Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

IT-гийн гүнзгийрүүлсэн сургалттай Nest ахлах сургууль элсэлтээ авч эхэллээ

ikon.mn
2019 оны 5 сарын 27
iKon.MN

Дүрэм журам нь хатуу Америкт авто ослоор жилд 30 мянган хүн нас бардаг.

Хиймэл оюун ухааны хөгжлийн үр дүнд энэ тоог 90 хувиар бууруулах боломж бүрджээ. Тодруулж хэлбэл жолоочгүй машин жилдээ нэг удаа алдаа гаргах магадлалтай болтлоо хөгжчихөж.  

Хиймэл оюун ухаан төсөөллөөс давсан хурдтайгаар хөгжиж буй жишээ ингээд дуусахгүй. Роботууд хаус барьж,  эзнийхээ даалгавраар АТМ-ээс мөнгө авч  дэлгүүрээс худалдан авалт хийдэг болжээ. Дэлхийн өнөөгийн  мэргэжлийн тал хувь нь арван жилийн дараа алга болох юм уу өөрчлөгдөнө гэж Оксфордын эрдэмтэд онцолж байна. Үлдсэн мэргэжлүүд ч хиймэл, оюун ухаан, мэдээллийн технологи дээр суурилах нь тодорхой болжээ. Аль хэдийнэ ирчихээд хаалга тогшиж буй аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал тав аравхан жилийн дараа дэлхийг танигдахгүй болтол өөрчилнө гэсэн үгийг цэнхэр гаригийн учир мэдэх эрхмүүд  хэлсээр байгаа. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, мэдээллийн технологийн цоо шинэ ертөнцөд амжилт, каррьертай аж төрөх ганц арга нь  IT-гийн суурь мэдлэгтэй болох гэж дэлхий даяараа ам нийлүүлж байна. Ийм  үед мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай Nest ахлах сургууль  нээлтээ хийлээ. Тодруулбал Nest энэ чиглэлээр байгуулагдаж буй анхны ахлах сургууль юм.

 

Ирэх есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлэх энэ ахлах сургуулийн зөвлөх багт Facebook, Google, Oracle, Microsoft, Amazon компанид инженерээр ажилладаг монгол залуус багтжээ.

Дэлхийд гэж яригддаг IT компаниудад ажилладаг эдгээр залуустай нүүр тулж уулзах, лекц, зөвлөгөөг нь сонсох боломж  Nest ахлах сургуулийн сурагчдад бүрджээ. Тус сургуулийн сургалтын баг өдөр ирэх бүр хувьсан өөрчлөгдөж, урагшилж буй дэлхийн мэдээллийн технологийн хөгжил хаашаа яаж яваад байгаа талаарх шинэ соргог мэдээллийг зөвлөхүүдээсээ цаг алдалгүй авч, сургалтын хөтөлбөртөө тусгаад явах гэнэ.

Nest ахлах сургуулийн "Nest for next generation" танилцуулах өдөрлөг өнгөрсөн Бямба гарагт Чингис зочид буудалд болсон юм. Өдөрлөгт хүү, охиноо дагуулсан аав ээжүүд олноороо ирсэн нь ийм сургууль байгуулах эрэлт өндөрссөнийг илтгэж байлаа.

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй топ 10 компанийн долоо нь технологийн чигийнх. 2030 онд хиймэл оюун ухаан буюу AI дэлхийн эдийн засгийг 16 триллион ам.доллараар өсгөнө гэсэн тооцоо бий. Олон улс орны боловсролын салбар энэ өөрчлөлтийг мэдэрч иргэдээ ирээдүйн огцом өөрчлөлтөд бэлдэж эхэлсэн жишээ өчнөөн. Тэд сургалтын хөтөлбөртөө программчлал, код бичих STEAM /Science, Technology, Engineering, Arts, Mathematics/ төрлийн сургалтуудыг аль хэдийн багтаагаад эхэлчихсэн. Бүр нэгдүгээр ангиас нь код бичих суурийг тавьж байгаа сургуулиуд ч байна. Nest-ийн хувьд Монголын боловсролын салбарт дутагдаж буй энэ орон зайг нөхөхүйц сургалтын хөтөлбөр боловсруулжээ.

Өдөрлөгийн  үеэр Nest ахлах сургуулийн гадаад харилцаа хариуцсан захирал Б.Габит “Бид хиймэл оюун ухааны эринд бэлэн үү” сэдвээр илтгэл тавьсан нь өдөрлөгт ирсэн эцэг эхчүүд болон сурагчдын сонирхлыг татаж байлаа. Тэрээр Стэнфордын их сургуулийг төгсчээ. Өдгөө Мэдээллийн технологийн “Инфинит солюшн” компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Хиймэл оюун ухаан, edtech, fintech чиглэлд улс дамнасан хамтарсан компаниудыг байгуулж амжилттай ажиллаж яваа гэдгээр нь салбарынхан нь андахгүй. Түүний илтгэлээс тоймлон сонирхуулъя.

