Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн Сабах сонин баривчлах ажиллагаанд Монголын тагнуулын байгууллага тусалсныг мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол дахь Турк сургуулийн захирал Вейсел Акчайг Улаанбаатар хот дахь гэрээс нь баривчилсан тухай Туркийн томоохон өдөр тутмын сонин Сабах өнөөдөр мэдээлжээ.

Тус мэдээнд “Туркийн Үндэсний Тагнуулын газар (MIT) Фетуллах Гюлений сүлжээнд (FETO) багтдаг сургуулиудын удирдлагыг баривчлах ээлжит ажиллагаагаа 8,000 км-ийн цаана явууллаа. Вейсел Акчай нь Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал бөгөөд өнөөдөр түүнийг Монголын тагнуулын байгууллагын дэмжлэгтэй баривчилжээ” хэмээн мэдээлсэн байна.

Турк улсад 2016 онд төрийн эргэлт хийх оролдлогыг толгойлсон гэгддэг Фетуллах Гюлений хилийн чанадад үүсгэн байгуулсан сургуулиудыг Туркийн засгийн газар FETO (Фетуллахын Террорист Сүлжээ) гэж нэрлэдэг.

Фетуллах Гюлен одоо АНУ-д цагаачлан амьдардаг бөгөөд Туркийн тал өөртөө шилжүүлж өгөхийг Вашингтоноос шаардсаар байгаа юм.

Сүүлийн шинэчлэл:

Сабах сонин вэб сайтдаа нийтэлсэн дээрх мэдээгээ удалгүй устгажээ.