Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

11 аймагт нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сарын 24-нд явагдана

Б.Намуунцэцэг, iKon.mn
2018 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос зарим аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Нөхөн сонгуулийг өмнө нь сонгогдсон нэр дэвшигч нь нас барсан, засаг захиргааны шилжилт хөдөлгөөн хийгдсэн, төрийн албанд орсон зэрэг шалтгаанаас нөхөн сонгуулийг хийдэг.

Өмнөх ИТХ-ын сонгуулиар сонгогдсон 22 хүн нас барж, нэг хүн гэмт хэрэгт холбогдож, төрийн албанд 6 хүн шилжин орсоны улмаас 11 аймгийн, 29 сумын сонгуулийн хороо 43 хэсэгт нөхөн болон дахин сонгуулыг хийхээр болсон гэж СЕХ-ны  нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан хэллээ. 

Нөхөн сонгуульд нийт 23,477 иргэн саналаа өгөх юм. Аймаг сумдын нөхөн болон дахин сонгуульд нийт 83 нэр дэвшигч бүртгүүлжээ.

Сумын ИТХ-ын нөхөн сонгууль: 11 аймгийн 24 сумын 29 тойрогт  нийт 57 нэр дэвшигч

  • АН, МАН, МАХН нам, нэг эвслээс 53  хүн нэр дэвшиж, дөрвөн хүн бие дааж өрсөлдөнө. 

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль: 2 аймгийн,  2 тойрогт,  4 нэр дэвшигч

  • Ардчилсан нам  - 2 нэр дэвшигч, МАН- 2 нэр дэвшигч 

Сумын ИТХ-ын дахин сонгууль: 3 сумын 4 тойрогт 22 нэр дэвшигч

  • 3 намаас 21 нэр дэвшигч, нэг бие даан нэр дэвшигч байгаа аж.

Нэр дэвшигчдэд үнэмлэхийг зургаадугаар сарын 2-ны өдөр гардуулж,  сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ гэлээ. 

Нөхөн сонгуулийг дахин авах ажиллагааг цахим системээр хянах ба  ОХУ болон БНСУ-аас ажиглагчид оролцоно. 

Нөхөн болон дахин сонгууль явагдах 11 аймаг:

  1. Баян-Өлгий
  2. Булган
  3. Дундговь
  4. Завхан
  5. Сэлэнгэ
  6. Өмнөговь
  7. Төв
  8. Увс
  9. Ховд
  10. Хөвсгөл
  11. Хэнтий.