Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Залуу малчдыг дэмжсэн Англи дахь Монголчууд

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монголчууд бид байгалиа хайрлан хамгаалж, харилцан шүтэлцээтэй амьдарч ирсэн уламжлалтай.  Нүүдэлчин ахуйн энэ дадал нь чухамхүү тогтвортой оршихуйн, хөгжихийн үлгэр авах нэгэн загвар. Иймээс уламжлалт малч ухаанаа барууны стандарчлагдсан ойлголт, практиктай хослуулж эзэмших нь шинэ цагийн Монгол хүнийг тогтвортой хөгжлийн чиг хандлагын манлайлагч байх боломжийг бүрдүүлнэ гэж итгэдэг. Энэ үзэл санааг дэмжиж Англи улсад амьдардаг, Тогтвортой Ноос Ноолуурын Эвслийн Төслийн зохицуулалтын менежер, Британийн Монголчуудын Холбооны тэргүүн Д.Цэрэнбат өөрийн төрсөн өдрөө тохиолдуулан Тогтвортой Ноос Ноолуурын Эвслийн (ТННЭ) хэрэгжүүлж буй Залуу Малчин Хөтөлбөрийг дэмжих хандивын гүйлтийн арга хэмжээг санаачлан 5 дугаар сарын 5-ны өдөр Англи болон Европын бусад орнуудад амжилттай зохион байгуулжээ. 

Анх удаа зохиогдож байгаа энэхүү арга хэмжээнд Лондоны баруун урд дүүрэгт орших, алдарт Richmond Park-д -30, Нотингхам хотод-10, Манчестер хотод-6,  Кэмбридж орчимд-2, Бат (Bath) хотод-1, Windsor сууринд-1, Чехийн Прага хотод-2, Польшийн Варшав хотод-1, Шведийн Стокхольм хотод-1, Германийн Берлин хотод-9 нийт 63 хүн Европын таван улсын арван хотод 5км болон 10 км-ын зайд гүйж Залуу Малчдыг дэмжих хандив цуглуулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцлоо. Гүйлтэд Монголчуудаас гадна дурсгалын медалийг урласан Hickory Dickory Design урлангийн эзэн Lisa Ebdon, Д.Цэрэнбатын эхнэр Dr. Ros Ebdon, найз Well’s Cathedral Bishop Palace-н гүйцэтгэх захирал Rosie Martin, найз Roger нарын Британийн иргэд дэмжин оролцов. 

 

Гүйлтийн бэлтгэл ажилд Д.Цэрэнбатын гэр бүлийнхэн, Британи дахь Монголчуудын “Team Mongolia Runners Club” гүйлтийн клубын гишүүд болон Британид үйл ажиллагаа явуулдаг G-StudioMN фото студи медиа сурталчилгааны асуудал дээр туслан хамтран ажилласанд гүнээ талархая. 

Энэхүү гүйлтийн ажиллагааг Британи дахь гүйлтийн “Team Mongolia Runners Club” клуб болон бусад дэмжигч байгууллагатай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болов.

Тогтвортой хөгжлийн талаарх дэлхийн чиг хандлагыг дэмжих, Монголд хэрэгжиж буй дээрх төслийн ач холбогдлыг ойлгуулахын тулд энэхүү гүйлтийг хийж эхэлж байна гэж ойлгож болно. Сүүлийн үед гүйлтээр хичээллэдэг Монголчууд Британид олон болж байгаа. Клуб одоогоор 50 орчим гишүүнтэй болжээ. Тэд хандивын гүйлтийн ажиллагааг дэмжиж одоогоор 70 гаруй хүн 1,700 фунтийн хандив өргөөд байна. Цугларсан хандивын зарцуулалт, үр дүнг ТННЭ-ийн зүгээс нээлттэйгээр тайлагнан ажиллах юм.

ТННЭ-ийн гишүүн байгууллага Шотланд дахь ноолууран эдлэлийн Johnston’s of Elgin компани санаачлан Хэнтий аймгийн Боловсролын Хэлтэстэй хамтран багш сурагчдын гарын авлагыг боловсруулж, тус аймгийн 7 суманд сонгон суралцах хичээл хэлбэрээр оруулж эхлээд байгаа. Сурах бичгийг боловсруулахдаа тухайн орон нутагт буй байгаль орчин, ан амьтдын онцлог, мал маллагааны арга туршлагыг багтааж сургалтын явцад дадлагын хичээлүүдийг түлхүү оруулахыг эрмэлзжээ. Энэ хичээлийн хөтөлбөрийг улам боловсронгуй болгож сонгон төдий бус,заавал үзэх хичээлийн нэг болгон сургалтын хөтөлбөрт оруулбал хүүхдүүд байгаль эхээ хайрлан хамгаалах, ирээдүйн тогтвортой хөгжилд Монголын оруулах хувь нэмрийг илүүтэй ойлгосон энэ үйл хэгийн манлайлагч, оролцогч иргэд болов төлөвших үүд хаалгыг нээж өгч байгаа хэрэг. Тийм болохоор Д.Цэрэнбат ТННЭ-д ажилладагийн хувьд энэ үйлсэд бусдынхаа санаа бодлыг татах, бага ч болтугай ойлголт өгөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын гүйлт зохион байгуулах ажлыг санаачилжээ.

Залуу Малчин Хөтөлбөрийг дэмжих хандивын гүйлтийн арга хэмжээ Монголд зохиогдоно

Мөн энэхүү гүйлтийн үйл ажиллагаа Монголд бас зохиогдох юм. Улаанбаатар хот дахь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2019 оны 5 дугаар сарын 12-ны Ням гарагийн өглөө 9.00 цагт болох энэ гүйлтэд гэр бүл, найз нөхдийн хамт гүйж биеийнхээ чилээг гарган агаар салхинд гарангаа Тогтвортой хөгжилийн үзэл санааг дэмжиж “Залуу Малчин хөтөлбөр”-ийг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриаллаа.

Хүн төрөлтхний идэх, өмсөх, хэрэглэх эрэлтийг хангахын тулд технологи сэдэгдэж, үйлдвэрлэл хөгжиж иржээ. Эдлэх, хэрэглэхийн төлөөх их тэмцэл эргээд хүрээлэн буй орчин, байгаль дэлхийд, хүн төрөлхтөний ирээдүйн тогтвортой оршиход сөрөг нөлөө үзүүлж байна. Нэг хэсэг байгаль дэлхийн баялгийг хягааргүй нөөц гэх үзэл ноёлж байсан бол сав шимийн ертөнцийн харилцан зохицолдолгоог алдагдуулахгүй байх ёстойг өдгөө ухаарч хэт хэрэглээний дадлаасаа татгалзахыг уриалах болов. Үүнтэй холбоотойгоор ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ гэх нэр томъёо өргөн хэрэглэгдэх болжээ.

Фото: Англи дахь Монголчуудын гүйлт
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг