1-12 дугаар ангийн 1,800 гаруй сурагч оролцсон “Олонлог” сургуулийн нэрэмжит математикийн улсын олимпиадын шилдгүүд тодорч, шагналаа гардаж авлаа.
Мөн “Сант” сургуулийн нэгдүгээр ангийн 6 настнууд анх удаа олимпиадад орж 10 гаруй медаль хүртсэн нь анхны том амжилт болов.
Бид анхны олимпиаддаа орж амжилт гаргаад буй “Сант” сургуулийн нэгдүгээр ангийн бяцхан сурагчидтай уулзсан юм.
Сурагч Б.Гэгээлэн анх удаа олимпиадад оролцож алтан медаль хүртсэн байна. Тэрбээр “Би тоонуудаа зөв бодсондоо баярладаг. Багш нар маань надад зааж өгдөг, тусалдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв. Мөн сурагч Б.Төгсмөрөн алтан медаль хүртэж зургаан настнуудаа тэргүүлэв. Б.Төгсмөрөн өдөрт 2 цаг тогтмол хичээлээ хийдэг бөгөөд алтан медаль авсны дараа аав ээж нь түүнийг “Мундаг” хэмээн магтсан болохыг хэллээ.
Үүний дараа “Олонлог” сургуулийн нэрэмжит олимпиадад оролцохоор алс хол Баян-Өлгий аймгаас ирж оролцсон сурагч Ж.Султанбек, Е.Есил, Д.Жомарт нартай уулзсан юм.
Өдгөө 11 дүгээр ангид суралцдаг хөвгүүд олимпиадад медаль хүртээгүй ч хоёрдугаар шат буюу олон улсын олимпиадад оролцох эрх авсан байна.
Сурагч Ж.Султанбек өмнө нь баруун бүсийн математикийн олимпиадаас алтан медаль хүртэж байжээ. Тэрбээр ирээдүйд гадаадад сурч, чадварлаг эдийн засагч болохыг хүсдэг тухайгаа хэлсэн юм. Харин Е.Есил мэргэжлээ хараахан сонгоогүй байгаа ч математик, физикийн хичээл дээрээ суурилж сонгоно гэв. Сурагч Д.Жомартын хувьд мэдээллийн технологийн инженер болох хүсэлтэй.
Математикийн олимпиадад орж буй сурагчид дийлэнхдээ Монголд хамгийн их эрэлттэй байдаг эдийн засаг, техник технологи, бүтээн байгуулалтын чиглэлээр нарийн мэргэжил эзэмшихийг хүсэж буй нь сайшаалтай, бас их ирээдүйтэй санагдаж байв.
"Сант" сургуулиас зургаан төгсөгч Массачусетсийн Технологийн Институтэд, Д.Ариунзаяа Азийн MIT гэгддэг Токиогийн Технологийн Институтэд тэнцсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл "Олонлог" сургуулийн олимпиад амжилттай оролцож алтан медаль авсан "Сант" сургуулийн долоодугаар ангийн сурагч Ц.Хангал бидэнд сургуулийнхаа өмнөх төгсөгчид шиг Массачусетсийн Технологийн Институтэд орох хүсэлтэй гэдгээ хэлж байв. Тэрбээр "Хоёрдугаар ангиасаа эхэлж олимпиадын бэлтгэлд явж эхэлсэн. Өөрийнхөө оюун ухааныг сорьж, сонирхолтой бодлого бодож, улам сайжрахын тулд хичээдэг болохоор математикийн хичээлд дуртай" гэсэн юм.
"Сант" сургуулийн бага ангийн багш Г.Молом "Үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан гэдэг утгаараа энэхүү олимпиад нь нэр хүндтэй, цар хүрээ ихтэй байдаг. Оролцож буй сурагчид маань ч тэр утгаараа бэлтгэлээ сайн хийж, амжилт гаргасандаа урамтай байна. Нэг ангиас 14 хүүхэд медаль авсан нь энэ удаа манай сургуулийн шинэ рекорд байлаа" гэдгийг онцолж байв.
"Олонлог" сургуулийн олимпиад хоёр шаттай бөгөөд олон улсын зэрэглэлийн олимпиад нь энэ сарын 22-ноос эхлэх ажээ.
"САНТ" СУРГУУЛИАС АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДЫН НЭРС:
I анги Г.Жамъяандорж, Б.Гэгээлэн, Э.Тэмүгэ, Б.Төгсмөрөн нар алт, Б.Одгэрэл, Ч.Төгс-Оюунт, Г.Анузаяа нар мөнгө, М.Төгөлдөр, Р.Удвал, С.Дэнзэнцэрэн нар хүрэл медаль хүртэв.
II анги Ө.Төгөлдөр, Ц.Баярхүү, Х.Эрмүүн хүрэл медаль,
IV анги Б.Ботагхангуа алт, Н.Тэнүүн мөнгө, П.Пүрэвбат, Д.Удвал, О.Бархасболд нар хүрэл,
V анги А.Анхмэнд, Б.Биндэръяа, Г.Азжаргал, С.Манлай алт, Э.Дэнзэнлодой, Э.Эрдэнэбаясгалан, Э.Бөртэ-Үжин, Г.Тэмүүлэн мөнгөн медаль, Ш.Одбаяр, З.Ундрам, Б.Маралжин, Т.Амин-Эрдэнэ, К.Мөнх-Оргил, Н.Дагвадорж нар хүрэл,
VI анги Ц.Цэнгэл, М.Зулаа алт, О.Энхсод, Б.Оюумаа, Б.Тэмүжин, С.Атархүү мөнгө,
VII анги Ц.Хангал алт, А.Амирлан, М.Бэлгүтэй мөнгө, У.Бямба-Очир, Ч.Батзориг, Б.Төгөлдөр, Ц.Хүслэн, О.Эрхэсболд нар хүрэл медаль
VIII анги Ц.Сайханбилэг, Б.Билгүүн, Ш.Билгүүдэй алт, Я.Түвшинсанаа, А.Хас-Очир, Д.Энэрэлт мөнгө, Э.Барсболд хүрэл медаль
IX анги А.Нямдаваа алт,
XII анги Ц.Ганхөлөг алтан медаль хүртэв.