Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: ТӨРИЙН БА ЖИНХЭНЭ ОЛОН НИЙТИЙН КОМПАНИУДЫН ЯЛГАА

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монголчууд Тавантолгойн ордын үнэ цэнээ өсгөхөөр дахин эрчимтэй ярьж буй яг энэ цаг үед хамаг төлөвлөгөөг нурааж мэдэх мэдээллүүд гаднын цахим хуудсуудаар хөвөрч эхлэв.

Худалдааны дайны ирмэгт тулаад байсан хоёр их гүрний харилцаа “АНУ-аас авдаг нүүрснийхээ хэмжээг өсгөх талаар судалж, эрчим хүч, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний худалдан авалтаа нэмэгдүүлнэ” гэсэн БНХАУ-ын амлалтаар зөөлрөх тийш хандаж буйг гаднын эх сурвалжууд онцолж байна. Өнгөрсөн онд л гэхэд Азийн зах зээлд нийлүүлдэг АНУ-ын нүүрсний экспорт хоёр дахин нэмэгджээ.

Энэ бол монголчуудын хувьд таагүй мэдээ. Нөөцөөрөө дэлхийд эхний 10-т эрэмбэлэгдэж, коксжих чанараараа Канад, Австралийн нүүрснээс давууд үнэлэгддэг Тавантолгойн ордоо тойрон маргах зуур ийнхүү дэлхий өөрчлөгдсөөр. Бид байрандаа л...

Өдгөө тус орд газарт гурван компани тусгай зөвшөөрөл эзэмшин, олборлолт явуулж буй. Ордын 96 хувийг эзэмшдэг, “том” тодотголтой “Эрдэнэс Тавантолгой”, үлдсэн дөрвөн хувийг нь хуваан ашигладаг “орон нутгийн” тодотголтой “Тавантолгой”, “Энержи Ресурс” компани энэ хугацаанд хэрхэн ажилласныг доорх харьцуулсан үзүүлэлтээс маш тодорхой харж болно.

 

 


“Эрдэнэс Тавантолгой” ХК

- Нөөц

Таван толгойн нүүрсний уурхайн орд газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт оршдог. Хятад-Монголын хилээс 270 км-ийн зайд, нийт 68,500  га талбайг хамардаг. Таван толгойн ордын хэмжээнд нүүрсний нийлбэр зузаан нь 191 метрт хvрдэг, нийт нүүрсний 16 давхарга нь 74.9 метр зузаантай. Таван толгойн орд нь олон улсын JORC* /Joint Ore Reserves Committee буюу Австралийн хүдрийн нөөцийн хороо/ стандартын 7.4 тэрбум тн нүүрсний нөөцтөй. Үүнээс 5.1 тэрбум тн нь коксжих шинж чанартай нүүрс юм. Тус уурхай одоогийн байдлаар ил аргаар олборлолт явуулж байна.

- Үйл ажиллагаа явуулсан хугацаа

2010 оноос үйл ажиллагаа явуулж, олборлолтоо эхлүүлсэн. Гэвч "Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2011 оны 7 дугаар сарын 26-нд Хятадын төрийн өмчит Чалко компанитай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан (анхны төлбөрөө бүрэн барагдуулсны дараа 5 жилээр гэрээг сунгах ба Зүүн Цанхийн уурхайн олборлолтын 80 хувийг тус компанид борлуулна гэсэн нөхцөлтэйгөөр) урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларыг жилийн 10 хувийн хүүтэй авсан боловч тус урьдчилгаа төлбөрийг дийлэнх хувийг Хүний Хөгжлийн Санд төвлөрүүлэн Монгол Улсын иргэн бүрт халамж хэлбэрээр тараасан байдаг. Энэ өрийг 2017 оны гуравдугаар сарын 31-нд бүрэн барагдуулсан бол Хөгжлийн банкны 200 сая ам.долларын энэ оны эхний улиралд төлжээ.   

- Нүүрсний үнэ

Баруун Цанхийн коксжих нүүрсийг тонныг нт 68.1, эрчим хүчний нүүрснийг тонныг нь 12-16 ам.доллараар борлуулж байна. Зүүн Цанхийн хувьд “Чалко” компанийн гэрээний хүрээнд олон усын 4 индексээр тогтоодог. Уурхайн ам нөхцөлтэйгөөр 60 ам.доллараар худалдаалж байна.

- Орлого

"Эрдэнэс Тавантолгой” ХК 2015 онд 4.1 сая тонн, 2016 онд 7.5 сая тонн нүүрс экспортлосон бол 2017 онд 461.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигт(татварын дараах)-тай ажилласан. Өнгөрсөн онд ийм хэмжээний ашигтай ажилласан нь "Эрдэнэс-Таван толгой” ХК анх удаа Баруун, Зүүн Цанхид зэрэг олборлолт явуулсантай мөн холбоотой. 

- Компанийн үнэлгээ

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь дөрвөн лиценз эзэмшин, 5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй.

- Эзэмшлийн хэлбэр

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай. Үүний гурван тэрбум (20 хувь) нь зарласан хувьцаа буюу олон улсын зах зээлд гаргахаар УИХ-аар батлагдсан байдаг. 65.2 хувь буюу 10 тэрбум ширхэг нь төрийн мэдэлд буюу “Эрдэнэс Монгол” компанид, 14.5  хувь нь 1,072 буюу иргэдийн нэр дээрх хувьцаа бол үлдсэн 7 сая ширхэг хувьцаа нь 468 аж ахуйн нэгжид бүртгэлтэй. 

- Ногдол ашиг

2018 онд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахгүй байхаар ТУЗ шийдсэн байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлсэн байдаг.

- Хувьцааны үнэлгээ

Нэгж хувьцааг 933 төгрөгөөр тооцож, иргэдэд нэг сая төгрөгийн үнэ бүхий 1,072 ширхэг хувьцааг тараасан.


“Тавантолгой” ХК

- Нөөц

“Тавантолгой” ХК-ийн нийт талбай 270 га, нийт коксжих нүүрсний нөөц 70 сая тонн юм. Жилдээ 2.5-6.0 сая тонн нүүрс олборлоход дахиад 13 жил орчим үйл ажиллагаагаа явуулах нөөцтэй гэж таамагладаг.

Тавантолгойн бүлэг орд газрын талбайн ердөө дөрөвхөн хувь Ухаа худаг. Ашигт малтмалыг олборлох боломжтой эсэхээр нь нөөцийг нь хоёр ангилдаг. Ухаа худагийн олборлох боломжтой нөөц нь 200 сая орчим тонн ажээ. Өнгөрсөн онд 13.2 сая тонн нүүрс олборлосны 7.1 саяыг нь экспортод гаргажээ. Компанийхны тооцоолсноор уг ордыг 30 жил ашиглана.

- Үйл ажиллагаа явуулсан хугацаа

“Тавантолгой” компани нь 1966 оноос эхлэн уг ордыг эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулж, говийн аймгуудыг дулааны нүүрсээр хангадаг жижиг хэмжээний уурхай байсан бол 2004 оноос нүүрсээ экспортод гаргах болсон.

 

- Нүүрсний үнэ

Уурхайн амнаас шууд тонн тутмыг нь 66 ам.доллараар худалдаж байна.

 

- Орлого

2017 онд 427.93 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.  

 

- Компанийн үнэлгээ

"Тавантолгой” ХК нь 386 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна.

 

- Эзэмшлийн хэлбэр

1995 он компанийнхаа 49 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд худалдсан. Харин 51 хувийг Өмнөговь аймаг эзэмшдэг.  

- Ногдол ашиг

2017 онд цэвэр ашгийнхаа 90 гаруй хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хүртээсэн. Өөрөөр хэлбэл, нэгж хувьцаанд 2,410 төгрөгийн ногдол ашиг тараасан юм. Компанийн 51 хувийг эзэмшигч Өмнөговь аймаг энэ ашгаас 64.7 тэрбум төгрөг хүртсэн бол анх нээлттэй компани болоход нь хувьцаа авсан ахмад уурхайчин 600 сая төгрөгийн ногдол ашиг авсан байх жишээтэй. Тус компани өдгөө хамгийн их ногдол ашиг тараасан компани болоод буй.

Тус компани сүүлийн 7 жилийн хугацаанд (2011-2017 онд) нийтдээ 302 тэрбум төгрөгийг ногдол ашигт тараажээ.

 

- Хувьцааны үнэлгээ

2009 онд нэгж хувьцааны үнэ 970 төгрөг байсан бол өдгөө 10,000 төгрөг даваад байна. 2011 онд нэгж хувьцаагаа 100 дахин хуваасан байдаг. 

