Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Болд: Дуучин болоогүй бол эргэлзээгүй архитекторч болох байсан

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой удахгүй хийх гэж байгаа тоглолтынх нь талаар ярилцлаа.

-Таны тоглолтын тухай мэдээллүүд гарч эхэлжээ. Энэ намрын нэгэн том шоу байх бололтой?

-Тав дахь бие даасан тоглолт маань болох гэж байна. Тоглолт хийгээгүй долоон жил болжээ. Сүүлд “BOLD” нэртэй цомгоо гаргаад байсан юм. Бие даасан 12 цомог гаргаад байна даа.

-Тоглоогүй удсан гэхээр үзэгчдэд хүлээлт үүсээд байгаа биз ээ. Ийм үед танд бүр ч догдлол мэдрэгддэг байх. Сэтгэл гоё дэнстэй явна уу?

-Тэгэлгүй яахав. Сонсогчид маань тоглолтоо хийгээч гэж олон удаа хүсэлт ирүүлж байсан. Өөрөө ч гэсэн тоглолтоо хийхийг хүлээж байлаа шүү дээ. Сэтгэл их хөдөлж байна. Гоё юм үзүүлэхийн төлөө л өдөр шөнөгүй бэлтгэж хөгжим, дуу хуураар дүүрэн сууна. 

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар манай B продакшн, Mongol HD телевиз, VOICE шоуны бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм. Бас Т.Мөнх-Оргил ахлагчтай баг амьд хөгжим тоглоно. Басс гитар, төгөлдөр хуур гээд бүх л хөгжмийн зэмсэгтэй тоглоно. Дээрээс нь “Авьяаслаг монголчууд” шоуны бүжгийн баг гээд бүрэлдэхүүний тал дээр өргөн хүрээг хамарч байна.

Хамгийн гол нь маш сайн тоглолт, сайн шоу үзүүлмээр байна. Өөрийнхөө хит дуунаас 40-ийг нь энэ тоглолтдоо дуулна. Тэгэхээр бас 40 дуутай тоглолт гэдэг ховор ш дээ. Бараг байдаггүй. Ганцаараа 40 дуу дуулахад бэлдээд л байна даа. 

- Тэгэхээр энэ 40 дууг сонгох сонголтыг ямархуу үзүүлэлтээр хийв?

- Яг л нөгөө хүмүүсийн сонсох дуртай дуунууд. Хит болсон, хамгийн их хандалттайг нь харж сонголоо. Мөн миний өөрөө дуулах дуртай дуунаас ч сонгосон. Гол нь хүмүүсийн сонсох дуртай дууг бүгдийг шигшиж орууллаа. Нэмээд тоглолтын үеэр хүмүүс сонсъё гэсэн дуугаа нэмж дуулуулах байх гэж бодоод байгаа.

-Таны тоглолт ер нь тэсрэлттэй болдог. Тавин мянган хүн цуглуулаад Төв цэнгэлдэхэд тоглож л байсан. Энэ удаа бүрэлдэхүүн хүчтэй байгаа юм байна. Өөр сэдэж бодсон тоглолтын онцлог зүйл юу байна вэ. 

-Продюсерээр Mongol HD телевизийн Ч.Номин ажиллаж байгаа. Зохион байгуулалтын хувьд ч тэр, хөгжмийн дуугаралтын хувьд ч мэргэжлийн байлгахыг хүсч байна. Гэрэл техник, тоног төхөөрөмжийн өндөр чанартай. Аюулгүй байдлыг ч бодолцсон. Бүх юм нь 100 хувь хангагдсан ийм ажлуудыг хийж байна. Бид 17:00 цагаас үүдээ онгойлгож, 19:00 цагаас тоглолтоо эхэлнэ. Тэр хооронд үзэгчид маань үйлчилгээ, хоол унд, уух ундаа ус гээд бүх зүйлийг бэлдэж, яг л нэг өдрийн баяр наадам шиг байлгахыг зориод байгаа юм.

Ямар ч байсан би энэ тоглолтоороо шоу урлагийг нэг шатанд ахиулсан, урьд нь хийж байгаагүй ийм өргөн хэмжээний тоглолт хийхийн төлөө л зүтгээд байна. 

-”Камертон” хамтлагийнхан ирж дуулна гэлээ. Таны салшгүй нэг хэсэг болсон улсууд. “Камертон” хамтлагийн анх гарч ирж байсан үед та дөрвийн тухай яриа болгон домог шиг л сонсогддог байж билээ.

