Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Г.Номин, iKon.mn
2018 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:55 2018/11/06

УИХ-ын чуулганы хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 76 хувиар дэмжлээ.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн тогтоол батлагдаж, ажлаа хүлээлгэж өгөхөөр боллоо.

Б.Батзориг Монгол Улсын нийт иргэдээс, хайрт ээжээсээ уучлалт гуйж байна гэж чуулганы танхимд хэлж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгснөө мэдэгдсэн юм. 

12:10 2018/11/06

У.Хүрэлсүх: Болохгүй бол эцэст нь би өөрөө ОГЦРОХ болно
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит бус хуралдаан болж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: ЖДҮХС-аас гишүүдэд зээл олгосон нь намын эсвэл төрийн даалгавар байв уу. Шатахууны үнэ, долларын ханш өсөөд байна. Засгийн газар юу хийж байна вэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

"Шатахууны үнэ, ам.долларын ханш өсөж байгаа нь шууд биднээс хамаарахгүй. Шатахууны үнийг цаашид тогтвортой барих чиглэлээр Засгийн газар өөрсдөөс шалтгаалах бүх арга хэмжээг авсан. УУХҮ-ийн сайд ч энэ асуудал дээр ажиллаж байгаа. Ер нь бол шатахууны үнийг тогтвортой байлгах цорын ганц гарц бол газрын тос боловсруулах үйлдвэртэй болох.

Нэг зүйлийг би хатуу хэлье. Би үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхгүй. Би тэгж цаасан мөнгө хэвлэж ард иргэдээ хууран, шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй. Харин газрын тос боловсруулах үйлдвэрээ хурдан барих тал дээр ажиллана.

Гишүүд ЖДҮХС-аас зээл авсан явдал бол буруу. Нам болон Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн даалгавар өгөөгүй. Миний зүгээс нэгдүгээрт зээлээ төл, хоёрдугаарт уучлалт гуй гэсэн шаардлага тавьж байгаа. ЖДҮХС-аас мөнгө авсан гишүүдэд ирэх 2020 оны сонгуульд тойрог олдохгүй шүү гэдгийг хэлж байгаа. Зээл авсан үйлдэл нь хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Би тогтоож чадахгүй. 

Энэ өдөр их сонин өдөр. МАХН нэрээ сольж МАН болсон өдөр. Иргэд өнөөдөр шударга ёсыг л хүсэж байгааг би мэдэрч байна. Тиймээс ч удахгүй энэ ёс зүйн хариуцлагыг хүлээлгэх алхмыг хийх болно. Та бүхэн дэмжиж ажиллаарай. Бүр болохгүй бол эцэст нь би өөрөө огцрох болно.

Би ард түмний итгэл найдварын төлөө ажиллана. Зөв юмны төлөө цөмөөрөө хамтарч зүтгэе. Үүн дээр би санал нийлнэ. Шударга ёсны төлөө хамтдаа зүтгэхэд Ерөнхийлөгчтэй ч санал нийлнэ" гэлээ. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Та 64 бүлгээ удирдаад явах итгэл үнэмшилтэй байна уу. Жилийн өмнө та Ерөнхий сайдаар томилогдоод явахдаа манай танхимынхнаас битгий хууль бус юм хүсээрэй гэж байсан. Гэтэл танхим тань, гишүүн чинь хууль бус юм хийчихсэн байна. Ерөнхий сайдаа та Би ганц л зүйлээс айна, Би зөвхөн ард түмнийхээ итгэлийг алдахаас айж байна гээд байх юм. Ард түмэн хэдийнээ танд итгэхээ больчихоод байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Таны хэлж буйтай би санал нэгтэй байна. Гэхдээ энэ зөвхөн манай намын ч биш, АН-ын ч асуудал. Би хийх ёстой зүйлээ хийж, тавих ёстой шаардлагаа тавьж байгаа. Миний хүч хүрэхгүй зүйл гэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шүдгүй арслан шиг байгаа. Ерөнхий сайд ажлаа хийж чаддаг байхын тулд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ард түмэн бухимдаж, Засгийн газар огцордгоороо огцорсоор байх болно.

Бидний тогтолцоо буруу байгаа нь үнэхээр харагдаж байгаа. Тийм учраас иргэдийн өмнө оноо авах зорилготой үйлдэл хийхгүйгээр хамтраад ажиллая.

Удахгүй МАН-ын Бага хурлаа хийнэ. Хурал дээр шинэчлэлийн асуудлаа ярина. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Танай нам доторх зөрчилдөөн будлианаа АН-тай битгий хутгаарай. 2016 оны сонгуулиар АН тавиулдаг дүнгээ тавиулж, шинэчлэлээ эхлүүлж, хийх ёстойгоо хийж байгаа. Харин та намын удирдагчийн хувьд шинэчлэлээ хийж, 65 гишүүнээ бүтэн болгоорой гэв.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав Ерөнхий сайдад хандан "Та танхимынхаа гишүүдэд хууль бус юм битгий хий гэж шаардлага тавиагүй юм биш үү. Тийм учраас өнөөдөр Засгийн газартай хариуцлага тооцох асуудал яригдаж байна. Та нар шүд сугалах зарчмаар нэг нэгнээрээ туг тахидгаа хэзээ болих юм бэ. Та нар зээл авчихаад огцруулах болохоор бүгдээрээ орж ирээд алгаа ташаад сууж байна" хэмээн хэллээ.

12:55 2018/11/06

УИХ-ын чуулганы хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 76 хувиар дэмжлээ.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн тогтоол батлагдаж, ажлаа хүлээлгэж өгөхөөр боллоо.

Б.Батзориг Монгол Улсын нийт иргэдээс, хайрт ээжээсээ уучлалт гуйж байна гэж чуулганы танхимд хэлж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгснөө мэдэгдсэн юм.