Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны анхны IPO болох “ЛэндМН” компанийн хувьцааны ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

2018 оны анхны IPO болох “ЛэндМН” компанийн хувьцааны захиалга өнөөдрөөс эхэлж, “Цан цохих ёслолын ажиллагаа” Монголын Хөрөнгийн Бирж дээр амжилттай боллоо.

Хиймэл оюун ухаанд суурилан бүтээгдсэн аппликейшнээр хурдан хугацаанд, хялбар аргаар зээл авах нь Монголын санхүүгийн салбарт цоо шинэ, дэвшилтэт үйлчилгээ болоод байна. Энэхүү үйлчилгээг хэрэглэгчдэд анх таниулсан “ЛэндМН” компани ийнхүү хувьцааныхаа 25 хувийг хөрөнгийн зах зээлд гаргаснаараа олон нийтийн компани боллоо.

Хувьцааны тухай мэдээлэл:

Хугацаа: 2018 оны хоёрдугаар сарын 21-нээс 3 дугаар сарын 7-ны 13:00 цаг хүртэл

Нэгж хувьцааны үнэ: 25 төгрөг

Анхдагч зах зээлийн арилжааны хэмжээ: Компанийн 25 хувь, 5 тэрбум төгрөг

Санхүүжилтийн зорилго: Үндсэн үйл ажиллагаа болох зээлийн эх үүсвэр

"олон хувьцаа эзэмшигчид хүртээмжтэй, амжилттай IPO болно гэсэн хүлээлт дүүрэн байна"

Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай энэ тухай “ЛэндМН компанид гурван онцлог бий. Нэгдүгээрт Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа гаргаж буй анхны банк бус санхүүгийн байгууллага, хоёрдугаарт старт-ап компани, гуравдугаарт технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн үйлчилгээг хүргэдэг өвөрмөц шийдэл бүхий компани юм.

ЛэндМН өөрийнхөө хувьцааны 25 хувийг 25 төгрөгөөр арилжаалж байгаа нь аль болох олон хувьцаа эзэмшигчид хүртээмжтэй, амжилттай IPO болно гэсэн хүлээлт дүүрэн байна” гэв.

"Бид төлөвлөснөөрөө ажиллавал өөрийн хөрөнгийн өгөөж 20-30 хувийн хооронд тогтвортой явна"
 

“ЛэндМН” компанийн ТУЗ-ийн дарга Д.Бат-Очир “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай компани давхардсан тоогоор 140 мянган зээл олгосон байна. Идэвхтэй 30 мянган зээлдэгчтэй боллоо. Зээлийн багцын чанар 30-аас дээш хоногтой нь 2 хувиас бага байна. Энэ нь салбарын хугацаа хэтрэлттэй харьцуулахад хэд дахин бага, маш сайн үзүүлэлт юм.

Бид төлөвлөснөөрөө ажиллавал өөрийн хөрөнгийн өгөөж 20-30 хувийн хооронд тогтвортой явна. Энгийнээр тайлбарлавал 25 төгрөг маань жилдээ 20-30 хувиар өснө гэсэн үг.  2017 оны мэдээнээс харахад банкны салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 8 хувьтай байсан. Үүнтэй харьцуулахад 2-4 дахин өндөр байх боломжтой.

Бид өнгөрсөн жил үйл ажиллагаагаа жигдрүүлж, бэлтгэлээ маш сайн хийсэн. Засаглалын хувьд ч анхаарч стратегийн хөрөнгө оруулагчийг татаж байгаа. Хэдийгээр үйл ажиллагаа жижиг ч гэсэн дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэг Эрнст энд Янгаар аудитаа хийлгэлээ.

Одоогоор бид нийт зах зээлийнхээ 10 хувьд л хүрч ажиллаж чадаж байгаа. Цаашид энэ тоо өсөх бүрэн боломжтой. Хуримтлал хийж амжаагүй байгаа ч тогтмол орлоготой хүн бүр манай боломжит харилцагч юм” гэв.

ЛэндМН-ий хувьцааг худалдаж авах аргууд
 

Андеррайтер “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэвэгмид хувьцааг худалдаж авах гурван аргыг танилцууллаа.

  1. Гол андеррайтер болох “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК-д өөрийн биеэр очиж шинэ данс нээлгэх, захиалга өгөх,
  2. ЛэндМН-нд бүртгэлтэй харилцагч бол гар утсаараа “LendMN” аппликейшн дахь “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК-ийн данс нээх, захиалга авах хэсгээр дамжуулан үнэгүй шинэ данс нээлгэх, захиалга өгөх,
  3. Бусад үнэт цаасны компаниар дамжуулан шинэ данс нээлгэх, захиалга өгөх.

Тэрбээр “Андеррайтерын зүгээс үнэт цаас гаргагчтайгаа хамтраад хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд оролцож буй бүх хүнд хүртээмжтэй байх талаас нь ажиллаж байна. Бид хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа гар утсаар арилжаанд оролцох бэлтгэл ажлыг хангасан. Тиймээс иргэд уламжлалт байдлаар болон ЛэндМН аппликейшнээр захиалга өгөх боломжтой гэдгээрээ онцлог” гэв.

Компани хөрөнгийн зах зээлд гарснаар засаглал сайжирч, ил тод байдал хангагдаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татдаг билээ. Ингэснээр цаашид өсөн дэвжих, хөгжих боломж нь бүрддэг байна. Монголын Хөрөнгийн зах зээлд “ЛэндМН” компани ийнхүү хувьцаагаа гаргаж, компанийн хөгжлийн дараагийн шинэ шатандаа дэвшин орлоо. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хувьцаа болон компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл www.lend.mn сайт болон 77070101 утсанд хандана уу. 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.