Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Япон менежментээр 1,042 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх МОНГОЛЫН АНХНЫ СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ

Г.Номин, iKon.mn
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Япон Улсын Засгийн газрын 7.9 тэрбум иен/төсөл хэрэгжиж эхлэх үеийн ханшаар 170 тэрбум төгрөг/-ий буцалтгүй тусламжаар Баянзүрх дүүрэгт баригдаж буй "Япон-Монгол Сургалтын эмнэлэг" дөрөвдүгээр сард ашиглалтад орж, зургаадугаар сараас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхлэх гэж байна.

Зоорийн давхрыг оруулаад дөрвөн давхар уг эмнэлгийн барилгын талбайн хэмжээ 15,825 м.кв, төмөр бетон хийцтэй. Амбулатори, сургалтын хэсэг/лекцийн танхим, хурлын өрөө, номын сан/, хэвтэн эмчлүүлэх/зургаан тасгийн нийт 104 ортой/ гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байна.
 

"Барилгын дотоод тохижилт дуусаж, тоног төхөөрөмж суурилуулах ажил үргэлжилж байгаа. Гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар ажиллаж байна. Төсөл анхны төлөвлөж байсан хугацаанаас хоцорсон нь цаг агаарын нөхцөл байдал болон хөрш орнуудаас барилгын материал татах ажил саатсантай холбоотой.

Эмнэлгийн барилгад хэвтэн эмчлүүлэгчийн орноос авхуулаад бүх төрлийн эмчилгээний аппаратууд гээд 270 гаруй төрлийн эд хогшил, тоног төхөөрөмж суурилуулна. Тоног төхөөрөмжийг суурилуулах ажил хоёрдугаар сараас эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 8-н гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа" хэмээн барилгын ажлыг гүйцэтгэгч "Azusa sekkei" компанийн төлөөлөгч Миёоши Оно танилцууллаа.

"Сургалтын эмнэлэг АШУҮИС-ийн ур чадварт ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна"
 

"ЖАЙКА"-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико тус байгууллагаас Монголд хэрэгжүүлж буй төслүүдийг гурван үндсэн чиглэлд хуваан танилцуулаад үргэлжлүүлэн Сургалтын эмнэлгийн хэрэгцээ шаардлагын талаар мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "Монголын эмнэлгийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд Улаанбаатар хотод Монголын анхны сургалтын эмнэлгийг барьж байгуулснаар төгсөлтийн дараах сургалтын чанарыг дээшлүүлэх, тэргүүлэх дээд зэргийн 3-р шатлал болон хотын 2-р шатлалын эмнэлгийн үйлчилгээг чанаржуулахад оршиж байгаа юм.

АШУИС-ийг төгсөгчид, Сургалтын эмнэлэгт дадлагажих нь тэдний ур чадварт ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Энд бэлтгэгдсэн боловсон хүчин Улаанбаатар хот төдийгүй орон нутагт ажиллаж, эрүүл мэндийн салбарын хөгжилд томоохон түлхэц үзүүлэх болов уу" хэмээн ярилаа.

Улаанбаатар хотод Монголын хүн амын тал хувь нь төвлөрч байгаа ба хотын захын дүүрэгт бага орлоготой өрхийн тоо их, мөн дүүргийн эмнэлгүүд хангалттай хөгжөөгүй. Тиймээс хөнгөн хэлбэрийн гэмтэл, өвчний үед ч хүмүүс 3-р шатлалын эмнэлэгт үзүүлж, тэнд өвчтөн төвлөрдөг билээ.

"Японд эмчлүүлж буй мэт чанар, сэтгэл ханамжийг Сургалтын эмнэлэгт эмчлүүлэгч авах ёстой"
 

АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон "Өнгөрсөн долоо хоногт БСШУСЯ-ны техникийн комисс өнгөрсөн долоо хоногт эмнэлгийн барилгад ажиллаж, санал нэгтэйгээр улсын комисст өгөхийг дэмжсэн. Өнөөдрөөс улсын комисс эмнэлэг дээр ажиллаж эхэлнэ.

