"Үндэсний номын баяр" 25 дахь жилдээ зохион байгуулагдаж, "Хүүхэд Монголын ирээдүй" уриатайгаар өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ жилийн онцлог нь хүүхдийн зохиолчдыг чадваржуулах, хүүхдэд зориулсан зохиол бүтээлийг чанаржуулахы уриалж байгаад оршиж байна хэмээн Үндэсний номын баярыг зохион байгуулж буй "Номын гэрэлт ертөнц" ТББ-ын тэргүүн Б.Сувд хэлж байлаа. Түүнчлэн өөр нэг онцлог нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор болж байгаа юм.
Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Үндэсний номын баярыг нээж хэлсэн үгэндээ техник технологийн хөгжилтэй холбоотой хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун, эрүүл мэндтэй холбоотой үүссэн асуудлуудыг номоор дамжуулан эергээр шийдэх боломжтой бөгөөд хүүхдийн хүмүүжилд эергээр нөлөөлөх гарц нь ном гэдгийг онцолж байв. Мөн тэрбээр хүүхдийн зохиолчдын дунд 25 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарласнаа нээлтийн үеэр сонордууллаа.
Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч П.Бадарч "Үндэсний номын баяр 25 дахь жилдээ болж байна. Энэ олон жил зохион байгуулагдаж байгаа нь олон түмэн ном сайн авч байгаагийнх. Харин авсан номоо хэр сайн уншиж байгаагаас энэ баярын чанар тодорхойлогдоно. Гүйлгэн харж байна уу, ухаарч уншиж байна уу гэдэгт хамаг учир бий. Тиймээс ном худалдан авч буй хүмүүс номоо ухаарч уншаарай, номоо хадгалаарай. Номонд бүх зүйл бий" хэмээж байв.
"Үндэсний номын баяр"-т энэ жил 300 гаруй зохиолч, 120 гаруй аж ахуйн нэгж оролцож, өнөөдрөөс эхлэн 25-ныг хүртэл гурван хоногийн турш уншигчидтайгаа уулзах юм.
Төв талбайд бол буй номын баярт хуучны хэвлэлүүд үнэтэй байлаа. Тухайлбал, Ж.Пүрэвийн "Зүрхний хилэн", Б.Ринчений "Үүрийн туяа" зэрэг сонгодгууд 40-80 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Учир нь сүүлийн үед уншигчид хуучны хэвлэлийг илүүтэй сонирхох болсонтой холбоотой бөгөөд олдоц тааруу болжээ.
Улиастай, Шар хадны эцэс орчимд баригдахаар болсон "Ид шидийн орон-2" төсөлд хандив цуглуулах ажил энэ үеэр болж байна. Хүүхэд хамгааллын үйлсэд хувь нэмрээ оруулахыг хүсвэл 1,000 төгрөгийн үнэтэй түлхүүрийн оосор, 3,000 төгрөгийн үнэтэй хөргөгчний соронз зэргээс сонгон авах боломжтой аж.
Улаанбаатарын алслагдсан гэр хороолол буюу Шар хад, Улиастай, Амгалан, Хужирбулан орчмын гэр хорооллын хүнд хэцүү орчинд амьдарч буй хүүхдүүдэд мэдлэг боловсролыг түгээх зорилготой юм.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!