Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Төмөр замчид орлогоо 18.5%-иар өсгөсөн амжилтаар 80 жилийн ойгоо угтаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай эх орны төмөр замын түүхэн хуудас 1938 оноос эхлэн бичигдэж, өнөөдөр төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 80 жил, УБТЗ-ын 69 жилийн ойн баяр тохиож байна.

Баярын арга хэмжээ Төмөр замын ахмад зүтгэлтэн Н.Цэрэнноров агсны хөшөөнд цэцэг өргөснөөр эхэлж, цаашлаад Найрамдлын хөшөөнд цэцэг өргөн, хөдлөх бүрэлдэхүүний баярын жагсаал явж, УБТЗ-ын түүхэн музейг танилцуулсан юм.

Уг арга хэмжээнд Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нар оролцлоо.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Төмөр замын тээрвийн орлого 287.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18.5 хувиар буюу 45 тэрбум төгрөгөөр өссөн бол ачаа тээвэрлэлт 12.2 сая тонн буюу өмнөх оны мөн үеэс 19 хувиар өссөн амжилт гарган ажиллажээ. 

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл "Энэ жил УБТЗ-ын нийт ачаа эргэлт, хөдөлмөрийн бүхий л тоон үзүүлэлт өссөн дүнтэй гарч байгаагаас эхлээд бид маш амжилттай ажиллаж байна. Мөн УИХ, Засгийн газрын түвшинд хэд хэдэн томоохон арга хэмжээн дээр ажиллаж байгаагийн нэг нь 2010 онд УИХ-ын 32 дугаар тогтоолоор анх гарсан  Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод өнгөрсөн хаврын чуулганаар өөрчлөлт орж Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Овоот-Арцсуурь чиглэлийг нэмсэн. Энэ нь техник, эдийн засгийн хөрөнгө оруулагчдийг татаж, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх боломжийг бүрдүүлсэн. Хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ бид бүхэн түүхэн алдрын 80 жилийн ойн баярыг амжилтаар дүүрэн угтаж байна" гэв.

"УБТЗ нийт 12.2 сая тонн ачаа зөөж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар дээгүүр үзүүлэлттэй байна"

Энэ үеэр УБТЗ-ын одоо хийгдэж байгаа ажлын үр дүн болоод цаашдын төлөвлөгөөнийхөө талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа ярьлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Манай төмөр замын тээврийн ажлын тоон болоод чанарын үзүүлэлтүүд амжилттай биелээд явж байна. Энэ оны эхний хагас жилд  гэхэд УБТЗ нийт 12.2 сая тонн ачаа зөөж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар дээгүүр үзүүлэлттэй байна. Төмөр замаар нэвтрүүлэх чадвар манайд 25 сая тонн байдаг. Харин энэ жил 24.5 сая тонн ачаа тээвэрлэнэ гэсэн тооцоололтой байна.

Мөн УБТЗ өөрийн тээх нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх программыг боловсруулаад  ерөнхий хороогоор батлуулаад ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор замын засварын ажил ч эрчимтэй явагдаж байна. Бид хөдлөх бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлж, засварын чанарыг сайжруулах гэх мэтчилэн өргөн арга хэмжээнүүдийг батлуулан амжилттай хэрэгжүүлж байна.

Төрөөс баримтлах бодлогодоо өөрчлөлт оруулж, төмөр замын сүлжээг өргөтгөх шийдвэрүүд гарсан нь УБТЗ-ын сүлжээнээс илүү том хүрээнд төмөр замын байгууламжуудыг барих юм. Үүний дагуу надад мэдэгсэнээр 2019 оноос шинэ замуудын барилгууд эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна" гэж байлаа.

Мөн Баярын арга хэмжээнд оролцож буй УБТЗ-ын ахмад төмөр замчдад хүндэтгэл үзүүлж, 80 жилийн ойн баярын хүндэт тэмдгээр энгэрийг нь мялаасан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тээвэрчин Р. Раш "Өнөөдрийн хувьд би маш сэтгэл өндөр байна. 1938 онд Налайхын нарийн төмөр зам байхад 500 тонн орчим ачаа зөөвөрлөдөг байсан. Тэгтэл одоо 5,000 тонн болж дээшилсэн. Ийм зүтгүүрүүдийн сүрлэг байдлыг хараад үнэхээр биширч байна.

Бидний 80 жилийн ойг төр дэмжиж, төмөр замчид хичээж ингэж утга төгөлдөр тэмдэглэж байгаа нь төмөр замын цаашдын ирээдүйг тодорхойлж, эрчимжүүлэхэд том түлхэц болж байна" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Дашдорж "Би 1953 онд Улаанбаатар Налайхын нарийн төмөр замд 17 настайдаа гармын жижүүрээс эхлэн ажиллаж Монголын төмөр замын хөнжилд 40 жил зүтгэж, 1990 онд тэтгэвэртээ суусан. Ажиллах хугацаандаа сайн, муу олон юм үзэж, 1988 онд МУ-ын хөдөлмөрийн баатар гэх гавьяаг хүртсэн.

Намайг анх төмөр замд хөл тавьж байхад салбарын хөгжил одоогийнхтой харьцуулахын аргагүй өөрчлөгдсөн. Одоо бүр өөрсдөө илчит тэргээ угсарч, вагонуудаа засаж, шинээр хийдэг боллоо. Зөвхөн сэлбэх материалаа хийж чаддаг болчихвол илчит тэргээ бүрэн гүйцэт хийх боломжтой болжээ.

Илчит тэрэг нь манайд 12 байдаг. Хамгийн сүүлд Хоёр-загал гэх илчит тэргийг угсарсан. Мөн төмөр зам хөгжихийн хэрээр манай залгамжлагч үе илүү сайн ажиллаж, арвин амжилт гаргаарай" гэж залуучуудад захилаа.

Мөн маргааш жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Төмөр замчдын наадам болох аж.

Монгол Улсад Төмөр зам үүсэж хөгжсөн түүхээс:

Анх 1938 онд Улаанбаатар - Налайхын хооронд нарийн төмөр зам тавигдаж, түүн дээгүүр уурын галт тэрэг давхиж эхэлжээ. Улаанбаатар - Налайхын төмөр замын гол үүрэг нь нийслэлийн үйлдвэр аж ахуйн газрууд, байгууллага, хүн амыг нүүрсээр хангах явдал байсан юм. Тэр үед Улаанбаатар - Налайхын төмөр замын урт 43 км, нарийн царигийн өргөн нь - 750 мм төмөр зам байжээ.

Мөн Эх оронд аюул нүүрлэсэн жилүүд болох өнгөрсөн зууны 30-аад оны сүүлчээр, тухайлбал 1938 - 1939 онуудад манай улсын дорнод хязгаарт цэргийн зориулалттай төмөр зам баригдсан нь одоогийн Эрээнцав - Баянтүмэнгийн төмөр зам юм. Энэ төмөр зам Халх голын байлдааны үйл ажиллагаанд стратегийн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Эрээнцав - Баянтүмэнгийн салбар замын одоогийн урт нь 268 гаруй км.

Мөн 1946 онд БНМАУ болон ЗСБНХУ -ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай гэрээний дагуу ЗХУ-ын Наушки өртөөнөөс БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хүртэл тавигдах төмөр замын барилгын ажил 1947 онд эхлэв. Гэвч цаг уурын эрс ширүүн нөхцөл, дайны дараах юм юмаар тарчиг үед зөвлөлтийн мэргэжилтэн, ажилчид богино хугацаанд хайгуул зураг төслийн ажлыг гүйцэтгээд ажилдаа орж Төмөр замын барилгын ажил 1947 онд эхлээд хоёр жилийн хугацаанд Наушки - Улаанбаатарын 400 км урт шугамыг барьж дуусгасан байдаг.

Хөдлөх бүрэлдэхүүний парад

Гэрэл зургийг mpa.mn