Улсын комисс эмнэлгийн барилгыг хүлээгээд авчихвал дөрөвдүгээр сарын 1-нд "Япон-Монгол Сургалтын эмнэлэг"-ийн албан ёсны нээлтийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ингээд бид дараагийн төсөл буюу хүний нөөцийг чадавхжуулах, менежментийг төгөлдөршүүлэх төслийг эрчимжүүлэх юм.

Япон менежментийг суулгаж, Японд эмчлүүлж буй мэт чанар, сэтгэл ханамжийг Сургалтын эмнэлэгт эмчлүүлэгч авах ёстой бөгөөд бидний зүгээс Улаанбаатар төдийгүй улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллыг хуваалцах, Монголд эмчлэгддэггүй 26 өвчний тоог бууруулах, эх орондоо оношилж эмчилдэг болох томоохон зорилгыг тавин ажиллана. Зэрэгцээд сургалт, судалгааны ажлууд тасралтгүй явагдана.

Зургаадугаар сарын 17-н хүртэл туршилтын журмаар ажиллаад Сургалтын эмнэлэг өвчтөн хүлээж авч эхэлнэ" хэмээн тайлбарлалаа.

Өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, Монголд оношлогдож, эмчлэгдэх боломжгүй байгаа өвчнүүдийн  тоог бууруулах том зорилготой Сургалтын эмнэлэгт Япон менежментийг нутагшуулах төслийн багт Токушимагийн их сургууль, Эхимэгийн их сургууль, KRC/Koei Research & Consulting Inc/ зөвлөх үйлчилгээний компанийн төлөөлөл багтжээ.

"Сургалтын эмнэлэгт Япондоо шинээр нэвтэрч буй дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглана"
 

Сургалтын эмнэлгийн менежмент тусламж үйлчилгээг хөгжүүлэн, төгөлдөржүүлэх төслийн дэд удирдагч Або Хироши "Манай төслийн гол зорилго бол Монголд өндөр түвшний үйлчилгээ үзүүлдэг анхны сургалтын эмнэлгийг байгуулах юм.

Япон маягийн менежмент гэдгийг тодруулж тайлбарлавал,

  • Эмнэлгийн менежмент нь зохистой байх,
  • Өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх,
  • Шинэ дэвшилтэт эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх,
  • Өндөр түвшний яаралтай тусламжийн бүтэц, зохион байгуулалтыг бүрдүүлэх гэсэн дөрвөн гол үр дүнд хүрэхийг зорин ажиллаж байгаа.

Сургалтын эмнэлэг гурван онцлогтой. Нэгдүгээрт, Монголын хамгийн анхны сургалтын эмнэлэг болохынхоо хувьд “эмнэлгүй”, “боловсрол”, “судалгаа” гэсэн гурван үүрэг гүйцэтгэх учиртай.

Хоёрдугаарт, 3-р шатлалын эмнэлэг болохынхоо хувьд өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг эмнэлэг байх юм. Сургалтын эмнэлэг нь өнөөгийн Монголд эмчлэгдэх боломжгүйд тооцогддог 26 өвчнийг эмчлэх /зүрх, судасны өвчин эмгэг, тархины өвчин эмгэг, хавдар зэрэг/ боломжтой болох юм.

Гуравдугаарт, Япон маягийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлж, MRI, СТ, ангиограф гэсэн шинэ дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжийг ашиглана. Тоног төхөөрөмжүүдийн хувьд Япондоо шинээр нэвтэрч буй дэвшилтэт тоног төхөөрөмж гэдгийг онцолж хэлмээр байна" гэлээ.

"Япон-Монгол Сургалтын эмнэлэг"-ээр хэн үйлчлүүлэх боломжтой вэ?
 

Сургалтын эмнэлэг БЗД-ийн зарим хороодын иргэдэд нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг болон улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн үзүүлнэ.

Ингэхдээ иргэдэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх ч зарим үйлчилгээ болох өндөр өртөгтэй тоног төхөөрөмжөөр оношилгоо, эмчилгээ хийлгэх зарим тохиолдолд төлбөртэй байх юм байна. Төлбөрт үйлчилгээнүүдийн хувьд байж болох хамгийн хямдаар хүргэнэ гэдгийг АШУҮИС-ийн удирдлагууд хэлж байлаа.

Сургалтын эмнэлэг нийтдээ 1,042 төрлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр зорьж байгаа ажээ.

ФОТО