 

 


“Энержи Ресурс” ХХК

- Нөөц

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худаг коксжих нүүрсний ордод 2,962 га талбай бүхий 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ нь Тавантолгойн бүлэг орд газрын талбайн ердөө дөрөвхөн хувьтай тэнцэх юм. Ухаа худагийн ордын нөөц 6.5 тэрбум тонн хэдий ч олборлох боломжтой нөөцийг 200 сая орчим тонн гэж үздэг. Компанийнхны тооцоолсноор Ухаа худагийн ордыг 30 жил ашиглана.

 

- Үйл ажиллагаа явуулсан хугацаа

“Энержи Ресурс” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай Ухаа худагийн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүрсний ил олборлолтын аргыг ашигладаг. Тус уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлсэн.

 

- Нүүрсний үнэ

"Энержи Ресурс" ХХК нь Ухаа худаг цогцолборын хүрээнд Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр (НБҮ)-ийг байгуулсан бөгөөд одоогоор нүүрсийг түүхийгээр бус, баяжуулсан бүтээгдэхүүн болгон экспортолж буй дотоодын цорын ганц компани юм. Баяжуулсан нэг тонн нүүрсийг 130 ам.доллараар экспортолж байна.

 

- Орлого

2017 онд 8.3 сая тонн нүүрс олборлон, 8 сая тонныг нь дотооддоо боловсруулж, нийт 4.4 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн экспортолсон. Үүнээс 3.6 сая тонн нь баяжуулсан коксжих нүүрс, 0.8 сая тонн нь баяжуулсан эрчим хүчний нүүрс байжээ. Өнгөрсөн онд нэг тонн баяжуулсан коксжих нүүрсний үнийг 2016 оныхоос 70 орчим хувиар өсгөснөөр борлуулалтын нийт орлого 476 сая ам.долларт хүрч, 2016 оны санхүүгийн тайлантай харьцуулахад бараг 4 дахин өссөн байна. 2017 оны нийт ашиг 202.6 сая ам.доллар гарсан бол зээлийн бүтцийн шинэчлэлийг амжилттай явуулснаар нийт цэвэр ашгийн хэмжээ 310 сая ам.доллар буюу 760 орчим тэрбум төгрөгт хүрсэн.

 

- Эзэмшлийн хэлбэр

"Энержи Ресурс" ХХК нь 2005 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани бөгөөд Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг. Тус компанийг М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалтаар байгуулсан. 2010 онд "Энержи Ресурс" компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, Монголын үндэсний компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа амжилттай гаргасан. Тодруулбал, 719.4 сая ширхэг хувьцаагаа гаргаж, 650 сая ам.доллар босгож чадсан.

 

- Ногдол ашиг

- Тарааж байгаагүй.

 

- Хувьцааны үнэ

2010 оны 10 сард Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийхэд 8.20 HKD, 2018 оны 06 сарын 1-ний байдлаар 0.15 HKD

 

 

Шийдвэр гаргах ШИЙДВЭРТ хүрсэн нь ...

Эндээс манай “том” Тавантолгой буюу “Эрдэнэс Тавантолгой” ямар чамлалттай ажиллаж ирсэн нь харагдаж буй биз. Уг нь 2017-2018 оны түүхий эдийн зах зээл нүүрсээр баян манай улсад нэн таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Хар алтны үнэ оргил үедээ тулсан 2011-2012 оны нөхцөл яг энэ үед давтагдаж байна. Гэвч энэ өсөлт нь хэр удаан үргэлжлэхийг тодорхойлох аргагүй.

Нүүрсний үнийн өсөлт 2018 оноор дуусгавар болж, 2019 оноос үнэ унаж эхлэхийг анхааруулсан талаар тавдугаар сарын 21, 22-нд Төрийн ордонд болсон Эдийн засгийн форумын үеэр уул уурхайн эдийн засагч Л.Наранбааатар сануулсан. “Олон улсын байгууллагуудын хийсэн судалгаагаар 2019 онд Австралийн зүүн эргийн нүүрсний үнэ 194 орчим ам.доллар хүрээд 150, 145, 125 ам.доллар болж буурна гэсэн төлөвтэй байгаа тул 2018 он нүүрсний зах зээлийн хувьд таатай цонх үе. Үүнээс хойш 2013-2016 онд болсон нүүрсний хямралын үе давтагдаж болзошгүйг шинжээчид хэлж байна” хэмээн тэрбээр дурдсан.  

Үүнтэй давхцаад иргэдийн 1,072 хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг яг энэ цаг үед үнэ цэнэтэй болгож, монголчуудад үр ашгийг нь хүртээх боломжийг ашиглах сорилт манай улсад тулгараад буйг эдийн засагчид ч эрчимтэй ярьж байна. Мэдээж яаж гэдэг нь хамгийн чухал асуудал. Юун түрүүнд 1,072 хувьцааг амь оруулах буюу “Эрдэнэс Тавантолгой” компани IPO хийх. Гэхдээ Засгийн газрын хувьд тус компанийн 30 хувийг Хонконгийн Хөрөнгийн биржээр дамжуулан гаргаж, мөнгө босгох хувилбарыг танилцуулсан бол эдийн засагч Л.Наранбаатар, Ч.Ганхуяг, Б.Баяр нар олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахын тулд дотоодын Хөрөнгийн биржид дор хаяж таван жил гарсан байх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Зарим хувилбарыг дурдъя. Эдийн засагч Л.Наранбаатар Монголын Эдийн засгийн форум дээр өөрийн тооцоо судалгаагаа танилцуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК олборлолтоо нэмэгдүүлж, энэ онд 10 сая, 2023, 2024, 2025 онд 30 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Үндсэндээ 70 орчим хувь нь эрчим хүчний нүүрс, 8-10 хувь нь исэлдсэн нүүрс байх тооцоотой аж. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сайн чанарын түүхий нүүрсээ 60 ам.доллараар зарж буй одоогийн үнэ цаашид чанар муутай нүүрс олборлож эхлэхэд унах эрсдэлтэйг харуулж байгааг тэрбээр онцолсон юм. Тодруулбал, түүхий нүүрсний үнэ 2018 онд 60 ам.доллар байна. 2019 онд 50 гаруй ам.доллар, түүнээс хойш буурч, 40 ам.долларт хүрээд 2023 онд 28 ам.доллар болж, хар алтны ханш шалдаа буух нь.  

Тиймээс эдийн засагч Л.Наранбаатар тус уурхайн эдийн засгийн үр ашиг, ногдол ашгийн тооцоог хийхдээ:

  1. Түүхий нүүрс олборлож автозамаар тээвэрлэж борлуулах
  2. Түүхий нүүрс олборлож төмөр замаар тээвэрлэж борлуулах
  3. Баяжуулсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэж борлуулахад ямар өгөөж хүртэж болох вэ

гэсэн гурван хувилбараар гаргажээ. Ийнхүү тооцоод дараах дүгнэлтийг гаргасан байна.

  1. Цаашид одоогийн менежментээрээ түүхий нүүрсээ зарвал 2018-2028 оны хороонд 257 сая тонн нүүрс олборлоно. Үүнээс 184 сая тонныг зарж чадна. Бусад 77 сая тонн нь эрчим хүчний болон исэлдсэн муу чанарын нүүрс байна. Тиймээс үнэ хүрэхгүй. 184 сая тонныг 28 ам.доллараар зарахад 14 их наяд төгрөг олно. Гэхдээ 11 жилийн эцэст 547.8 тэрбумын алдагдалтай ажиллана. Өөрөөр хэлбэл, нэг тонн борлуулах нүүрснээс 31.9 ам.долларын орлого олж, 0.9 ам.долларын алдагдалд орно гэсэн үг. Энэ 11 жилийн хугацаанд нэгж хувьцаанд 39 мянган төгрөгийн алдагдал хүлээнэ.
  2. Төмөр зам барьсан тохиолдолд 19.3 их наядын орлоготой болж, 3.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг олно. Нэгж хувьцаанд 232.5 төгрөгийн ногдол ашиг хуримтлуулж чадна. Жилд дунджаар 22.6 мянган төгрөгийн ногдол ашиг хүртсэнээр 11 жилийн хугацаанд 249.2 мянган төгрөг болж өсөх боломжтой.
  3. Баяжуулсан нүүрсээ төмөр замаар тээвэрлэсэн тохиолдолд 22.7 их наяд төгрөгийн орлого олж, 5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана. Нэг тонн борлуулсан нүүрснээс 77.6 ам.доллар олж, тонн тутмаас 8.1 ам.долларын цэвэр ашиг хүртэх боломжтой. Нэгж хувьцаанд 335 төгрөгийн ашиг ногдож, 11 жилийн хугацаанд нэгж хувьцаанаас 359.1 мянган төгрөгийн ашиг хүртэх боломжтой. Ингэж чадвал 1,072 ширхэг хувьцаанд ногдох ашиг жилдээ 32.6 мянган төгрөг байх бололцоотой гэж үзжээ.

Тэрбээр Тавантолгойгоос Гашуун сухайт руу тээвэрлэлт хийх зардал 30 ам.доллар байгааг онцлоод төмөр зам барьснаар энэ зардлыг 6.5 ам.доллар болгож бууруулах боломж байгааг хэлсэн юм. “Энэ компанийг хамгийн түрүүнд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх, ингэснээр засаглал стратеги төлөвлөгөө нь сайжирна. Хувьцааны үнэлгээ нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт татна” хэмээн нэмж дурдсан.

Харин Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой"-н 30 хувьд хөрөнгө оруулахдаа гадаад зах зээлд IPO гаргаж, нэг тэрбум ам.доллар босгох замаар төслөө хөдөлгөх боломжтой гэж үзсэн. Энэхүү хувилбараа Засгийн газар Монголын Эдийн засгийн чуулгантай зэрэгцэн УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулсан ч ямар нэгэн дорвитой шийд өнөөдрийг хүртэл гараагүй байна. “Бүлгийн хурал дээр Засгийн газраас “Тавантолгой”  төслийг хөдөлгөх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлийн тооцоо, судалгааг сонсч хэлэлцлээ. Тухайлбал, тээвэрлэлт, төмөр зам, үйлдвэржилт, борлуулалтын талаарх тооцоо, судалгаа бүхий мэдээллийг сонссон. Одоогийн байдлаар Тавантолгойг 100 хувь гэж үзээд үүнийхээ 30 хувьд олон улсын зах зээл дээр IPO гаргая. Ингээд цаашаа төсөл дээр дагалдаж явах дэд бүтэц, үйлдвэр аж ахуйн газрууд гэх мэт олон зүйлийн тооцоо судалгааг үзэж байж шийдвэрээ гаргая гэсэн шийдэлд хүрээд тарлаа” хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлсэн.

Засгийн газрын энэхүү бодлогын талаар эдийн засагч Д.Жаргалсайхан (Дифакто) “Олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах ёстой. Гэхдээ одоогоор үнэлгээ нь тааруухан гарах байх гэж харж байна. Үнэлгээг зах зээл өөрөө гаргадаг. Бид улс төрийн шийдвэрээр үнэлгээ гаргачихаад яг зах зээл дээр гарахаар үнэ дээш, доош хүчтэй савлана. Тэр үед эрсдэл гарах болов уу” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Эдийн засагч Н.Дашзэвэг, Ж.Дэлгэрсайхан нар ч мөн гаднын зах зээлд IPO гаргаж, нээлттэй компани болж, хөрөнгө босгох нь зүйтэй хэмээн үзэж байна.

Тэгвэл Засгийн газрын төлөвлөсөнчлөн “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г амжилттай хийх бодит нөхцөл хэр байгааг тооцоод үзье. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “2018 оны есдүгээр сарын 1-н гэхэд бид дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах бэлтгэл ажлыг хангаад явж байна. Бэлтгэл ажил 50 хувьтай байна” хэмээн news.mn-д өгсөн ярилцлагаараа хэлсэн. Харин олон улсын зах зээлд “Эрдэнэс Тавантолгой”-н хувийг санал болгож гаргах ажлын бэлтгэл 2019 оны нэгдүгээр сар гэхэд хангагдах ёстой гэдгийг мөн дурдсан байсан.  Энэ бол өнөөх олон улсын шинжээчдийн сануулаад байгаа нүүрсний үнэ хэдийнэ унаад эхэлсэн байх үе гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бодит байдлыг харахад нүүрсний үнийн өсөлттэй давхцуулан “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г олон улсад хийж амжихгүй гэдэг нь эндээс илт байна. Харин дотоодын зах зээлд гаргах нь арай амьдралд ойр шийдвэр болж мэдэхийг Б.Ганхуяг захирлын ярилцлага илтгэх аж. Ингэж үзэж байгаа эдийн засаг ч цөөнгүй бий. Тэр дундаа МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр маш тодорхой тайлбаруудыг өгсөн. Тэрбээр “Гадаадын хөрөнгийн биржид хувьцаа гаргахад Монголын талаарх хөрөнгө оруулагчдын итгэлийг бодолцох хэрэгтэй. Өнөөдөр хөрөнгө оруулагчдын төсөөлөл өөрчлөгдсөн үү гэвэл үгүй. 2018 онд бид гадаадын хөрөнгө оруулагчдын ертөнцөд эерэг мессеж өгч чадаагүй. Хөрөнгө оруулагчдыг дагуулж ирсэн Рио Тинто руу дайраад эхэлсэн. Гэрээнд оролцсон хоёр ч Ерөнхий сайдаа бариад, хорьчихсон.

