн гээд ээж аавтайгаа хөтлөлцсөн эсвэл байшин зурсан зургууд л үзэх байх гэж бодсон. Гэтэл орж ирээд үнэхээр их гайхлаа.

Орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ үнэхээр их өөрчлөгдсөн гэдгийг энэ зургуудаар дамжуулан мэдэрлээ. Зураг болгон нь тухайн хүүхдийн ертөнцийг харуулсан, мэргэжлийн, сэтгэлгээний зургууд байгааг олж харсан. Тэр ч утгаараа хоёр охиныхоо зургаас тэдний дотоод ертөнцөд юу байгааг олж харахыг хичээсэн" хэмээв. 

 

Сурагчдын бүтээлээс: 

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.