Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

#10yearschallenge ба Монголын хамгийн муу ХОЁР ҮЗҮҮЛЭЛТ

О.Булган, iKon.mn
2019 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Он гарснаас хойш олон нийтийн сүлжээгээр "#10yearschallenge" буюу сүүлийн арван жилийн хугацаанд өөрийн амьдралдаа хэрхэн өөрчлөлт оруулсан талаарх постууд ихээр нийтлэгдэх болсон. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан сүүлийн 10  жилийн дотор манай улсын иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж буй, магадгүй хамгийн хурдтайгаар өссөн байхыг үгүйсгэхгүй хоёр үзүүлэлтийг хүргэж байна.

График 1. Олон улсын банк санхүү, валютын мэдээллийг нэгтгэн харуулдаг TradingEconomics.com сайтын эх сурвалжаар 2010-2018 оны хооронд ам.долларын ханш төгрөгийн эсрэг хэдэн төгрөгөөр чангарч, нэмэгдсэнийг харуулж байна.

График 2. Дэлхийн Банкнаас 2010 оноос 2016 оны хооронд Улаанбаатар хотын агаарын бохирдлын PM 2.5 тоос тоосонцрын хэмжээ жилийн дунджаар нэг куб метрт хэдэн микрограмм оногдож байгааг харуулж байна.

 График 1-т, 2010 оноос хойш ам.долларын ханш төгрөгийн эсрэг хэрхэн чангарч, нэмэгдсэнийг харуулж байна.

Тухайлбал, долларын ханш 2018 он гарснаар ойрын жилүүдэд байгаагүй өндөр цэгтээ хүрээд байгаа бол 2010 онд нэг ам.долларыг ойролцоогоор 1,500 төгрөгтэй тэнцэж байжээ.

Төв банкнаас зарладаг төгрөг ам.долларын эсрэг харьцах албан ханш өнгөрсөн долоо хоногт /2019.01.14/-ний өдөр 2,666.36 төгрөгтэй тэнцэж ойрын жилүүдэд байгаагүй дээд ханшийг тогтоогоод байгаа юм.

Хэдийгээр өнгөрсөн 2018 онд төв банк валютын албан нөөцөө нэмэгдүүлж 3.4 тэрбум долларт хүргэсэн, нийт 22 тонн алт худалдан авсан, түүхий эдийн үнэ өсөж, экспортын орлого нэмэгдэж төсөв сүүлийн зургаан жилд анх удаа эерэг гарсан ч төгрөг ийнхүү долларын эсрэг эрчимтэй суларсаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. 

2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын инфляц 9.7 хувьтай байгаа. Үүнээс үзвэл эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа ч бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн дорвитой бодлогогүйгээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, ядуурал улам бүр нэмэгдэх нөхцөлийг даамжруулсаар байгааг дурдах нь зүйтэй.

График 2-т, Улаанбаатар хотын агаарын бохирдол 2011 оноос эрчимтэй нэмэгдэж эхэлснийг Дэлхийн Банкнаас хийсэн судалгаа харуулж байгаа юм.

Тухайн үед агаарын бохирдлын PM 2.5 тоос тоосонцрын хэмжээ жилийн дунджаар нэг куб метрт 20.3 микрограмм оногдож байсан бол зургаан жилийн дараа буюу 2016 он гэхэд энэ тоо 29.6 микрограммд хүрсэн нь агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хэмжээгээр нэмэгдсэн байгааг илтгэж байна.

Тэгвэл агаарын бохирдлоос хамааран хүний нас дэлхий дахинд дунджаар 1.8 жилээр хорогдож байгааг сүүлд гарсан нэгэн судалгаа батласан юм. Ингэснээр агаарын бохирдол нь тамхидалт, ДОХ, дайн байлдаан зэрэг үзэгдлүүдээс илүү аюултай гамшиг болоод байгаа юм.

Үүнтэй холбогдуулан өнгөрөгч арваннэгдүгээр сард олон улсын эрдэмтэд Air Quality Life Index /AQLI/ хэмээх шинэ хэмжигдэхүүнт индексийг гаргаж танилцуулсан юм.

Энэхүү тайланд хамгийн сүүлийн байдлаар буюу 2016 онд Улаанбаатар хотын оршин суугчдын нас агаарын бохирдлоос шалтгаалан 0.73 жилээр буюу ойролцоогоор 9 сараар хорогдож байгааг доорх хүснэгтэд харуулсан байна.

 

Тодруулбал агаарын чанарын стандартыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөсөн хэмжээнд хүргэвэл Улаанбаатарчуудын дундаж наслалт энэ хэмжээгээр өсөх юм. 

Агаарын бохирдлоос үүдэн Улаанбаатар хотын бага насны хүүхдүүд хатгалгаа, томуу, төст өвчнөөр өвчлөх болж, улсын хэмжээнд 2018 онд нялхсын эндэгдэл 1,037 болж өмнөх оноос 28 хүүхдээр нэмэгдсэн бол тав хүртэлх настай хүүхдийн эндэгдэл 66-аар өссөн харамсалтай статистик байна.

Үүнээс харахад эдгээр хоёр график нь манай улсад сүүлийн арав орчим жилийн хугацаанд сөрөг талаараа хамгийн хурдацтайгаар өссөн хоёр үзүүлэлт байж болзошгүй бөгөөд энэ нь манай улсын хүн амын амьдралын нөхцөл байдал, амьжиргааны түвшин, эрүүл мэнд зэрэгт хамгийн ихээр нөлөө үзүүлж буй хүчин зүйлийн тоонд багтаж байна гэж хэлж болох юм.