Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр “Цагдаа” цогцолборт боллоо.
Цагдаа, дотоодын цэргийн нийт 493 алба хаагч хугацааны болон хугацааны өмнө цол шагнагдсаны дотор 132 алба хаагч офицерын бүрэлдэхүүнд шинээр орж цол, мөрдсөө гардан авсан юм. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 82 алба хаагчийг төрийн одон медалиар шагнав.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх эрхэм үүрэг, өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлсэн алба хаагчдынхаа гавьяа зүтгэлийг үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 4 алба хаагчийг “Цэргийн хүндэт медаль”-аар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хүндэт Жуух” бичгээр 1 алба хаагч, “Цагдаагийн алдар” тэмдэгээр 1 алба хаагчийг тус тус шагналаа.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр тус албаны 4, “Хүндэт жуух” бичгээр 14, цагдаагийн “Хурандаа” цолоор 1, “Дэд хурандаа” цолоор 1, “Хошууч” цолоор 15, “Ахлах дэслэгч” цолоор 1, “Дэслэгч” цолоор 11 алба хаагч шагнагдан цол, мөрдөсөө гардан авлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!