Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Сэтгүүлчдийн асуултад хариулсан Ц.Элбэгдоржийг хариултыг багцлан хүргэж байна.
Би Х.Баттулгатай өрөөндөө уулзахдаа “Чи хулгай битгий хий. Битгий хулгай зохион байгуулаад бай. Ажлаа хий. Хятадын сайдтай төмөр зам байгуулна гэж гэрээ байгуулсан. Наадахаа боль” гэж хэлсэн. Ерөнхий сайд асан С.Баяр над дээр гүйж орж ирж байсан. “Танай энэ Х.Баттулга чинь нарийн төмөр зам тавина гээд Хятадын сайдтай гэрээ байгуулсан байна. Үүнийг зогсоохгүй бол аюул боллоо” гэсэн.
Тэгээд сайд нь Бээжинд буухад тэнд байгаа манай Элчин сайд “Энэ гэрээг зогсоосон шүү” гэж хэлсэн. Ийм этгээдүүд сошиалыг худалдаж аваад хэдэн мянгаар хүн ажиллуулж, Элбэгдорж хулгайч гэж бичүүлж байна.
Ц.Элбэгдоржийг хулгайч болж харагдуулах нь Х.Баттулгыг хулгайч биш гэж харагдуулахаас хэцүү байгаа. Тийм учраас маш их мөнгө зарж байгаа.
Х.Баттулга 90-ээд оны үед спирт зардаг байсан. Одоо хамгийн ашигтай алтны хойноос явж байгаа. Би тэгж үнэрлэж байна.
Хувь хүний хувьд бид хоёр найз. Би бүр миний амин найз ч гэж байсан. Х.Баттулга надаас холдож эхэлснээсээ хойш маш их алдаж эхэлсэн гэж боддог. Төмөр замын Орост байгаа хувийг аваад ирвэл би дэмжинэ. Үнэхээр л Путинтэй найз юм бол.
Х.Баттулга МоАН-ыг булшилсан. Би МоАН-ын хүндэт дарга. Насан туршдаа ийм байна.
Х.Баттулга Монголын Ерөнхийлөгч байгаа нь зөв. Ямар хүн Ерөнхийлөгч байх ёстой, ямар хүн байх ёсгүйг хамгийн сайн ойлгуулж чадах хүн Х.Баттулга. Хэн Ерөнхийлөгч байж болохгүй вэ гэдгийг сайн ойлгоё гэвэл Х.Баттулгаа дахиад нэг сонгочих.
Х.Баттулга дагаж дуурайдаг засаглалаа Монголын төрд оруулж ирэх гэж байна. Монгол парламентын засаглалтай байх ёстой.
Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хуулиар багасгаж өгөх хэрэгтэй. Хууль санаачлах эрхийг хязгаарлаж болно. Нийгэм эдийн засаг, өр зээл тэглэх бол Засгийн газрын асуудал. Ерөнхийлөгчийн орж болохгүй хил хязгаарын нарийн тогтоож өгөх хэрэгтэй.
Таван толгой дээр ийм баримт гээд надад үзүүлэх хэрэгтэй. Таван толгой дээр Ерөнхийлөгч 178 хуудас материал өглөө гэсэн. Тэр материалаа одоо ил болго. Х.Баттулга аа тэрийгээ ил болго. Надад нуугаад байх юм байхгүй.
Х.Баттулга архаг хулгайчийн зан гаргаж байна. Тавантолгой, төмөр замтай холбоотой юмаа надад үүрүүлье гэж байгаа.
Нүүрсийг авдаг хүн байвал өгч л байх хэрэгтэй. Би эд нарыг үнэрээр нь юу хийж байгааг мэднэ.
Би нэг ч сонин, сайт, сэтгүүлчийг шүүхэд өгч үзээгүй. Гэхдээ Н.Алтанхуягийг шүүхэд өгчихвөл яасан юм гэж бодсон. Ерөнхий сайд байсан хүн үнэхээр овилгогүй. Миний өмнөөс явах хүн байвал миний өмнөөс яваад нэхэмжилсэн мөнгөний 10 хувийг аваг. Үлдсэн 90 хувиар нь залуусын боловсролд анхааръя.
Н.Алтанхуяг шиг Ерөнхий сайд байхдаа мөнгөтэй байсан хүн байхгүй.
Т.Ганболд гэдэг нөхрийг Х.Баттулга нэг юман дээр нь дарчихсан. Эсвэл Х.Баттулга руу өөрөө гүйж очиж Элбэгдоржийг алаад өгье гэсэн байх.
МАК, MCS сонгуульд хандив өгсөн үгүй та нар шалгаарай. Би Т.Ганболдын зочид буудалж орж үзээгүй. Зөвхөн тэр зочид буудлын саунд ордог байсан.
Ерөнхийлөгч болсны дараа Т.Ганболд гэдэг хүн уулзая, машин бэлэглэе гэж байна гэсэн. Түлхүүр, машиныг бүгдийг нь авчих, тэгээд ордны гадаа аваад ир гэсэн. Тэр яриа Т.Ганболдын чихэнд хүрээд чимээгүй болсон.
Дараа нь “ХҮНам гэдгийг би барьж байна. Та одоо буух гэж байна. Энэ намыг танд өгөх гэж байна” гэж гүйсэн. Ганболд тийм л хүн.
АСЕМ-тай холбоотой надад наах хэрэг олдохгүй болохоор Х.Баттулга өөрийнхөө хийсэн бүх юмыг надад наах гэж байна.
Хэрэгт архагшсан, хэрэг зохиогдог хүний зан.
Монголын хэн ч бай ямар ч Ерөнхийлөгч байсан 100 жилдээ дахиж АСЕМ хийж чадахгүй. АСЕМ зохион байгуулахад Монголын төсвөөс 22 тэрбум төгрөг л зарцуулсан.
Одоо Эрдэнэтийн 49 хувийн асуудал яригдаж байгаа. Нэг мэдэхэд Х.Баттулга Эрдэнэтийн 49 хувийн эзэн болчихсон сууж байх вий.
Эрдэнэтийн асуудлаар УИХ нээлттэй сонсгол хийх ёстой гэж хэлж байсан. Би тухайн үед Эрдэнэбилэгт чи одоо ярилцлага өг гэж хэлж байсан. Эрдэнэтийн асуудал дээр би ямар ч хувь аваагүй.
Эрдэнэтийн 49 хувийг гадагш зарвал хулгай болно. Харин үүний оронд 1/3 нь төрд, 1/3 нь хувийн хэвшилд, 1/3 нь нээлттэй хувьцаа болгоё гэж би хэлж байсан.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тухайд Монгол өөрийн гэсэн онцлогтой. ШХАБ-д бид ажиглагч гэдэг байр сууринаасаа цааш алхах ямар ч шаардлагагүй. Гар барина, бугуй барина. Тэгээд чамайг тэвэрнэ. Чи тэр тэврэлтээс хэзээ ч гарч чадахгүй. Монгол нэг орчихвол хэзээ ч гарч чадахгүй. Хавханд орсон чоно шиг болно. Нөгөө хоёр хөрш нь хоёр талд суусан анчин шиг байна. Хавханд орсон чоноо алдаг ч үгүй, хавхаа авдаг ч үгүй.
Х.Баттулга ШХАБ-ыг ломбард гэж хараад байгаа.
Би хулгай хийчихсэн, улс төрийн намуудыг бүгдийг нь контролддог учраас дуугүй яваад байгаа юм биш. Дугарахаар хэрүүл болдог. Хэрүүл их цаг авдаг болохоор дуугүй явсан. Нөгөө талаас өөрийгөө өмөөрсөн юм шиг харагдах вий гэж бодсон.
Гадаадынхныгаа хөөгөөд гаргачихсан. Одоо Монголынх руугаа дайрч эхэлж байна. 30 гэр бүл гээд.
Хонгил гэж яриад байдаг. Тийм юм байхгүй.
Нэг намын гишүүн гээд үргэлж тэврэлдээд явахгүй шүү дээ. Н.Алтанхуяг “Би танд насаараа баярлаж явна” гэж хэлж байсан. Би тэр үед нь чи надад гомдох юм олон гарна даа гэж хэлж байсан.
Би Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаандаа 101 ажил хийсэн. 38 хууль санаачилсан байдаг.
Б.Хурц хийж байгаа ажилдаа эзэн болдог хүн. Нүүрээ нуусан хүмүүсийн булхайг мэддэг.
Би хамгийн зохимжгүй тэмцэгч Л.Болд гэж боддог. Би бол цагийн салхи яаж ч эргэсэн өөрийнхөө үзэл бодол дээр тууштай зогсож чадна.
Би хуулийн дагуу хурааж цуглуулсан юмтай. Монголын төсвөөс хулгайлсан нэг ч юм байхгүй.
Юм цуглуулна гэдэг баян, мөнгөтэй хүний ажил биш. Миний цуглуулгад сонины хайчилбар ч бий. Надад зургаа хандивладаг хүн ч бий. Би 20-иод жилийн өмнө 100 зураг, 100 зураач гэсэн үзэсгэлэн хийж л байсан. Би уран зурагт сэтгэл зүрхнээсээ хайртай. Шалгах юм байвал ороод шалгаарай. Төсвийн мөнгөөр худалдаж авсан, архиваас хулгайлж авсан нэг ч зураг байхгүй.
Би энэ төрд, энэ улсад чаддаг юмаараа тус болъё гэж байгаа юм. Би Монголдоо тус болоод явж байхад заавал намын гишүүнчлэлээ сэргээгээд байх шаардлагагүй. Гэхдээ дуугарах, юм ярих шаардлага гараад байна. Үнэхээр эргүүлж татаад байвал яах юм байгаа юм. Сонгууль бол надаас хол зүйл.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ярилцлагыг бүрэн эхээр эндээс үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!