Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхээр болжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулахдаа  "Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх саналаа хятадын талд дипломат шугамаар тавьж, урьдчилсан байдлаар зөвшөөрсөн хариу аваад байгаа" гэв.

Монгол Улсын гадаад харилцаа улам өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдгээр улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигджээ. Энэ хүрээнд БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, аялал жуулчлалын төв болсон, 700 орчим монгол оюутнууд суралцдаг Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.

Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг шинээр нээснээр тус хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятадын болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж нээгдэнэ.

Шанхай хот дахь Ерөнхий консулын газрыг гурван орон тоотой байхаар төлөвлөж, тус газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зардлыг 2019 оны төсөвт суулгаж, батлуулсан аж.

Гишүүдээс санал гараагүй бөгөөд Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж 82.7 хувийн саналаар баталжээ

 

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс