Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол тамирчин “Алуурчин уул” гэгдэх К2 ууланд авирахаар явна

Б.Сувд, iKon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МУГТ Б.Гангаамаа Пакистан улсын Спорт авиралтын хаан уул гэгддэг К2 ууланд авиралт хийхээр маргааш Монголоос ниснэ. Ууланд зургаадугаар сарын 18-ны өдрөөс авирч эхлэх бөгөөд нийтдээ хоёр сарын хугацаа зарцуулж, наймдугаар сарын 16-нд ирэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

К2 уул нь Пакистан улсын нутагт, Каракарум нуруунд далайн түвшинөөс дээш 8,611 метр өндөрт оршдог. Эверестийн дараа орж, дэлхийн хоёр дахь ноён оргил гэгддэг. 

Өмнө К2 ууланд дэлхийн 300 гаруй уулчин авиралт хийж оргилд нь хүрсэн  байдаг. Монголоос анх 2013 онд Б.Гангаамаа К2-ыг зорьсон ч цасан нуранга болж зарим уулчид амиа алдаж, түүний багийнхан 7,000 метрийн өндөрт хүрээд авиралтаа зогсоосон юм. Дараа нь уулчин Г.Өсөхбаяр 2017 онд гарсан ч мөн оргилд нь хүрч чадаагүй түүхтэй. Энэ удаагийн авиралт Монгол Улсын тамирчны гурав дахь оролдлого болох юм. 

Энэ уул нь авиралтын 5, 6 замтай түүнээс гурван замаар Оросын уулчид гарч 5б, 6а, 6б гэсэн ангиллыг гаргасан байдаг. Үүнээс Б.Гангаамаа 5б замаар авиралт хийнэ. Энэ зам нь түүний өмнө авирч байсан хийгээд Г.Өсөхбаярын авирсан зам аж.

Гэрэл зургийг mpa.mn

Хамт авирах баг нь нийтдээ 14 уулчинтай. Энэ баг өмнө нь хоёр удаа гарч байсан түүхтэй юм байна. Энэ удаа Монголоос дөрвөн уулчин гарах гэж байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас Б.Гангаамаа эх орноосоо ганцаараа авирах болжээ. Түүний бэлтгэл ажил 2016 онд “Seven summiteer” болсоноосоо хойш хоёр жилийн хугацаанд хийсэн тухайгаа хэллээ. Бэлтгэлийн хувьд Монголд, Кавказд очиж 20 хоног мөн Төвдөд хийсэн байна. Тэрээр маш урт замыг туулсан, олон хүнтэй уулзаж, арвин дэмжлэг туслалцаа орсон гэдгийг хэлсэн юм.

Тэрбээр “Монгол хүн гараагүй учраас дэлхийн уулын түүхэнд Монгол уулчин бичигдэх ёстой” зорилго тавьжээ. Түүний анхны авиралт төсөөлөл төдий, мөн их айдастай байсан бол энэ удаа туршлага байгаа учир миний биеийн болоод сэтгэл зүйн бэлтгэл маш сайн хангагдсан гэв.

Санхүүгийн туслалцаа үзүүлсэн ерөнхий ивээн тэтгэгч Таван богд групп, Хаан банк, Говь ХХК, Улаанбаатар гурил мөн бусад ивээн тэтгэгчид тусалж дэмжсэн байгууллагуудад баярласан тухайгаа хэллээ. Нийт 35 мянган долларын төсөвтэй явж байгаа юм байна. Мөн “Тамирчин хүний их эр зориг, эрсдэл шаардсан томоохон арга хэмжээ учир Монголоос К2 ууланд төрийнхөө далбааг мандуулаасай” гэсэн ерөөлийг хүргүүлж тамирчинд БСШУСЯ, БТСГ-ын зүгээс тодорхой хэмжээний төсөв хөрөнгийг тусалж дэмжиж гаргахаар болжээ.

Монголын Паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо “Монгол хүн ууланд гарна гэдэг маш их тэвчээр, бэлтгэл ажил шаардагддаг, түүний К2 ууланд авирах бэлтгэл хангагдсан, амжилттай авирч оргилд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ. Мөн өмнө нь Эверестийн оргилд гарахад нь БТСГ-аас зохион байгуулах хороог байгуулж, дасгалжуулагч н.Ганболд, эмч н.Бүжинсүрэн, зохион байгуулагч н.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллаж хамтарсан түүхтэй юм байна.

Монголын уулчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Батсүх “Монголын уулчдын К2-ын гурав дахь оролдлого амжилттай болоосой гэж үнэхээр хүсч байна, энэ бол үнэхээр хүнд авиралт Монголоос Б.Гангаамаа, Г.Өсөхбаяр нар л зориглосон” гэлээ.

Гэрэл зургууд
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг