Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Төмөрбаатар: Ховдын Булганы алим, чавгыг хотынхон хашаандаа тариад идэж болно

Г.Номин, iKon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Улсын аварга тариаланч Б.Төмөрбаатар гуайн хашаанд ургадаг жимснүүд.

Ховд аймгийн Булган суманд 1995 оноос хойш жимс тариалж буй Улсын аварга тариаланч Б.Төмөрбаатар гуайг Улаанбаатарт түр ирээд байхад нь уулзлаа.

Тэрбээр нутагтаа ургуулсан жимснүүдээ бусад орон нутагт ургуулах, нутагшуулах нөхцөл боломжийг судлан жил бүрийн хавар үрслэгээнүүдээ аваад ирдэг юм байна.

Булган суманд 1959 оноос жимс тариалж эхэлжээ

 

Булган сум нь цаг агаарын таатай нөхцөл бүрдсэн, заримдаг говийн бүсэд хамаардаг. Тус суманд жимс жимсгэний тариалан 1959 оноос эхэлж, 1990 оныг хүртэл олон сортыг амжилттай нутагшуулжээ.

Ингээд хэдэн жилийн турш бараг жимс ургахгүй болоод байхад нь 1995 оноос агротехникч мэргэжилтэй Б.Төмөрбаатар гуай төрөл бүрийн жимс тууштай тариалж эхэлсэн байна. Ингэхдээ олон жилийн өмнөөс Булган суманд нутагшсан алим, чавганы сортуудыг зонхилон тариалжээ. Өдгөө Б.Төмөрбаатар гуайн 3 га жимсний хашаанд алимын зургаа/том алим, бэсрэг алим, үрэл гэх мэт/, чавганы найман/жимслэх хугацаагаараа өөр өөр/ сорт, үрэл, үхрийн нүд, гүзээлзгэнэ, ногоон тошлой, нэрсний мод, бут ургаж байна.

Түүнчлэн Булган суманд айл бүр өрхийн цэцэрлэгтэй болох санаачилга гарчээ. Энэ хүрээнд нэг айлд алим, чавганы мод тус бүр тав, үхрийн нүдний бут 20, гүзээлзгэнэ, ногоон тошлой, нэрсний мод тарьж байгаа гэнэ. Уг санаачилгын хүрээнд 2017 онд 60 айл, 2018 онд 120 айл өрхийн цэцэрлэгтэй болох зорилт тавин, сумын ЗДТГ-аас санхүүжүүлж байгаа аж.

Алим, чавганы мод Улаанбаатарт амжилттай нутагшин ургаж байна

 

"Булган суманд амжилттай нутагшуулсан жимсний моднуудыг Улаанбаатарт ургуулах боломжийг судлан 7, 8 жилийн өмнөөс наашаа үрсэлгээгээ явуулах болсон. Чавганы модыг сайхан ургуулаад жимс идэж байгаа хэд хэдэн айл байна.

61-ийн гарам орчимд 5 га газартай нэг аж ахуйд нэлээн хэдэн үрсэлгээ явуулсан. Хоёр жилийн өмнөөс алим, чавга аль аль нь ургацаа өгөөд эхэлсэн байна лээ.

Манай орны эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэн ургах чадвартай сортууд бий болсон.

Мөн Дархан-Уул аймаг руу туршилтаар явуулсан чавганы мод ургаж, ургац өгөөд эхэлсэн. Хамт явуулсан алимын моднууд сайхан ургаж байгаа ч хараахан жимсээ өгч эхлээгүй байна.

Уржнан Био комбинатаас 300 гаруй мод захиж авсан. Сайхан ургаж байгаа гэх сураг сонссон" хэмээн Б.Төмөрбаатар гуай ярив.

Анх ЗХУ-ын Алтайн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс авчирч байсан сортуудыг Монголд нутагшуулах ажил амжилттай хийгдсэн. Манай орны эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэн ургах чадвартай сортууд бий болсон тул эднийгээ бусад аймаг сумдад, Улаанбаатарт тариалах нь Б.Төмөрбаатар гуайн дараагийн зорилго болжээ.

 

Түүний хэлж буйгаар Булган сумтай төстэй хөрстэй Өмнөговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай аймагт жимсний мод ургах бүрэн боломжтой гэнэ.

"Булган суманд жимсний тариалан эрхэлж буй гурван аж ахуй байгаа ч гарсан ургац маань орон нутагтаа л хүрэлцдэг. Гэтэл Улаанбаатарчууд импортын, хэзээ хураасан, лангуун дээр хэр удсан нь мэдэгдэхгүй жимс идэж байна. Орон нутагт бүр ч удаж очдог. Урт хугацааны турш тээвэрлэгдсэн хэр нь тэр жимс муудахгүй байгаа нь амин дэмтэй гэхээсээ илүү аюултай гэсэн үг. Тиймээс жил бүрийн хавар үрсэлгээгээ аваад Улаанбаатарт ирж, мод тариалах хүсэлтэй хүмүүстэй уулзаж, зөвлөгөө өгөх болсон” хэмээн Б.Төмөрбаатар гуай ярьж байлаа.

Ургац хураалт долоодугаар сарын 20-ноос есдүгээр сар гартал үргэлжилдэг

 

Магадгүй та эх орны хөрсөнд ургасан жимсийг ургаж буй талбайнх нь дэргэд очиж идэхийг хүсэж байж болох юм. Б.Төмөрбаатар гуайнд жилд дунджаар 5-6 тонн жимс хураадаг бөгөөд бусад жимсний аж ахуй ч ойролцоо хэмжээтэйг хуураадаг гэнэ.

  • Үхрийн нүдийг долоодугаар сарын 20-ноос хурааж эхлэн 10-аад хоног үргэлжилдэг.
  • Чавганы эрт сортын ургац наймдугаар сарын 1-нээс эхэлдэг бөгөөд хугацааны хувьд гурван төрөл байдаг. Эхний сортын ургац хураалт 10-аад хоног үргэлжилж байтал дундын сортын болц гүйцэж, үүнээс хойш мөн 10-аад хоногийн дараагаас оройн сортын ургац хураалт эхэлдэг байна.
  • Алимын эрт сортын ургац хураалт наймдугаар сарын 15-наас эхэлж, хамгийн сүүлд буюу есдүгээр сар гармагц давжаа алимны болц гүйцдэг аж.

Таван жилийн дунджаар нэг алимын модноос жилд 35-40 кг, чавганы модноос 25-30 кг ургац хурааж байгаа ажээ.

ФОТО

Улаанбаатараас 1,750 км, Ховд аймгийн төвөөс 385 км алслагдсан Булган сум буюу "Жимсний эх орон"-ы фото зургуудыг хүргэж байна.

Яг одоо цэцэглээд буй чавганы модод