Манай улсад хөрөнгө оруулагчид яаж хандаж байгааг хөрөнгийн зах зээл тодорхой харуулж байна. Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Оюутолгой”-н хувьцааны ханш унасаар байна. Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, анх долоон хонконг долларын нэрлэсэн ханштай байсан MMC-ийн хувьцаа өнөөдөр 16 цент болтлоо унасан. South Gobi Sands мөн л 130 ам.долларын ханштай байсан нь нэг доллар болчихоод байна. Гадаад ертөнцөд бид ийм дүр төрхтэй байж “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийвэл уучлаарай, сонирхох хүн олдохгүй л болов уу” гэсэн юм. Түүний үзэж буйгаар үнэхээр гадаадын хөрөнгийн бирж дээр гаргая гэж байгаа бол шат дараатай, маш их бэлтгэл ажил шаардлагатай төдийгүй хугацаа их орохыг сануулсан.

Тиймээс эхлээд дотооддоо IPO хийх нь илүү оновчтой хэмээн тайлбарласан юм. Учир нь ингэж гэмээнэ нээлттэй компани болж, улс төрөөс ангид, хараат бус гишүүдээр ТУЗ-өө бүрдүүлж, засаглалаа сайжруулахаар хичээж байгаагаа харуулахад тустай. Хоёрт, дотоодын хөрөнгийн зах зээлээ дэмжихэдэд дөхөмтэй аж.  “Засгийн газар дотоодын болон гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлчихнэ гэж тооцож байж болох юм. Гэхдээ давхар бүртгүүлэхэд хөрөнгө оруулагчдад аль таатай нөхцөлтэй бирж рүү нь арилжаа гүйчихдэг. Хонконгийн хөрөнгийн биржтэй манайх одоохондоо аль ч талаараа өрсөлдөж чадахгүй учраас дотоодын санхүүгийн зах зээлээ алж байна л гэсэн үг. Тиймээс эхлээд дотооддоо IPO хийвэл харин ч гаднынхан манайхыг сонирхож орж ирж, валютын урсгал орж ирэх нөхцөл бүрдэнэ гэж харж байна” хэмээн Б.Өлзийбаяр нэмж хэлсэн.

MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн ч “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г олон улсын хөрөнгийн биржид гаргахын өмнө уурхайн хайгуул, геологийн судалгаа, санхүүгийн тайлан зэрэг үйл ажиллагаа нь олон улсын шаардлагад нийцэж, компанийн засаглал зөв байж чадаж байгаа эсэх, гадаадын хөрөнгийн бирж “Эрдэнэс Тавантолгой”-г хүлээн авах боломжтой эсэхэд хариулах шаардлагатайг сануулсан.  

Гаднын хөрөнгийн биржээс их хэмжээний мөнгө босгоно гэж зүтгэсээр 2019 онтой золговол манай улс үнийн өсөлтийн алтан боломжоос хэдийнэ мултарсан байх болно. Энэ үед хэчнээн сайхан амлалт өгч, санал тавиад хөрөнгө оруулагчид нэг нүдээрээ ч тоож харахгүй бол “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэгчийн үлгэр болж мэднэ. Харин үүний оронд “Чамлахаар чанга атга” гээд дотоодын Хөрөнгийн зах зээлдээ түүхий эдийн үнийн өсөлттэй үед нь амжаад IPO хийчихвэл 1,072 хувьцаа маань бага ч гэсэн амь орох найдлага байна. Гэвч 2018 он талдаа орж байхад Засгийн газраас ямар нэгэн ШИЙДВЭР гараагүй л байна. Тэд зөвхөн шийдвэр гаргах шийдвэрт л хүрэв.