Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-БНАСАУ: 70 гаруй жилийн дайсагналын түүх гэрэл зурагт

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 7
iKon.MN

Энэ сарын 12-нд Дональд Трамп Хойд Солонгосын (албан ёсны нэр нь БНАСАУ) төрийн тэргүүнтэй уулзсан АНУ-ын анхны ерөнхийлөгч (ерөнхийлөгч асан биш) болох гэж байна.

Ингэснээр энэ хоёр орны хооронд 70 гаруй жил үргэлжилсэн зөрчил тэмцлийн түүх өндөрлөх магадлалтай болж байгаа юм. 

Дараах гэрэл зурагнуудаас хоёр орны харилцааны түүхийг харж болно.

 

1945 оны есдүгээр сард АНУ-ын цэрэг Сөүл хотод орж ирж байгаа нь. Япон дайнд бууж өгсний дараа Солонгосын хойгийн хойд хэсэгт Зөвлөлт Холбоот Улс, өмнөд хэсэгт Америкийн Нэгдсэн Улс цэргээ оруулж, өөр өөрийн талын засаг захиргааг бий болгосон юм. 1948 оноос эхлэн хоёр Солонгосын талууд харилцан бие биенээ эзэлж нэгтгэхээр дайсагналцаж эхэлсэн байна.

 

 

1950 оны есдүгээр сард Сөүл хот дахь АНУ-ын консулын газрын оройд далбаагаа хатгаж байгаа Америк цэрэг. Хойд Солонгосын цэргийг Сөүлээс хөөж гаргасны дараах үйл явдал юм. АНУ-ын генерал Дуглас Макартурын командалсан зэвсэгт хүчинтэй НҮБ-ын гишүүн 15 орны цэрэг нэгдэж, Хойд Солонгосын цэргийг Хятадын хил хүртэл ухраасан байна.

 

 

1950 оны аравдугаар сард Хятадын цэрэг Ялу мөрнийг гатлан Хойд Солонгост туслахаар ирж байна. Улмаар коммунистуудын нэгдсэн арми НҮБ-ын цэргийг буцаан ухрааж, 38 дугаар өргөргийн цаана гаргасан юм.

 

 

Хойд Солонгосын анхны удирдагч Ким Ил Сун 1950 оны есдүгээр сард Зөвлөлтийн цэргийн зөвлөхүүдийн хамт. Зөвлөлтийн тал НҮБ-ын цэргийн хүчтэй шууд тулгарахаас зайлсхийж, зөвхөн ар талаас Хойд Солонгосыг дэмжсэн юм.

 

 

1951 оны арваннэгдүгээр сард АНУ, Хойд Солонгосын офицерууд Панмунжомд гал зогсоох хэлэлцээр хийхээр ирцгээж байна. Гэвч энэ хэлэлцээр 1953 он хүртэл сунжирсан юм. Сунжрах болсон гол шалтгаан талууд олзлогдсон хүмүүсээ харилцан солилцох асуудал байжээ. Хойд Солонгосын олзны цэргүүд буцахаас эрс татгалзаж байсан нь үүнд нөлөөлсөн гэнэ.

 

 

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан Дуайт Эйзенхауэр 1952 оны арваннэгдүгээр сард цэргүүдтэй хамт фронт дээр хооллож байна. Тэр өмнөх ерөнхийлөгч Харри Трумэнийг дайныг төгсгөж чадаагүй хэмээн шүүмжилж, өөрөө дуусгахаа амлаж байжээ.

 

 

1953 оны дөрөвдүгээр сард гал зогсоох хэлэлцээрийн үеэр АНУ, Хойд Солонгосын офицерууд хилийн Панмунжом сууринд маргалдаж байгаа нь.

 

 

Генерал Харрисон, генерал Ким Нам Ил нар гурван жил үргэлжилсэн дайны галыг зогсоох гэрээнд 1953 оны долдугаар сард гарын үсэг зурж байна. Өмнөд Солонгосын тал энэ гэрээнд оролцохоос татгалзсан учраас энхийн гэрээ байгуулагдаагүй юм.

 

 

Гал зогсоох гэрээ байгуулагдсаныг АНУ, Хойд Солонгосын цэргүүд тэмдэглэж байна. Үүний үр дүнд 4 км өргөнтэй зэвсэггүй бүс хоёр Солонгосын хооронд бий болсон юм.

 

 

1953 оны арваннэгдүгээр сард АНУ-ын дэд ерөнхийлөгч Ричард Никсон зэвсэггүй бүсэд зочлон өөрийн цэргүүдтэй уулзаж байна. Түүний зорилго нь гал зогсоох гэрээнд оролцохоос татгалзсан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ри Син Мантай уулзаж, дайныг дахин эхлүүлэхгүй байх амлалт авах байв. Өмнөд Солонгос хоёр Солонгосыг зэвсгийн хүчээр нэгтгэх байр суурьтай байсан юм.

 

 

Хойд Солонгосын талд 11 сарын турш олзлогдоод байсан АНУ-ын тагнуулын USS Pueblo хөлгийн багийнхан 1968 оны арванхоёрдугаар сард суллагдаад байгаа нь. Энэ үйл явдал гал зогсоох гэрээ байгуулагдсанаас хойш АНУ-Хойд Солонгосын хооронд үүссэн томоохон зөрчил байв.

 

 

1976 оны наймдугаар сард зэвсэггүй бүсэд мод тайрахаар ирсэн Хойд Солонгосын сүхээр зэвсэглэсэн цэргүүд хоёр Америк офицерийг алсны дараа талуудын хооронд мөргөлдөөн гарчээ. Энэ мөргөлдөөн дунд тухайн үед цэргийн алба хааж байсан, өнөөдрийн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин байсан гэдэг.

 

 

1983 оны арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган зэвсэггүй бүсэд зочилж, Хойд Солонгосын нутаг руу дурандаж байна. “Та бүхэн хүний амийг огт үнэлдэггүй, бүрэн зэвсэглэсэн, тааварлашгүй дайсны өмнө зогсож байна” гэж тэр Америк цэргүүдэд хэлж байжээ.

 

 

АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон хоёр Солонгосын заагладаг “буцах замгүй” гэх гүүрэн дээр 1993 оны долдугаар сард ирээд байгаа нь. “Хэрвээ Хойд Солонгос цөмийн зэвсэг бүтээх, эсвэл хэрэглэх гэж оролдвол өөрийгөө дуусгаж байгаа нь тэр” гэж Клинтон цэргүүддээ хэлж байжээ.

 

 

Хойд Солонгосын удирдагч Ким Ил Сун, АНУ-ын ерөнхийлөгч асан Жим Картертай 1994 оны зургаадугаар сард уулзаж байгаа нь. Тэдний тохиролцооны үр дүнд Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө царцааж, хариуд нь газрын тос, хоёр цөмийн эрчим хүчний станц авах яриа хийгдэж байжээ. Гэвч үүний дараахан Ким Ил Сун нас барсан юм.

 

 

2000 оны аравдугаар сард Хойд Солонгосын маршал Жо Мён Рок Цагаан ордонд Билл Клинтонтой уулзжээ. Талууд харилцан бие биедээ дайсагнахгүй гэсэн санамж бичиг зурж байв.

 

 

2000 оны аравдугаар сард Ким Жон Ил, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Мэдлин Олбрайт нар Пёньянд уулзаж байгаа нь. Тэд Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөрийг зогсоож, Билл Клинтоныг Пёньянд айлчлуулах талаар ярилцсан байна. Гэвч Клинтоны бүрэн эрхийн хугацаа дуусч байсан тул аль нь ч хэрэгжээгүй юм.

 

 

2002 оны хоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш зэвсэггүй бүсэд ирээд байгаа нь. Тэр тухайн үед Хойд Солонгос, Ирак, Ираныг “чөтгөрийн тэнхлэгийн орнууд” гэж зарлаад байв. Буш дараа нь Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлж байгаа гэж үзээд 1994 оны гэрээг цуцалж байжээ.

