Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

ЭШЛЭЛ: Дижитал ирээдүйг бидний мэдэхгүй ойлголт биш өрсөлдөх боломж гэж харах хэрэгтэй

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 2
iKon.MN
 

“ICT-Expo-2018” үзэсгэлэнгийн үеэр төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын төлөөлөл хамтран Цахим ирээдүйн талаар хэлэлцэх "Хэрэглэгчийн хүсэл ба Дижитал үйлчилгээ" хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Юнител группээс санаачлан зохион байгуулсан тус хэлэлцүүлгийн Модеротороор Bloomberg Mongolia телевизийн дэд захирал Б.Батманлай, панелистаар УИХ-ын гишүүн Н.Учрал, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, "Сант" сургуулийн захирал З.Энхмөнх нар оролцсон юм.

Хэлэлцүүлгээс панелистуудын ОНЦЛОХ ЭШЛЭЛИЙГ бэлтгэн хүргэж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал

 
  • Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлдэх нэгдсэн стратеги хэрэгтэй. Түүнийг нь төрөөс батлан гаргах шаардлагатай.
  • Хувийнхан түрүүлээд явчихлаа. Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох замаар төрийн дижитал шилжилтийг хийх хэрэгтэй байна. 
  • Юнител групп 4G сүлжээг 340 гаруй суманд хүргэчихсэн байна. Үүнийг төр давхар хийх шаардлагагүй.
    Нэгэнт хийчихсэн ажил дээр нь үндэслэн төр дижитал шилжилтээ хийх хэрэгтэй. 
  • Ямар ч засаг төр солигдсон бай мэргэжлийн холбоо ажлаа хийдэг байх ёстой.
  • Монгол Улс аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалаас хоцроод үлдчихсэн юм байхгүй.
    Ерөөсөө л төрийн нэгдсэн бодлого хэрэгтэй байна. 
  • Монгол Улс мэдээллийн нэгдсэн сангийн тухай хуультай болох ёстой. 
  • Үндэсний дата төв арилжааны шугамаа хаях ёстой.
    Төрийн мэдээллийг хадгалдаг газарт хувийнхан очоод мөнгөө төлөөд мэдээллээ хадгалуулаад байж болохгүй.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ

 
  • Цахим шилжилтийг хийхийн тулд төр ямар түвшинд явж байгаа талаар эрсдэлийн үнэлгээг хийх хэрэгтэй. 
  • Удирдагчдын манлайллаар дамжуулан цахим шилжилтийг хийх боломж бүрдэнэ.
  • Цахим шилжилтийг хийснээр татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж буй 192 мянган төрийн албан хаагчийн тоог 30-40 хувиар бууруулах боломж бүрдэнэ. 
  • Бид өнөөдөр төр иргэндээ цахимаар үйлчлэх асуудлыг яриад сууж байна. Гэтэл цахим шилжилтийг амжилттай хийсэн, хийж байгаа гэж хэлж болохоор орнуудад иргэн өөрөө өөртөө үйлчлэх асуудал яригдаж байгаа. 
  • Төр эсвэл аль нэг хувийн хэвшлээс гадна иргэдээ цахим шилжилтэд бэлдэх шаардлага байгаа. 
  • Өнөөдөр аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг аж үйлдвэрийг технологжуулах гэж ойлгодог төрийн албан хаагчид байна. Үүнтэй адил цахимыг сошиал гэж ойлгодог иргэд ч бас байна.
  • Дижитал шилжилтийг амжилттай хийж чадвал магадгүй түгжрэл 70-85 хувь буурна.

Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат 

 
  • Дижитал шилжилт бол аль нэг бизнесийн байгууллагын дангаараа хийх ажил биш. Төрийнхөн, хувийн хэвшил, хэрэглэгчид гээд тал бүр тодорхой ойлголттой болсноор шилжилтийг хийнэ.
  • Дижитал ирээдүйг бидний мэдэхгүй ойлголт гэдэг утгаар нь биш өрсөлдөж болох боломж гэж харах хэрэгтэй. 
  • Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын өмнө "холбогдсон дэлхий" гэх ойлголт яригдаж байсан. Дэлхийн дунджаар нийт хүн амын 10 хувь өндөр хурдны интернетэд холбогдсон байдаг бол Монгол Улсын 850 мянган өрхийн 27 хувь нь өндөр хурдны интернетэд холбогдсон байна. 
  • Дижитал шилжилтийн үед аюулгүй байдлын асуудал зайлшгүй яригдана. Дижитал орчинд маш том дата мэдээлэл нэг дор цуглана. Тэр мэдээллийг хэрхэн сөргөөр ашиглуулахгүй байх вэ гэдэгт анхаарах нь зайлшгүй.

"Сант" сургуулийн захирал З.Энхмөнх

 
  • Боловсролын салбарт дижитал дэд бүтцийг сайжруулах нь дата мэдээлэл цуглуулах болон багш, эцэг эхийн харилцааг холбоход чухал үүрэгтэй.
  • 2030 он гэхэд бий болох ажлын байруудын 50 хувь нь одоо бий болоогүй бөгөөд мэдээллийн технологийн салбарт олон шинэ ажлын байр бий болно.

Хэлэлцүүлгийн төгсгөлд "Дижитал шилжилт гэдэг зүйл амжилттай болбол ямар дүнд хүрэх талаар бодит үр дүнг харуулах төслийг Юнител групп санхүүжүүлээд төрийн байгууллагатай хамтраад хэрэгжүүлэхэд бэлэн байна" хэмээн Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат мэдэгдсэн юм.