Тавдугаар сарын 11-ний Бямба гарагт тохиосон Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль болон “Улаанбаатар Эмпати” сургуулийн багш сурагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 50 ширхэг гацуур мод тарьж, өөрсдийн нэрэмжит төгөлийг байгууллаа. “Эмпати” сургуулиудын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан энэ ажлын талаар багш, сурагчдын сэтгэгдлийг сонссон юм.
-“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн захирал Б.Тамир:
-Эмпати сургуулиудын 25 жилийн ойн хүрээнд бид олон үйл ажиллагаа зохион явуулж буй. Үүний нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сургуулиудынхаа нэрэмжит төгөлийг өнөөдөр байгуулж байгаадаа баяртай байна.
Бид байгаль дэлхийгээ хайрлах ухамсрыг сурагчдадаа төлөвшүүлж, мод тарихын ач тусыг таниулах зорилгоор энэ ажлыг хийж байгаа бөгөөд нийгэмдээ бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьсон.
-“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн Нийгмийн ажилтан Л.Гэрэлмаа:
-Бид эрүүл, аюулгүй, ногоон орчинд амьдрах хүсэл тэмүүллийг хүүхэд залуустаа түгээхийн тулд “Нийгэмдээ ХОГ БИШ, МОД ТАРЬЯ” аяныг цахим орчинд өрнүүлж, хүүхэд залуусын ухамсарт сэтгэхүйд суулгах томоохон хөдөлгөөнийг өрнүүлсэн.
Энэ уриалгаа өөрсдөө бодит ажил болгож, “Улаанбаатар Эмпати” сургуультайгаа хамтран 6.0 сая төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг гацуур модыг өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд суулгаж, сургуулиудынхаа нэрэмжит “Эмпати төгөл”-ийг бий болгож байгаад маш их баяртай байна. Сурагчид маань ч сэтгэл өндөр, насан туршдаа мартагдахгүй дурсамж бүтээлээ. Энэ нь эх дэлхийгээ хайрлах ухамсрыг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой бид үзэж байгаа.
-“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн багш Рату Равуву
-Би Монголд анх удаа ирсэн. “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуульд багшилдаг. Мод тарих үйл ажиллагаанд оролцсондоо баяртай байна. Би Фижигээс ирсэн. Манай нутаг чийглэг уур амьсгалтай бөгөөд бид байнга мод тарьдаг байсан.
Хүмүүс хөгжихийн хэрээр байгаль дэлхийгээ устгаж, ан амьтнаа хядах болсон. Тиймээс мод тарих нь байгалиа хайрлаж, чимж, хамгийн гол нь хүчилтөрөгч ялгаруулахад хувь нэмрээ оруулж байгаа сайн үйл юм.
-“Улаанбаатар Эмпати” сургуулийн 11С ангийн сурагч Б.Энхсанаа:
-Мод тарих үндэсний өдөрт манай хоёр сургууль хамтраад мод тарилаа. Анх удаа газраа өөрөө ухаад модоо суулгаад, усаа зөөгөөд мод тарилаа. Мод тарих талаар анхан шатны мэдэгдэхүүнтэй болж авлаа. Нэг мод өөрөөсөө маш их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг энэ үйл ажиллагаа бидний эрүүл мэндэд маш тустай. Тиймээс аз жаргалтайгаар модоо тарилаа.
-“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 9-р ангийн сурагч М.Гарьд:
-Анх удаа мод тарьж үзлээ. Хүн амьдралдаа заавал хийх ёстой зүйлийн нэг нь мод тарих байдаг гэсэн. Тиймээс мод тарьсандаа маш их баяртай байна. Ялангуяа, дөрвөн улиралд мөнх ногооноороо байдаг гацуур мод тарьсан нь гоё санагдлаа. Эх дэлхийгээ хайрлаж байна гэхээр үнэхээр гоё мэдрэмж төрдөг юм байна.
-“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 11А ангийн сурагч Э.Цэлмэг:
-Гэрийнхэнтэйгээ өмнө нь Гачууртад мод тарьж байсан. 14 хоногт тутамд модоо эргэж, усалдаг. Сургуулийнхаа хэмжээнд бөөнөөрөө мод тарьсандаа сэтгэл хангалуун, баяртай байна. Яагаад гэвэл манай ангийнхан мод тарих талаар тийм ч сайн мэддэггүй байсан. Сурагчид, хүүхдүүд бид байгаль орчиндоо ээлтэй үйл хийж байгаа нь сайн хэрэг.