Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Капитал банканд 20 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд Монголбанкнаас шаардлагынхаа хариуг авлаа

Г.Номин, iKon.mn
2019 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хохирогчдын нэгдсэн холбоо, Капитал банканд 20 саяаас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигч иргэд нэгдэн энэ сарын 10-нд Монгол банк болон АТГ-т шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагынхаа хариуг авахаар өнөөдөр мөн Монголбанкны гадаа цугласан юм.

"Монголбанк Капитал банканд асуудал үүссэнийг нууж байсанд гомдолтой байна"
 

Энэ үеэр хадгаламж эзэмшигчдийн төлөөлөл "2000-аад онд Хадгаламж, зээлийн хоршоод дампуурсан тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооноос "ХЗХ-оод ийм өндөр хүүтэйгээр мөнгө хадгалаад ашиггүй ажиллана, дампуурах эрсдэлтэй" хэмээн мэдэгдэж байсан.

Гэтэл Монголбанк Капитал банканд асуудал үүссэнийг нууж байсанд гомдолтой байна.

Энэ банканд дөрвөн жилийн өмнөөс асуудал үүсч эхэлсэн байна. Гэтэл харилцагчдад юу ч хэлээгүй. Асуудал байгаа шүү гэж хэлсэн бол бид мөнгөө хадгалуулах байсан уу. А.Ундармаа гэдэг хүн дампуурч байгаа банкаа сэргээх гэж УИХ-ын гишүүн болсон юм байна.

Бид үнэхээр гомдолтой байна" хэмээж байв.

Хохирогчдын нэгдсэн холбооны зүгээр доорх мэдээллүүдийг шаардсан:

  • 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хадгаламж эзэмшигчдийн нэрс болон хохирлын хэмжээ,
  • Чанаргүй зээлдэгчдийн нэрс болон зээлийг төлж барагдуулах хугацаа, барьцаа хөрөнгүүдийн жагсаалт,
  • "Алтжин" худалдааны төвийн захирал Г.Алтан тус банканд байсан их хэмжээний хадгаламжаа олон хүний нэр дээр хувааж татсан эсэх талаар мэдээлэл,
  • Капитал банк 2015 оноос хойш алдагдалтай ажилласан байхад Монголбанк ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар мэдээлэл хүсэж, иргэдийг хохиролгүй болгох ажиллагааг түргэвчлэхийг шаардсан юм.

Монголбанкнаас гаргасан шаардлагын хариу: Зураг дээр дарж томруулж харна уу.

Цуглаан зохион байгуулагсдад Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаа Төв банкнаас гаргасан шаардлагын хариуг гаргаж ирж, өгсөн юм.

 

Капитал банканд 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хадгаламж эзэмшигчид нэгдэж фэйсбүүкийн групп нээсэн бөгөөд одоогийн байдлаар 125 хүн тус группт нэгдээд байгааг цуглаанд оролцогчид хэлсэн юм.

Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн 0.5 хувь буюу 800 гаруй хүн 20 сая болон түүнээс дээш хэмжээний мөнгөө тус банканд хадгалуулсан байжээ.
ФОТО

Гэрэл зургийг mpa.mn