Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн архитектурын өв

Барилга.мн
2019 оны 5 сарын 9
Барилга.МН
Зураг зураг

Италийн архитектур төлөвлөлтийн тусгалыг дэлхийн олон орноос харж болно. Тухайлбал, романтик хэв загварын хагас тойрог нуман, сийлбэртэй хана, хаалга, багана, уран баримал нь бүх Европын сүм хийдэд болон нэр хүнд бүхий барилга байгууламжуудад тод тусгалаа олсон билээ. Цаашилбал, хойд, өмнөд Америкт ч хүчтэй тусгалаа олсон байдаг.     

Гэхдээ эртний Ромчууд архитектур төлөвлөлтдөө Грекийн загвараас анх санаа авч байсан. Харин  XI-XII зууны үед архитектур төлөвлөлтдөө шинэ салхийг оруулж ирсэн түүхтэй. Харин бидний мэдэх Италийн сэргэн мандалтын үе нь XIV зуунаас эхлэлтэй бөгөөд хоёр зууны турш тухайн үеийнхээ урлаг, архитектурт хүчтэй нөлөөлж чадсан билээ. Сэргэн мандалтын үеийн архитектор Андреа Паллади (1508-1580)-ийн бичсэн ном товхимолууд нь Европын архитектурыг хувьсган өөрчилж чадсан бөгөөд өдгөө ч энэ бүтээлүүд бидний барилга барих арга барилд нөлөөлсөөр байна. Гэхдээ Италийн архитектур төлөвлөлтөнд голлох байр суурийг эзэлдэг нэгэн чухал хүн бол Марко Витрувио Поллионе (МЭӨ 75-15 он) билээ.

Тэрбээр магадгүй дэлхийн хамгийн анхны архитектурын тухай номыг "De Architectura" нэрээр латин хэлээр бичиж байсан. Италийн сэргэн мандалтын үеийн нөлөө бүхий архитекторуудын тоонд Жиакомо Виниола (1507-1573), Филиппо Брунелески (1377-1446), Микеланжело Бонаротти (1475-1564), Рафаелло Санцио (1483-1520) нар зүй ёсоор багтдаг. 

Ер нь Италийн барилга байгууламжийн бүх хэсэг архитектурын гайхамшгаар арвин түүхтэй. Зарим нэгэн Ром дахь Треви Фонтан ч юм уу Писагийн далий цамхагийг гайхамшиг гэж нэрлэж магадгүй. Тэгвэл үнэндээ эдгээр нь Италийн архитекторуудын гол бүтээл биш. Харин Венец, Флоренц, Милан, Наеаполи, Верона, Торино, Болоня, Женова, Перужи, Сицил, зэрэг нь баялаг түүхтэй. Тэр байтугай бүр жижиг хотууд ч архитекурын шилдэл бүтээлд дурлагчдад илүү таашаалыг авчирч чадна. Зөвхөн нэг жишээ дурдахад, Баруун Ромын эзэнт гүрний нийслэл Равена хот нь шигтгэмэл мозайк урлалаараа алдартай бөгөөд тухайн үеийнхээ Визант, өнөөдрийн Стамбулын дүр төрхийг бүтээж чадсан юм. 

Эртний Ром, Италийн сэргэн мандалт нь зөвхөн өөрийн эх нутагтаа архитектурын арвин баялаг өв үлдээгээд зогсохгүй дэлхийн архитектурт ноён оргил болж нөлөөлсөн. Иймээс ч архитектурын хөгжлийн үндэс суурь гэж үздэг. Жишээлбэл, Америкийн neoclassico буюу шинэ, сонгодог загвар нь эртний Ромын сонгодог хэлбэрийн "шинэчилсэн" орчуулга гэж хэлж болно. 

Ер нь эртний дурсгалт барилгуудаа өв болгон үлдээж чадсан Ром бол архитектур түүхийн чиглэлээр уншиж дуусаагүй нээлттэй ном гэж хэлж болно. Нэг талаар Ромын эзэнт гүрэн олон зууны турш дэлхийг захирч байсны нөгөө талаар архитектурын соёлын гайхамшгийн нөлөө Британийн арлуудаас Ойрхи Дорнод хүртэл мэдрэгддэг. 

МЭӨ 80 оны үед баригдсан Колоссео (Colosseo) нь өнөөдрийг хүртэл орчин үеийн дэлхийн спортын бүх цэнгэлдэх хүрээлэнгүүдийн загвар болж ирсэн. Түүнчлэн МЭ 126 онд баригдсан Пантеон (Pantheon) нь өнөөгийн төрийн ордны олон барилга байгууламжийн анхдагч мөн нийтлэг загвар болсон. Тод тусгал нь АНУ-ын Вашингтон хотын Конгресийн барилга билээ. Мөн МЭ 300 онд байгуулагдсан Диоклецианын халуун рашааны нийтийн усанд орох газраас бидэнд одоогийн Диоклецианын цонхны хэлбэр өвлөгдөн ирсэн. МЭ 79 онд Висувио галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй хайлшинд хэдэн зууны турш булшлагдан хадгалагдсан эртний Помпеи хот нь одоогийн Неапол хотын ойролцоо оршдог бөгөөд Ромын үеийн хотыг төгс хадгалсан жишээ юм.

Талбай: Архитектурын сургуулиуд хот төлөвлөлтийн тухай судлахдаа ихэвчлэн Итали даяар байрладаг алдартай гадна талбайнуудыг загвар болгон судалдаг. Энэхүү уламжлалт нээлттэй зээлийн газруудыг дэлхий даяар янз бүрийн хэлбэрээр дуурайсан байдаг. Ром дахь Навонын талбай, Венецийн Сан Марко, Неаполийн Плeбишито талбай гэх мэтчилэн. 

Грекийн Агора болон Ромын форумаас төрсөн Италийн талбай нь (бидний нэрлэж заншснаар) тус улсын архитектурт байнгын, өвөрмөц байр суурийг эзэлдэг. Энэ нь Европ болон дэлхийн бусад хот суурин газрын хотын соёлд их нөлөөг үзүүлж чадсан бөгөөд өнөө үед хотыг ялган таних гол үндэс болсон билээ. Харин төв талбай нь төр засгийн барилга байгууламж, иргэний, олон нийтийн, соёлын болон шашин, сүмийн байгууламжуудын нэг талаар уулзвар, зааглах хэсэг нөгөө талаар нэгтгэх түүхэн үүргийг гүйцэтгэдэг. Ялангуяа, усан оргилуур, багана, цамхаг, хөшөө гэх мэт гоёл чимэглэлийн элемент нь түүний өнгө төрх, үүргийг илүү тодотгодог юм. 

XVI зууны Италийн архитекторч Андреа Палладиогийн байшингууд нь тансаг зэрэглэлийн олон хотхоны архитектурийн шийдэлд хүчтэй нөлөөлсөн. 1500 онд хамаарах Палладиогийн  хамгийн алдартай архитектурын бүтээл нь Венето мужийн Ротонда, Базилик Палладиана, Сан Жоржио Мажиоре юм. Түүний баримталдаг үндсэн зарчим нь жижиг элементүүдийн харьцаагаар бүх хэмжигдэхүүнийг илэрхийлэх, архитектурын хэмжээг энэ харьцаагаар илэрхийлэх юм. Ер нь Сэргэн мандалтын үеийн архитектурын гол хэмжүүр нь хүн өөрөө гэж үзэж хүний биеэр (Leonardo's Vitruvian man) хэмждэг байсан бөгөөд энэ нь Палладиогийн архитектурын хамгийн агуу илэрхийллүүдийн нэг юм.

Сүмийн барилга: Католик сүм олон зууны турш Италийн урлагт нөлөөлсөн билээ. Өөрсдийн эрх мэдэл, хүч чадлаа харуулдаг бэлэг тэмдэг нь ч сүмийн барилгууд юм. Ямар ч эргэлзээгүй, хамгийн алдартай Италийн архитектурыг илтгэх сүмүүд бол Флоренцийн Брунеллескийн Купола, Ватиканы Микеланжелын Систина юм. 

Гэрэл зургууд
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг