Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Шатахуун дутуу шахаж байгаа эсэхэд хэмжилт хийх баталгаажуулалтын ажил эхэлжээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Шатахуун түгээх станцууд дутуу шахаж байна" гэх яриа иргэдийн дунд хөвөрч, яригдсаар байдаг.

Тэгвэл Стандарт, хэмжил зүйн газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нефть болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх бүх станцад жилд хоёр удаа баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгодог юм байна.

Хавар, намрын улиралд хийгддэг баталгаажуулалтын ажил "Петровис" компанийн Энхтайваны гүүрний баруун урд байрлах шатахуун түгээгүүрт хийгдэж байхтай таарлаа.

Стандарт, хэмжил зүйн газрын автомашинд суурилуулсан тусгай төхөөрөмжөөр түгээгүүрийн хошуу шатахууныг зохих хэмжээнд шахаж байгаа эсэхийг шалгаж байв.  

Эхлээд АИ-92 бензинээс төхөөрөмж рүү 10 литрийг хийхэд 0.06 мл-ээр илүүг шахсан бол, АИ-95-аас мөн адил 10 литрийг хийхэд 0.05-мл-ээр илүү, АИ-98-аас хийхэд 0.01 мл-ээр илүү шахаж байлаа. Стандартад зааснаар 0.25 мл-ээр их эсвэл бага шахаж байвал хэвийн гэж үздэг юм байна.
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэхүү баталгаажуулалт орон даяар зохион байгуулагддаг бөгөөд шатахуун түгээх станцын хошуу тус бүрийг нэг бүрчлэн шалгаад хэвийн гэж үзвэл гэрчилгээ олгодог юм байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Стандарт, хэмжил зүйн газрын Эзлэхүүн, зарцуулалтыг хэмжих хэрэгслийн улсын шалгагч М.Гомборагчаа "Зургаан сарын хугацаатай баталгаажуулалтын ажлын 2019 оны эхний ээлж эхэлж байна. Өнөөдрийн хувьд "Петровис" компанийн 16 дугаар шатахуун түгээгүүр дээрээс ажил эхэллээ.

Хэрэглэгчийн худалдан авч буй шатахуун зохих хэмжээндээ байгаа эсэхийг тогтоох, хэрэглэгчийг хохироохгүй байх нь баталгаажуулалтын ажлын гол ач холбогдол.

Бүх хошууг шалгаж, стандартын шаардлага хангаж байвал лацадна. Лац нь он оноороо солигддог, тус бүрдээ хувийн дугаартай байдаг. Мөн дараагийн баталгаажуулалт хийгдэх хүртэл энэ лацыг хөндөж болохгүй.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу мэргэжлийн хяналт, Газрын тосны хэрэг эрхлэх газар, манайх гээд шатахуун худалдаалах үйлчилгээтэй холбогддог бүх байгууллагын төлөөлөл хамтран 2018 оны арваннэг, арванхоёрдугаар сард гэнэтийн шалгалт хийсэн. Ингэхдээ иргэдийн төлөөллийг оролцуулж, шалгах түгээгүүрүүдээ тэднээр сонгуулан хэмжилт хийж үзсэн. Шалгалтын явцад шатахуун дутуу шахаж байгаа нэг ч тохиолдол илрээгүй. Ашиглалтын шаардлагаас үүдэлтэйгээр эвдрээгүй л бол түгээгүүрийн хошуунд асуудал гардаггүй, найдвартай" хэмээн ярилаа.

Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулалт хийлгэсэн түгээгүүр нь улсын шалгагчийн тавьсан лацыг хөндөхгүй байх, мөн олгосон гэрчилгээг нийтэд нээлттэй байрлуулах үүрэгтэй.

Иргэд та бүхэн үйлчлүүлж буй шатахуун түгээгүүрийнхээ баталгаажуулалт хийлгэсэн эсэх, хийлгэсэн бол гэрчилгээг нь шалгах эрхтэй гэсэн үг.

 
Гэрэл зургийг mpa.mn

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.