 

 

2003 оны нэгдүгээр сард АНУ, Өмнөд Солонгосын цэргүүд хамтарсан байлдааны сургуулилалтыг эхлүүлж байгаа нь. Энэ явдлын дараа Хойд Солонгос цөмийн реактораа дахин ажиллуулж эхэлсэн юм.

 

 

2006 оны аравдугаар сард Хойд Солонгос анхны цөмийн туршилтаа хийсний дараа НҮБ дэх АНУ-ын төлөөлөгч Жон Болтон цөмийн туршилтаа зогсоохыг шаардсан тогтоолд санал өгч байна. Тэр одоо Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх болоод байгаа. Саяхан тэр Хойд Солонгост Ливийн загварыг хэрэгжүүлнэ гэж хэлээд Пёньяны дургүйг хүргэж байв.

 

 

2012 оны гуравдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама зэвсэггүй бүсэд ирээд байгаа нь. Түүний засаг захиргаа “стратегийн тэсвэр тэвчээр” гэх нэр томьёог анх гаргаж, зөвхөн тодорхой шаардлага хангасан нөхцөлд Пёньянтай яриа хэлэлцээр хийх хатуу шаардлага тавьж байв. Ким Жон Ун энэ шаардлагыг үл тоон зэвсгээ хөгжүүлж эхэлсэн юм.

 

 

2017 оны долдугаар сард Ким Жон Ун тив алгасах Хвасон-14 баллистик пуужингийн туршилтаа амжилттай болсныг тэмдэглэж байна. Үүний дараа тэр АНУ-ын эх газарт цохилт өгөх чадвартай болсноо зарласан юм.

 

 

2017 оны есдүгээр сард Өмнөд Солонгосын нутагт АНУ пуужингаас хамгаалах THAAD системээ суурилуулав. Энэ ажиллагаа Хятадын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

 

 

2017 оны есдүгээр сарын 19-нд Дональд Трамп НҮБ-ын индрээс АНУ Хойд Солонгосыг бүрэн сүйрүүлэхэд бэлэн гэж зарлажээ. 

 

 

2017 оны арваннэгдүгээр сарын 28-нд Ким Жон Ун тив алгасах Хвасон-15 баллистик пуужингаа туршиж, цөмийн хөтөлбөрөө амжилттай дууссаныг зарлажээ.

 

 

2018 оны нэгдүгээр сарын 1-нд Ким Жон Ун шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ Өмнөд Солонгост болох өвлийн олимпийн наадамд оролцох сонирхлоо илэрхийлэв.

 

 

2018 оны хоёрдугаар сарын 9-нд Пёнчаны Өвлийн олимпийн нээлтэд АНУ, Хойд Солонгосын өндөр албан тушаалтнууд оролцов. Гэвч тэд энэ үеэр уулзалдаагүй юм.

 

 

Пёньянд зочилсон Өмнөд Солонгосын тусгай элч дараа нь Цагаан ордонд Дональд Трамптай уулзсаныхаа дараа АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүнүүд уулзах болсныг анх удаа зарлав. Энэхүү гэнэтийн мэдээг сониноос уншиж буй Өмнөд Солонгосын иргэн.

 

 

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга болсон Майк Помпео Ким Жон Унтай Пёньянд уулзав. Тэр 2000 онд Олбрайт Хойд Солонгост зочилсноос хойш тус улсад айлчилсан АНУ-ын анхны өндөр албаны хүн болсон юм.

 

 

Тавдугаар сарын 25-нд Дональд Трамп уулзалтыг цуцалж байгаагаа зарласны дараа Өмнөд Солонгосчууд эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь. Жон Болтон, Майк Пэнс нарын хатуу үгтэй мэдэгдлүүд Хойд Солонгосыг гэдийхэд хүргэж, Трамп ч хариу эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

 

 

Зургаадугаар сарын 1-нд Дональд Трамп Хойд Солонгосын элчийг Цагаан ордонд хүлээж авсныхаа дараа Ким Жон Унтай уулзах уулзалт анх төлөвлөсөн хугацаандаа болохыг зарласан юм. Одоо тэд энэ сарын 12-нд Сингапурт уулзах эцсийн тов зарлагдаад байна.

 

 

Эх сурвалж: Bloomberg, Reuters