Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн /ҮУПК/ Үнэт эдлэлийн мэргэжлийн дархан бэлтгэх орчин үеийн дадлагын газрын нээлт өнөөдөр боллоо.
Тус коллеж нь 52 дахь жилийнхээ босгон дээр "Монгол Улсын бичил уурхайчдыг албажуулах, Монгол Улсад үнэт эдлэл, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд дархны сургалтын шинэ танхимаа нээж байгаа аж.
ҮУПК-ийн захирал Б.Даваажав "Дархны мэргэжлээр сургалт явуулдаг цорын ганц сургууль бол манайх. Монголчууд эрт дээр үеэс уламжлан ирсэн олон соёл бий. Үүний нэг болох үнэт эдлэлийн дархан өв соёл, хүмүүжил, түүхэн уламжлал болгон хадгалдаг. Өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг 100 гаруй мянган долларын тоног төхөөрөмжийг шинэчлэн, сайжруулж өглөө.
Дэлхийн өнөөгийн хэв маягт тохирсон мэргэжлийн шинэ хэв маягийг гаргаж ирж байгаад туйлын баяртай байна. Манай сургууль 50 жилийн түүхтэй. Энэ хугацаанд олон шилдэг уран бүтээлчдийг гаргасан. Одоо энэ хүмүүсийн залгамж халааг бэлдэж байгаадаа баяртай байна.
Энэ хүүхдүүд маань сургуулиа төгсөөд 100 хувь ажлын байранд гардаг. Зарим нь өөрөө ажил олгогч болдгоороо онцлогтой. Шилдэг зураач, уран дархчууд манай сургуульд бэлтгэгдэж байна" гэлээ.
ХНХ-ын дэд сайд ҮУПК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Мөнгөнчимэг "Өнөөдөр орчин үеийн шинэлэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дархны дадлагын танхимыг нээж байна. Үнэт эдлэл гэдэг өөрөө манай улсын өв соёлд нэлээд чухал байр суурь эзэлдэг.
Тэгэхээр үүнийг илүү цааш нь хөгжүүлээд магадгүй орчин үеийн хэв маягт нийцүүлээд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгох олон боломж нээгдэж байна. Сүүлд гаргасан судалгаанаас үзэхэд нийт төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна" гэв.
Нээлтийн ёслолын үеэр сурагчид болон төгсөгчид өөрсдийн бүтээлээ нийтэд танилцуулсан юм.
ҮУПК-ийн төгсөгч Н.Баатардорж "Би энэ сургуульд 2.5 жил сурсан. Манай сургууль зургийн суурийг сайн тавьж өгдөг. Цаашид мэргэжилтэн болоход нь том нэмэр болдог. Зураач хүний уран бүтээлийг тухайн хүний дотоод ертөнцийн толь байх ёстой гэж үздэг" гэлээ.
ҮУПК-ийн төгсөгч Н.Нэмэхбаяр "Орчны дизайны ангийг 3 жил суралцаад төгссөн. Манай сургуульд суралцагчид хандлага сайтай, мэргэжлийн, чадварлаг байдаг. Би суралцах хугацаандаа 20-с дээш бүтээл туурвисан. Цаашид дэвшин суралцаж өөрийн бүтээлийг гаргана" гэсэн юм.
Танхим нь бэлтгэл, өрөмдөх, гагнуур, цутгалт гэсэн хэсгүүдээс бүрдэх юм. Нийт 170 гаруй нэр төрлийн багаж ирсэн ба оюутан бүр нэг багажны хайрцагтай байх аж. Ангид орох шалгуурын хувьд мэргэжил сургалтын төвүүдэд 2.5 жил сурсан байх шаардлагатай юм байна.
Танхим одоогийн байдлаар иж бүрэн тоноглогдсон найман ширээтэй бөгөөд цаашдаа 10 ширээ болгож, нэг удаад 10 хүүхэд зэрэг хичээллэх боломжтой болгох аж.
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|