- Манай гурав ирж оролцоно. “Камертон”-ыхоо дуунуудаас бас ая дуу өргөнө. 1995 он чинь тэгээд өөр байлаа ш дээ. Залуучуудын хэв маяг гээд л. Одоогийнх шиг ийм сошиал ертөнц гэж байсангүй. Мэдээлэл тэр болгон хөгжөөгүй байсан тийм үе л дээ. Гэхдээ бид үргэлж шинийг эрэл хайгуул хийж барууны boy band-ууд яаж хувцаслаж байна, тэдний хөгжмийн дуугаралт ямар байна, хэв маяг юу байж болох уу гээд мэдээллийг аль болох олж авч хийдэг байлаа.

Мэдээж, “Камертон”-ы гол давуу тал өдөр болгон илүү хөдөлмөрлөж, яг энэ урлагийн төлөө хамаг зүйлээ зориулсан учраас одоогийн амжилт байгаа юм. Тэр үед бас олон залуучууд фэнүүд биднийг дэмжиж байсантай ч холбоотой байх.

-Таны 1995, 1996 оноос хойш хорин хэдэн жил урлагт явсны нэг бүтэн тайлан гарч ирэх нь гэж болох юм. 

-Тэгэлгүй яахав.

21 аймгийн үзэгч,  сонсогч нартаа тун удахгүй очноо гэдгээ хэлье.

-Ер нь ингэхэд та бас л тууштай явж байна. “Заа больё” гээд дундаас нь орхисонгүй. Энэ тууштай чанараараа та бусдаас ялгарч харагддаг. Одоо эргээд энэ замналаа харахад ямар бодол төрж байна вэ?

-Урлаг, дуу ч гэлтгүй аливаа юманд их тууштай л хандахыг үргэлж хичээдэг. Тууштай, нэг юмаа барьж аваад явбал заавал нэг амжилт, заавал нэг дэвшил гардаг. Урьдны хийж байсан бүх зүйлээ харахад яг л зөв юм руугаа явж байжээ, зөв зүйлээ хийж байгаа юм байна, улам илүү ахиж байна гэдгээ байнга өөрөө мэдэрч, тэрнээсээ урам авдаг даа. 

-Олон нийт таныг Монгол поп урлагийг хөгжүүлэхэд өөрийн орон зайгаа тогтоосон гэж дүгнэдэг. 

-Миний хувьд мэргэжлийн түвшинд бүх юм байх ёстой гэж боддог. Наанадаж л шинэ цомгийн альбомны зураг авалт, хайрцаг сав, хөгжмийн дуугаралтын чанар ямар байх ёстойв, тэр бүхнийг дэлхийн стандартаар хийхийг хичээдэг юм. Продакшнаа ч бид дэлхийн стандартын хэмжээнд хийлээ. Бүх л юмыг стандарт руу барихыг хичээж байна. Одоо энэ тоглолтоороо ч гэсэн стандарт шоу тоглолт ямар байх ёстойг харуулах гэж бүх талаас нь л бодлоо.

-Монгол поп урсгалыг гаргаж ирсэн. Монголын уламжлалт ямар нэгэн зүйлийг поп хэв маягтай хослуулсан,  түүгээрээ онцгой гэж таны уран бүтээлүүдийг тодорхойлоод байгаа?

-Монголын язгуур урлаг маш баялаг.  Зуу зуун жилийн улбаатай. Үндэсний түүх, өв соёл, хувцас хэрэглэл, фэйшн, бүх зүйлээрээ баялаг ард түмэн, манай монголчууд. Маш гайхалтай. Тийм болохоор үүнийг хойч үедээ өвлүүлж үлдээх, дэлхийд экспортлох хэмжээний бүтээгдэхүүнийг ч хийх бүрэн боломжтой гэж би бол хардаг. Тэр утгаараа монгол поп урсгалыг хөгжүүлэх гээд явж байна. Энэ зөвхөн хөгжим биш. Цогц бүтээл.

Хувцас, фэйшн, монгол дээл, монгол эдлэл хэрэглэл, дэлхийд өөр хаана ч байхгүй энэ зүйлүүдийг залуучууд бид орчин үеийн хөгжим, орчин үеийн урсгал, хэмнэлд зохицолдуулан хэрэглэх нь зөв юмаа гэдэг утгыг харуулахаар монгол поп урсгалыг бий болгоод хөгжүүлж явна. Клип болгонд дандаа бидний өөрсдийн гэсэн, бусдад байхгүй юмаа оруулж, монгол хэрэглэл, аяга, хэт хутга, эмээл ч юмуу морин хуур, энэ болгоныг маш гоё хэлбэрээр, нүд баясгахаар хэмжээнд оруулж байнга л үзэгчдэдээ харуулдаг. Гадныханд бас таниулахыг хичээж явдаг. 