 

Nest ахлах сургуулийн гадаад харилцаа хариуцсан захирал Б.Габит:

Робот бол хүний тархины зарчмаар ажилладаг машин. Маш их дата дундаас ойролцоо давхцлыг гаргаж, тэр дундаас ийм таамаглал юм биш биз гэсэн үр дүнг хэлдэг. БНХАУ-д “Face++”гэх маш олон хүний дата дундаас тодорхой нэг, эсвэл хэсэг хүний дата мэдээллийг олох зорилготой төсөл хэрэгжсэн. Нисэх онгоцны буудал дээр заналхийлэгч байгаа гэх мэдээлэл ирэхэд магадгүй тухайн улс орон хууль, хүчний бүх л бүрэлдэхүүнээ илгээнэ. Харин энэ төслийн үр дүнд робот нэг секундын дотор заналхийлэгчийг шууд олох боломжтой. Мэдээллийн технологийн энэ мэт хөгжил хамгийн түрүүнд ажлын байрны өөрчлөлтийг бий болгож байна.  Apple компанийн нийлүүлэгч БНХАУ-ын компани 2017 онд 60 мянган ажилчнаа роботоор сольсон. Үүнээс харахад машин хүний үйлдлийг орлож, дэлхийг эзэгнэх юм биш биз, хүмүүс ирээдүйд ажил хийж амьдралаа залгуулж чадах уу гэдэг асуулт урган гарна. Хэдийгээр давтамжтай ажлын байрыг хиймэл оюун ухаанаар орлуулж болох ч эцсийн дүндээ машин хэзээ ч олон талын асуудлыг шийдэх боломжгүй гэдгээрээ сул талтай. Тиймээс хиймэл оюун ухаан танд олон талт асуудлын шийдлүүдийг гаргаж өгөх үүрэг л  хүлээнэ. Түүнийг базаж шийдэл гаргах субект нь ямагт хүн байсаар байна. Эндээс хиймэл оюун ухааны эринтэй монголчууд хэрхэн хөл нийлүүлэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Ингэхийн  тулд байгууллагууд бие биетэйгээ хамтран ажиллаж, боловсролын системийн эрс шинэчлэл хийж, дэлхийн шилдгүүдээс суралцаж, инновацийн бүтээл гаргах ёстой. Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай NEST ахлах сургуулийг яг ийм зорилгоор байгуулж байна.  

Мэдээлэл технологи эрчимтэй хөгжиж буй энэ үед бид боловсролын системдээ бодитой өөрчлөлт хийх цаг болчихлоо. Өнөөдөр гэхэд Америк, Хятад улс хиймэл оюун ухаанаар тэргүүлж байна. Хэдийгээр америкчууд шинийг санаачилдаг ч хятадууд гүйцэтгэлээрээ тэргүүлдэг. Эдгээр шилдэгүүдээс бид суралцаж байж инновациараа өрсөлдөнө. Хэрэв мэдээллийн технологийн боловсрол эзэмшчихвэл манай залуус заавал тухайн улсад нь очиж ажиллах шаардлагагүй эх орноосоо тэдгээр компанид онлайнаар ажиллах боломжтой.

 

NEST ахлах сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Билгүүн:

Өнгөрсөн жил дэлхийн топ компаниуд болох Facebook, Google, Amazon мэдээлэл технологийн үнэхээр ур чадвартай хүнийг диплом харгалзахгүйгээр ажилд авна гэдгээ зарлачихлаа. Энэ жил нэмээд санхүүгийн ажил мэргэжлийг энэ жагсаалтад багтаасан. Үүгээрээ тэд зэрэг бол хэрэггүй гэж хэлж байгаа юм биш.  IT-ийн мэргэжлийн ур чадварыг үнэлж буй хэрэг. Мэдээлэл технологи асар хурдацтай хөгжиж буй энэ үед хүүхдийг бүр багаас нь программчлал, код бичих суурийг тавих ёстойг, эрэлт хэрэгцээ ихэссэнийг харуулж байна. Гэхдээ ганц мэдээллийн технологи гэж хязгаарлаж ойлгож болохгүй. Сууриа зөв тавьчихвал ямар ч мэргэжил рүү хөрвөдөг, мэдээллийн технологи ашиглах чадвартай болно.

NEST  ахлах сургууль АНУ-ын  IT-ийн чиглэлдээ топ сургуулийн нэг  Massachusetts Institute of Technology-ийн хиймэл оюун ухааны тэнхмийн профессоруудтай хамтарч  “Хиймэл оюун ухаан буюу Амьдрал-3.0” гэсэн эрдэм шинжилгээний номыг орчуулж сургалтдаа ашиглахаар болжээ.  Цаашдаа Стэнфордын их сургууль,  Сингапурын NUS их сургуультай хамтран ажиллахаар зорьж байгаа аж.

Ихэнх сургууль хүүхдийг мэдлэгт анхаарч, баг болж ажиллах, өөрийгөө илэрхийлэх гэх мэт орчин үеийнхний  заавал эзэмших зөөлөн чадвар буюу soft skill-ийг орхигдуулдаг. NEST ахлах сургуулийг байгуулсан залуус манай боловсролын салбарт нийтлэг анзаарагддаг энэ сул талыг засахуйц сургалтын хөтөлбөр боловсруулжээ. Тус сургуулийн сурагчид  ном харж цээжлэх биш багштайгаа харилцан ярилцаж, багаар ажиллаж, ямар нэг асуудлыг шийдэх даалгавар авч мэдээллийн технологид гүнзгийрүүлэн суралцах юм байна.

NEST ахлах сургууль арав, арваннэгдүгээр  ангидаа элсэлт авна. IT-гийн чиглэлээр сурах өндөр сонирхолтой хүүхдүүдийг арваннэгдүгээр ангиас нь  элсүүлж болох гэнэ. Гэхдээ арваннэгдүгээр  ангийг нийт элсэгчдийн 20 хувиас хэтрүүлэхгүй бодлого барина гэж сургуулийн захирал онцлов. 480 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай ч энэ жилдээ 200 хүүхэд л элсүүлэхээр шийджээ. 

 NEST ахлах сургууль гурван жилийн хөтөлбөртэй. Эхний жилд хүүхдүүдэд программ хангамжийн  суурь мэдлэгийг  олгох бол хоёр дахь жилээс программ дизайн, программ хөгжүүлэлт, мобайл хөгжүүлэлт гэх мэт дагнасан чиглэлээр мэргэшүүлнэ. Ингэж тодорхой нэг чиглэлд мэргэшиж эхэлсэн сурагчдыг  сургалтын бус цагаар Монголын томоохон компаниудад цалинтай дадлага хийлгэх хөтөлбөрт хамруулах юм байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цалинтай дадлага хийх жишгийг Монголд анх удаа нэвтрүүлж байгаа аж. NEST ахлах сургуулийн энэ хөтөлбөрт “Инфинит солюшн” компани, Голомт банк, Хас банк, “Монгол чат” компаниуд хамтран ажиллахаар болжээ. Эдгээр байгууллагын тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. “NEST ахлах сургуулийн сурагчдын цалинтай дадлага” хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт  эдгээр компаниудын удирдлагууд болон сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Билгүүн  нар гарын үсэг зурсан юм.

Үйл ажиллагааны фото сурвалжлага (Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

NEST ахлах сургуулийн сургалтын гурав дахь жилд сурагчид  багаар ажиллаж, төсөл хэрэгжүүлэх юм байна. Төсөл хэрэгжүүлэхэд алдаа, асуудал өчнөөн гарна, тэр бүхнийг давж туулах чадварыг эзэмшүүлнэ, ийм чадвар эзэмшчихвэл ажил дээр гарахаараа амжилт гаргах нь асуудал биш гэсэн санаанууд тус сургуулийн захирлын илтгэлээс анхаарал татаж байв.

NEST ахлах сургууль сургалтын гурван багтай. Зөвлөх, инноваци, сургалтын  гэсэн багууд ажиллана. Сургуулийн орчны хувьд орчин үеийн технологиор тоноглогдсон, бүх төрлийн программчлалыг дэмжсэн тоног төхөөрөмж бүхий  компьютерийн гурван том лабортори ажиллана.  

Онцолж хэлэхэд тус сургуулийн элсэлт албан ёсоор эхэлж байна. Элсэх хүсэлт гаргасан хүүхдүүдийг хэрхэн шалгаруулах талаар NEST сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Билгүүнээс тодруулахад “Хүсэлт гаргасан хүүхдүүдээс зургадугаар сарын 25, долдугаар сарын 25-нд хоёр удаа элслэлтйн шалгалт авна. Шалгалтанд  тэнцсэн хүүхдүүд наймдугаар сарын 5-нд ярилцлагад орно. Тэнцсэн эхний 200 хүүхдийг сургуульдаа суралцуулна. Сургалтын төлбөр нэг жилийнх нь 10 сая төгрөг гэж тогтоосон. Элсэлтийн шалгалтдаа хамгийн өндөр оноо авсан, сайн ярилцлага хийсэн элсэгчдэд 10-100 хувийн тэтгэлэг олгох боломж бий” гэлээ.

Онцолж хэлэхэд NEST сургууль хүүхдийн урлаг, гоо зүйн мэдлэг, бие бялдрыг зөв хөгжилтэй болгохын тулд урлагийн, биеийн тамирын танхимыг тусад нь өргөтгөлөөр байгуулжээ. Хүүхдүүд энд дуртай спортоороо хичээллэж, төгөлдөр хуур, гитар, хийлийн хичээл 7 хоногт 1-2 удаа орох юм байна. 

 
Холбоо барих:
7799-5555, 7799-4444
contact@nhs.edu.mn
Нэст ахлах сургууль, Намъяанжүгийн гудамж 7а, 13р хороолол, 18-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот
www.nhs.edu.mn
Facebook: @NestHigh

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.