БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн төслийн арилжааны гэрээг шинэчлэн байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хангарди ордонд боллоо.
Гэрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Синохайдро Корпорейшн Лимитед” компанийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын захирал Жианг Гуо нар гарын үсэг зурж, баталгаажуулав.
ШУУД ҮЗЭХ:
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Баянзүрх дүүргийн Налайхын зам бол нийслэлийн хөгжил дэвшил, иргэд, оршин суугчдын аюулгүй зорчихтой холбоотой чухал дэд бүтцийн нэг.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг зүүн бүс, зүүн аймгууд, Замын-Үүд, Чойртой холбосон ачаа болон хүн тээвэр, цаашлаад эдийн засгийн ач холбогдолтой бараа эргэлтийг нэмэгдүүлэх гээд асар өндөр ач холбогдолтой зам.
Нийслэлчүүд өвөл, зунгүй Горхи, Тэрэлж, Цонжинболдогийн аялал жуулчлалын газруудаар явдаг. Монгол Улсад жилдээ ирдэг 600,000-700,000 гадаад дотоодын зочид бүгд энэ замаар зорчдог. Аюулгүй байдал асар хүнд нөхцөлд байна. Иймээс Налайхын замыг яаралтай шинэчлэх ажлыг зохион байгуулах ажил анхаарлын төвд байсаар ирсэн.
Засгийн газар нийслэлээс шаардлагатай арга хэмжээг авч, замын ажлын гүйцэтгэгч "Синохайдро Корпорэйшн Лимитэд" компанитай зам засварын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлж, 2019 ондоо багтааж бүрэн ашиглалтад оруулах гэрээг өнөөдөр үзэглэж байна.
Замын ажилд орон нутгийн иргэд, ажилчид туслан гүйцэтгэгчээр оролцох боломжтой. Ингэснээр иргэдийг орлоготой, ажилтай болгох юм.
Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, өндөр зэрэглэлийн бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай байна.
Зурагт нь өөрчлөлт оруулж явган хүний болон дугуйн зам хийхээр шинэчилж бэлэн болсон учир ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх боломж бүрдлээ. Энэ жилийн сүүл гэхэд Налайхын зам ашиглалтад орсноор хотын ирээдүйн хөгжлийн суурь тавигдаж байгаа гэж ойлгож болно" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!