Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сяньбигийн үеийн дурсгалыг анх удаа түүхийн олдворуудаар баталгаажууллаа

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Монголын Үндэсний Музейн судлаачид АНУ, Олон Улсын Түрэг академи, Солонгос, БНХАУ-ын эрдэмтэдтэй хамтарсан археологийн зургаан төслийг 2018 онд амжилттай хэрэгжүүлжээ.Төслийн хүрээнд Увс, Хөвсгөл, Орхон, Төв, Хэнтий аймгийн нутагт орших шинэ чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үе, Хүннү, Сяньби, Түрэгийн үеийн зарим дурсгалуудыг малтан, судалгаа хийжээ. 

Монголын Үндэсний музейн судалгааны баг 2014 оноос эхлэн Орхон аймгийн Жаргалант сумын нутаг, Айрагийн Гозгор хэмээх газарт малтлага явуулж эхэлжээ. Уг дурсгалт газар орших 100 гаруй булшийг бүртгэн баримтжуулж, тэдгээрээс нийт 16 булшийг малтан судалсан байна. Булшнаас олон тооны хөмөгт оршуулга илэрсэн нь БНХАУ-ын ӨМӨЗӨ-ны нутагт малтан судалсан Сяньбичуудын оршуулгуудтай адил төдийгүй булшнаас гарсан эд зүйлсийн хувьд мөн адил байсан нь нотлогджээ. Он цагийн хувьд эдгээр булшнууд нь нийтийн тооллын өмнөх III зууны үед үйлдсэн болох нь батлагдаж байгаа бөгөөд палеоантропологийн судалгаагаар хүний төрхийн хувьд хүннү болон Сяньби нартай холбоотой болох нь тогтоогдсон байна.

Энэхүү судалгаа нь Монголын нутгаас анх удаа Сяньби нарт холбогдох дурсгалыг илрүүлж, эртний түүхийн судалгааг баяжуулах бодит олдвор болжээ. Судалгааны ачаар Монголын эртний Сяньби нарын түүхэнд тодорхойгүй байсан олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой ажээ.

Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар "Хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд Монголын эртний түүхийн судалгаанд шинэ хуудас нээсэн үйл явдал болоод байна. Хамгийн гол судалгааны ажил бол Монголын эртний улсын Сяньбигийн үеийн дурсгалыг Монголын археологийн түүхэнд анх удаа түүхийн олдворуудаар баталгаажууллаа. Сяньбигийн үеийн түүх БНХАУ-ын сурвалж бичгээр илүү баяжсан байдаг, харин эдгээр дурсгалыг олсноор бид цагаан хэрмээс хойших нүүдэлчдийн түүхийг эргэн харж, ахин шинээр бичих боломжийг нээж байна. Мөн Түрэгийн үеийн "Хэрлэн" төслийг хэрэгжүүлсний үр дүнд Түрэгийн үеийн оршуулга, тахилгын үеийн зан үйлийн талаар ховор баримтуудыг олж гаргаж ирлээ. Цаашид бид шинжлэх ухаан түүх археологийн хүрээлэн болон Монгол Улсын Их сургуулийн түүхийн тэнхимтэй хамтарч эдгээр судалгааны ажлын үр дүнг хэвлэмэл бүтээл болгож олон нийтэд түгээх ажлыг хийх болно" гэлээ.

Үүнээс гадна Төв аймгийн Цээл сумын нутаг Шийтэр хэмээх газар байрлах хүннүгийн дурсгалт газар хоёр дахь жилдээ ажиллаж байгаа ба БНХАУ-ын Үндэсний музейн судлаачидтай хамтран гурван булш малтжээ. Эдгээр булшнаас Хүннүгийн үеийн оршуулгын өвөрмөц зан үйлүүдийг нээж илрүүлсэн юм. Зан үйлээс дурдвал дүнзэн хашлагатай, банзан авсанд хүнийхээ толгойг зүүн урагш харуулан оршуулсан, мөн бага насны хүүхдийн хоёр дагуул булшийг илрүүлжээ.

Мөн Түрэгийн тахилын онгон, барилгын туурь хүн чулуу зэрэг археологийн дурсгалуудыг судлах, хадгалж хамгаалах "Хэрлэн" төсөл, АНУ-ын Баруун Кентакигийн Их сургуультай хамтарсан "Баруун Монгол" төслийн хүрээнд Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт төвлөрөн судалгаа хийсэн юм. Судалгааны үр дүнд НТӨ IV-II мянган жилд холбогдох 200 гаруй ширхэг ваар савны хагархай мөн мал амьтны ясны хугархай, таван ширхэг сүх гарсан нь уг нутаг нь чулуун зэвсгийн бууц сууринтай болохыг нотлоод зогсохгүй, Афанасьевын соёлд холбогдох ваар савны төрөл зүйл, хэлбэр хээ чимэглэлийн хувьд хамгийн баялаг хэрэглэгдэхүүнтэй дурсгал болж байгаа ажээ.

Олдворуудыг Монголын Үндэсний музейд хадгалах ба музей өмнө нь Хүннү, Түрэг үеийн танхимтай байсан бол одоо Хүннү, Сяньби, Түрэг гэх танхимуудад салгаж тавихаар болсон байна.

ФОТО: Археологийн олдворууд

Гэрэл зургийг: Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг