Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

ХХААХҮ-ийн сайдыг албан тушаалаас чөлөөлөх тухай чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Засгийн газар, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байна. ЖДҮХС-гаас зээл авсан Засгийн газар, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардан хугацаагүйгээр чуулганыг орхиод байсан АН-ын бүлгийнхэн энэ удаагийн хуралдаанд оролцож байна. 

БОХХАА-н байнгын хорооны хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн юм. 
Ийнхүү чуулганы хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтийг Шадар сайд танилцуулсны дараа гишүүд санал хэлэв.   

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Засгийн газрын гишүүнийг байхгүй үед түр орлон гүйцэтгэгч ажлыг нь хариуцдаг. Кабинетийнх нь сайдын асуудлыг ярьж байхад Ерөнхий сайд нь байхгүй байж болохгүй. Тиймээс Ерөнхий сайдыг оруулж ирэх горимын санал гаргаж байна” гэв. 

Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Бүхэл бүтэн Засгийн газрын асуудлыг ярьж байхад Ерөнхий сайдад өөр ямар чухал ажил байна вэ. Өнөөдрийн Их Хурлын чуулган бол шударга ёсыг тогтоох эхлэл. Тиймээс ард түмэн харж байгаа. Ерөнхий сайд байхгүй байгаа учраас энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй” гэснээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг чуулганы хуралдаанд дуудаж оролцуулж байна.