Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Математик, статистик загварчлалын улсын уралдаанд “САНТ” сургуулийн баг тэргүүллээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан Математик, статистик загварчлалын улсын анхдугаар уралдааны дүн гарч шилдэг багууд шагналаа гардаж авлаа. Тус уралдааныг Үндэсний Статистикийн Хороо, Монголын Математикийн Багш нарын Академитай хамтран зохион байгуулсан юм.

Уралдаанд 139 багийн 740 гаруй сурагч оролцох хүсэлтээ ирүүлснээс 2 дугаар шатанд 10 багийг шалгаруулсан байна.

Харин эцсийн шатанд Улаанбаатар хотын Сант сургуулийн “Сант” баг тэргүүлж, Увс аймгийн “Maxfun” баг удаалж, Говь-Алтай аймгийн “Алтай” баг гуравдугаар байрт оров.

Сурагчид “Тогтвортой хөгжлийн зорилт-2030 ба хуванцар хог хаягдлын аюул” сэдвийн хүрээнд дэлхийн болоод Монгол Улсын хэмжээнд өөрсдийн боломж нөөцөө ашиглан мэдээлэл цуглуулж, судалгаа хийж, түүний дүгнэлтэд үндэслэн шинэ санаа, шийдлүүдээ танилцуулсан юм. 

“Манай сургууль "AP" Хөтөлбөрийн хүрээнд статистикийн хичээл заадаг”

 

Ингээд бид шилдэг багаар шалгарсан “Сант” сургуулийнхантай уулзлаа. Тэд сүүлийн сар гаруй хугацаанд уралдаандаа бэлджээ.

“Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Долгор Манай сургууль "AP" Хөтөлбөрийн хүрээнд статистикийн хичээлийг заадаг. Бид улсын хэмжээнд болсон энэ тэмцээнд тэргүүлсэндээ баяртай байна” гэв.

Мөн сурагч Н.Баярмаа “Статистик тоог өөрт болон бусдад ойлгомжтойгоор илэрхийлэх, тоотой хэрхэн ажиллахыг сурсандаа баяртай байна. "AP" хөтөлбөрт их сургуулиудын түвшний хичээл байдаг нь бидэнд их боломж олгодог” гэв.

Харин сурагч Ө.Төгөлдөр “Статистикийн уралдаанд ороод олон шинэ зүйлийг сурлаа. Статистикийн тусламжтайгаар хувь хүн ч, төр засаг ч зөв шийдвэр гаргах боломжтой байдаг нь хамгийн чухал” гэв.

Төгсгөлд нь сурагч Э.Бөртэ-Үжин “Ямар ч салбарт статистик, дата анализ оруулснаар илүү өндөр түвшинд хөгжиж чадна гэж боддог” гэдгийг онцолж байв.

Тэдэнд Математикийн ухааны доктор Ж.Янжмаа багш статистикийн хичээл заадаг аж. Тэрбээр "Би сурагчиддаа их сургуулийн түвшний мэдлэг олгож буйдаа их баяртай байдаг. Хэдийгээр оюутан болж амжаагүй ч гэлээ статистикийн хичээлдээ сонирхолтой байж, сайн сурсан шавь нараараа бахархаж байна" гэсэн юм. 

“Дэлхийн улс орнуудын хамгийн эрэлттэй байгаа 20 мэргэжлийн нэг нь статистикч”

 

Улсын анхдугаар уралдаа 10 сая төгрөгийн шагналын сантай байсан нь зохион байгуулагчдын зүгээс өндөр ач холбогдол өгч ажилласныг харуулж байлаа. 

Энэ талаар Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа “Сүүлийн үед олон нийтийн статистикийн мэдлэг тааруу байгаа нь тулгамдаж буй асуудал болж байна. Хүн болох багаасаа гэдэг. Хүүхдүүдийг багаас нь бэлдэж, статистикийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэрээ оруулж уралдаанаа зохион байгууллаа.

Дэлхийн улс орнуудын хамгийн эрэлттэй байгаа 20 мэргэжлийн нэгээр статистикч, дата аналистууд нэрлэгдэж байна. Ирээдүйд энэ мэргэжил өндөр цалинтай, ховор мэргэжилд тооцогдоно. Тиймээс бид боловсон хүчнээ угтаж бэлдэх шаардлагатай” гэдгийг онцолсон юм.

Дорнод аймгаас ирсэн сурагчид статистик боловсруулалт сайтай багаар тодорлоо

 

Ногоон бүчээр жигдэрсэн энэ сурагчид бол алс холын Дорнод аймгаас тус уралдаанд орохоор зорьж иржээ. Чойбалсан хотын 5-р сургуулийн “Оч” баг энэ удаагийн тэмцээний хамгийн статистик боловсруулалт сайтай багаар тодорсон байна. 

Энэ талаар багш З.Энхбаярмаа "Бүтээлээ чанартай болгохын төлөө бид их хичээж ажилласан. Амжилттай оролцсон сурагчдаараа бахархаж байна" гэсэн бол шавь Б.Хэрлэнчимэг "Уралдааны хүрээнд багаар хамтран ажиллах, статистик загварчлал гаргах, судалгаа хийх зэрэг олон шинэ чадваруудыг эзэмшлээ. Амьдралд хэрэглэгдэх талаасаа хамгийн чухал шинжлэх ухаан бол статистик" гэдгийг онцолж байв. 

“Багуудын прогнозоос харахад 2025 он гэхэд манай улсын хуванцар хог хаягдлын хэмжээ хагас сая тоннд хүрнэ”

 

Мөн зохион байгуулагч Монголын Математикийн Багш нарын Академийн Гүйцэтгэх захирал Д.Өлзий-Эрдэнэ “Сурагчдын ирүүлсэн бүтээл хүлээлтээс илүү байлаа. Математикийг хэрэглэж, бодит амьдралын асуудлыг шийдвэрлэх нь энэ уралдааны гол зорилго байсан.

Ямар ч багуудын прогнозоос харахад 2025 он гэхэд манай улсын хуванцар хог хаягдлын хэмжээ хагас сая тоннд хүрнэ гэсэн дүгнэлт гарсан. Сурагчид дүгнэлт дээрээ үндэслээд цаашид хэрхэх тухай бичил ТЭЗҮ хүртэл хийсэн байна.

Техник технологи өндөр хөгжиж буй энэ үед математик, статистик загварчлалын чиглэлээр чадварлаг боловсон хүчин бэлдэх бодит эрэлт үүссэн учраас олон улсад энэ төрлийн тэмцээнүүд өргөн хүрээнд явагдаж байгаа” гэдгийг онцолсон юм.

Төр, хувийн хэвшил гээд бүх шатанд чухал хэрэгцээтэй ирээдүйн статистикчидын суурийг тавих анхны уралдаан ийнхүү амжилттай өндөрлөлөө. 

ШИЛДЭГ 10 БАГ:

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Сант сургуулийн “Сант” баг /I байр/

Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3-р сургуулийн “Maxfun” баг /II байр/

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р сургуулийн “Алтай” баг /III байр/

Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн “Ирээдүйн эзэд” баг

Дорнод аймгийн Чойбалсан хотын 5-р сургуулийн “Оч” баг

Төв аймгийн Заамар сумын 1-р сургуулийн “Expendience” баг

Улаанбаатар хотын Багануур дүүргийн Гүн галуутай ЦС-ийн “Гүн галуутай” баг

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ШМТК-ийн “NMTC-007” баг

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ESM-н “ESM” баг

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Их Засаг лицей сургуулийн “Их засаг” баг

ГЭРЭЛ ЗУРГУУД /MPA.MN/: 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.