-Тамирчин болохоор хичээллэж, барилдаж яваа хүүхдүүд  Н.Түвшинбаяр аварга шиг олимпийн аварга болох юмсан гэж мөрөөдөж, мөрөөдөлдөө умбан цээжиндээ ялалтын бамбар асааж яваа байх. Харин дуулдаг, авьяаслаг хүүхдүүд бол тан шиг дуучин болохыг л мөрөөдөх биз ээ. Магадгүй, яаж ингэж уйгагүй хөдөлмөрлөх вэ гэдгээ тэд мэдэхгүй байж болох юм. 

-Хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийн ирээдүйд түүгээрээ амьдралаа бүтээж, амжилтыг авчрахыг бодож явах нь сайхан. Хамгийн сайн хийж чадах юмаа, дээрээс нь тууштай зүтгэх юмаа барьж авах хэрэгтэй. Урлагт хэрвээ зүтгэж л байгаа бол, дуучин болъё гэж бодож л байгаа бол, дуугаар хоолоо олж идэж, амьдралаа авч явна гэсэн бодолтой, бас мөрөөдөлтэй яваа бол зайлшгүй бүхнээ зориулах хэрэгтэй л дээ. Манай залуучууд аливаа юманд дандаа тууштай, маш том зорилго тавьж, өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, үргэлж, өөрийгөө хөгжүүлж шинэчилж явах ёстой байх л даа.

Дуулах дуртай залуус зөндөө л байна. Дутагдалтай юм нь зүгээр нэг дуулаад гоё харагдахын төлөө зарим нь яваад байна. Эсвэл хэт хэнэггүй байдлаар энэ урлагийн тавцан руу алхаж орж ирдэг нь эргээд өөрсдөд нь л муугаар нөлөөлдөг. Хэрвээ үнэхээр дуртай, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсвэл зорилгоо том тавьж, тууштай, эцсээ тултал явъя гэсэн шийдвэрээр л урлагийн тавцан руу гарч ирэх хэрэгтэй. Бизнес ч ялгаагүй байдаг. Ямар салбар гэдэгтээ бус, аливаа зүйлд зүрх сэтгэлээ өгч, сонгосон ажил мэргэжилдээ өөрийгөө бүрэн зориулах нь илүү зөв. 

- Урлагт амьдралаа зориулаад явахад ямар ч эрсдэлгүй юм шиг маш их мөрөөдлөөр орж ирээд эхний нэг хоёр цохилтыг үзээд шантарч орхих байдал анзаарагддаг нь үнэн. 

-Одоо ч бас юм их хөгжиж байна. Дуу бичлэгийн том студиуд олон байна. Харин чадалтай продюсер, рекордс зайлшгүй хэрэгтэй. Тэр утгаараа B продакшн энэ ажлыг хийж яваа. Тэгэхээр яг өөрсдөө менежментээ хийж чадахгүй, менежерийн авьяасгүй ийм хүмүүс зөндөө байдаг. Зөвхөн дуулах авьяастай. Дээрээс нь өөрийнхөө өдөр тутмын ажлаа цалгардуулдаг, спонсор, санхүүгийн асуудлыг даах боломжгүй улс бий шүү дээ. Тиймээс манай B продакшн авьяастай залуучуудыг гаргаж ирдэг. Тэдэнд дутагдаад  буй менежмент, маркетинг, санхүүгийн байдлыг дэмжих зорилгоор, бас тэдний замыг зөв чиглэл рүү нь хурдан хугацаанд залах зорилготой яваа юм. Миний өөрийн бодол бол шинэ залуу дуучдаа, шинэ залуу үеэ дэмжих, хүсэл сонирхолтой. Өөрөө тэр замыг нь туулж үзсэн учраас залуучууддаа тусалъя, чадах зүйлээрээ практикаасаа хуваалцъя гэж боддог. Яаж зөв явах вэ гэдэг талаас нь сайн тусалж, дэмжье гэж ажилладаг. 

Би зургаан настайдаа Хөгжим бүжгийн хийл хөгжмийн ангид ороод л багаасаа урлагийн амьдралд өсчихсөн. Гэрийнхэн бүгдээрээ урлагийн улсууд болохоор урлагтай маш ойрхон. Энэ рок попын урлагийн төлөө одоог хүртэл явж байна. Мэдээж, олон бэрхшээл байсан. Дандаа дардан замаар явна гэж байхгүй. Амьдрал болгон өөдөөс бэрхшээл тулгадаг. Энийг л давах арга ухаан, энийг давах хаалга үүдийг л зөв онгойлгож явах хэрэгтэй байх.

-Урлагийн хүнд төлөвшил гэж нэг чухал зүйл байх ёстой шиг анзаарагддаг. Бусдаас өөр байх, ялгарах гээд онцлогууд ч байх ёстой. 

-Дандаа хүний нүдний өмнө ил явдаг. Урлагийг түгээж байгаа хүн гэдэг хүний нүд баясгах, сонор мялаах, урам зориг өгөх, дурсамжуудыг үлдээх, сэтгэл хөөрөл мэдрүүлэх, сэтгэлийг бадраах, гунигийг мартуулах, баярлуулах, хэцүү үед дуу хөгжмөөрөө хамт байх ийм л ажилтай улсууд. Тэгэхээр тэр дуулж байгаа дуу өөрөө дандаа шинэлэг байх хэрэгтэй. Дуучин өөрөө ч өнгө зүстэй, тэгш бие хаатай, зөв биеэ авч явдаг, бусдад үлгэр дуурайлал болох гээд бүх л зүйлээрээ төгс байх ёстой. Яагаад гэвэл дандаа хүний нүдэнд ил явдаг учраас. Тэр утгаараа өдөр болгон өөрийгөө шинэчилж, өөртөө анхаарал тавьж, бас ард түмэндээ гоё дуу хүргэхэд би ч гэсэн өөрөө зөв хүн байх ёстой гэдэг байдлаар байнга хичээж явдаг. Байнга апдэйт хийж явна гэсэн үг л дээ.

- Таны ээжийг дуурийн дуучин Ж.Цэцэгээ гэж хүмүүс мэднэ. Харин аавын тань тухай төдийлөн мэдэхгүй болов уу?

-Манай аав Доржсүрэн гэж хүн байсан. Дэд эрдэмтэн, профессор, архитекторч хүн байлаа. Эрдэнэт хотын анхны ерөнхий архитекторч. Маш олон дурсгалын зүйлс, сүм хийдүүдийг сэргээн босгох ажилд зүтгэж байсан. Гоё зурна. Барилгын чиглэлийн инженер, архитетор ийм хүн байсан. Олон ч бүтээн байгуулалтыг хийсэн дээ. 

-Аавын нөмөр гэдэг ялангуяа эрэгтэй хүүхдэд том орон зай эзэлж байдаг. Аавынхаа эгэл сайхан зан чанараас дурсч яривал?

-Их тийм сэтгэлээрээ. Юмыг шууд хэлчихдэг. Ил хэлээд сэтгэлээ онгойлгочихдог тийм хүн байсан. Ааваасаа сурсан зүйл минь нямбай зан. Юмыг их эмх цэгцтэй байлгадаг. Өөрийнхөө хэрэглэдэг архитекторын үзэг цаас болгоныг маш нямбай, цэвэрхэн хэрэглэдэг байдал нь надад үлдсэн. Хүнд тусархуу. Аав минь өдөр шөнөгүй зургаа зураад л ажиллаад л, явдаг байсан. Сурах юм их байсан даа. Дуучин болоогүй бол эргэлзээгүй архитекторч болох байсан.

-Таны өвөөг Төрийн шагналт, ардын жүжигчин, алдарт морин хуурч Г.Жамъян гэдгийг бүгд мэднэ. Өвөөгөөсөө дээших удмаа судалж үзэж байв уу. Урлагийн авьяас хаанаас нь ундраад байна, танайханд?

-Бүр нэг айхтар тэгж судалж байгаагүй юм байна. Ер нь мэднэ. Гэхдээ нарийн судалж үзээгүй л байна. Манай эмээ чинь бас хийл хөгжимчин. Өвөө эмээ хоёр хоёулаа залуудаа дуурийн хөгжимчин байсан хүмүүс. Цаанаасаа л урлагийн салбарт зүтгэх ёстой байж гэж боддог юм. Өвөөгөөс эхлээд одоог хүртэл би өөрөө ч Монголын урлагийн төлөө явж байгаа гэдэг маань цаанаасаа л ирсэн байх. Ард түмнээ дуу хуураар баясгаж, үргэлж бэлэг барьж явахаар томилогдсон улсууд болов уу. 

-Ярилцсанд баярлалаа. Тун удахгүй болох тоглолтод тань амжилт хүсье.

-Баярлалаа, энэ дашрамд тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй “Хас” банк, “Слава” бренд, “Нийслэл” бренд, “Skytel” компаний хамт олонд талархалаа илэрхийлмээр байна. Мөн 21 аймгийн үзэгч,  сонсогч нартаа тун удахгүй очноо гэдгээ хэлье. Баярлалаа