Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Налайх-Улаанбаатарын хурдны автозамын ажил дөрөвдүгээр сард эхэлж арваннэгдүгээр сард дуусна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Зам, тээврийн хөгжлийн яаманд Налайх-Улаанбаатар чиглэлийн хурдны автозамыг барих ажлын талаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, Сангийн яамны төлөөлөл, Нийслэлийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Засаг даргын орлогч П.Баярхүү тэргүүтэй холбогдох албаны төлөөлөл өнгөрсөн Баасан гарагт хуралджээ. 

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй  “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих” төслийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байгаа аж.  Одоогийн байдлаар замын зураг төсөл, түүнийг дагаж хийгдэх газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дууссан гэж Нийслэл хотын засаг даргын орлогч П.Баярхүү мэдээлжээ. 

Барилгын ажлын гүйцэтгэгчээр таван компани санал ирүүлснээс “Сино Хайдро” ХХК шалгарч, дотоодын 20 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажиллах юм байна. 

Энэ долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар уг чиглэлийн автозамын бэлтгэл байдлын талаар танилцуулга хийхээр төлөвлөж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хэлээд холбогдох байгууллагууд нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатайг онцлов.  

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамыг хоёр жилийн дотор барихаар төлөвлөж байсан бол нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, ажлыг эрчимжүүлснээр энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар тооцжээ. Иймд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд хамтран нарийвчилсан график, төлөвлөгөө гаргаж энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон талаар ЗТХЯ мэдээлжээ.