"Miss World 2015" тэмцээний шилдэг дизайнерын төрөлд топ 10-m шалгарч байсан авьяаслаг залуу дизайнер Х.Цэрэнлхагватай ярилцлаа.
Тэрбээр 2012 онд "Precious fashion house" загварын салоноо нээж, олон улсын гоо бүсгүйн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох миссүүдэд даашинз урлаж ирсэн юм. Тус салон нь Haute Couture чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, материал болон чимэглэлийн хувьд цор ганц загвар хийхийг зорьдгоороо давуу талтай.
Мөн энэ жил Монголын Дизайнеруудын Холбооноос хувиараа салон ажиллуулж буй газруудын ашиг орлого 40 тэрбум төгрөгт хүрсэн гэж мэдээлжээ. Тиймээс бид загварын салбарын бизнест байр сууриа олж чадсан, амжилттай ажиллаж буй тус салоноор зочиллоо.
-Precious Fashion House загварын салоны онцлог нь юу вэ?
-Манай салон нь охид, бүсгүйчүүдийн гоёлын даашинз, хуримын даашинз хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн тив, дэлхийд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй охидын даашинз дээр түлхүү ажилладаг.
-Таны уран бүтээлийн чиглэл юу вэ?
-Хувцас үйлдвэрлэл нь масс үйлдвэрлэл, прет-а-порте, Haute Couture гэсэн гурван чиглэлтэй байдаг. Масс үйлдвэрлэл нь олон тоогоор үйлдвэрлэдэг, прет-а-порте нь цөөн тоогоор, Haute Couture нь цорын ганц бөгөөд нийт бүтээлийн 70 хувьд гар ажиллагаа орсныг хэлдэг. Манайх нэг даашинзаа давтдаггүй байхыг хичээж, материал болон чимэглэлийн хувьд цор ганц загвар хийхийг хичээдэг. Энэ хэв шинжээ хадгалан ирээдүйд Haute Couture даашинз урладаг болохыг зорьж байгаа.
-Нэг даашинзыг хэр хугацаанд урладаг вэ?
-Энэ нь тухайн даашинзны ажиллагаа, чимэглэл, загварчилгаанаас хамаарна.
-Та дизайнераар ажиллаад хэдэн жил болж байна вэ? Яагаад энэ чиглэлийг сонгох болов?
- 2010 оноос хойш ажиллаж байна. Би гоёлын хувцсанд их дуртай, хүний нүдэнд хамгийн их тусдаг, бодол санаанд үлддэг хувцас шүү дээ. Мөн би гар ажиллагаа ихтэй, чимхлүүр зүйлсд дуртай. Тиймээс дуртай зүйлдээ хөтлөгдөж энэ чиглэлийг сонгосон доо.
-Танай салон Дэлхийн мисст оролцож буй охидын даашинзыг хэзээнээс эхэлж урлаж эхэлсэн бэ?
-Манайх сүүлийн 4 жил Дэлхийн мисст оролцож буй охидынхоо даашинзыг хийж, тухайн даашинзаа оролцогчдоо бэлэглэж байгаа. Дэлхийн мисст оролцож буй охид маань сарын турш оролцох тэмцээнийхээ бүх зүйлсийг өөрсдөө хувиасаа бэлддэг. Тиймээс бид хэдий жижиг урлан боловч чадах зүйлээрээ Монголыг төлөөлөн оролцож байгаа охидуудаа дэмжиж ажилладаг болсон.
-Бие даасан загварын шоу хийдэг үү?
-Одоохондоо бие даасан шоу хийгээгүй байна. Хамтарсан шоу, нэвтрүүлгүүдэд оролцдог. Тухайлбал, жил жилийн Гоёл наадамд оролцсоор ирсэн. Гурван удаа Гоёл наадмаас шагнал хүртсэн. Мөн Mongolia’s Next Top Model, Missosology Mongolia, Miss Mongolia, Miss World Mongolia, гэх мэт шоу нэвтрүүлгүүдтэй хамтарч ажилласан.
-Таны ажлын онцлох арга барил юу вэ?
-Би загвараа зурахаас илүүтэйгээр дотроо төсөөллөөрөө бий болгодог. Материал судлах, сэтгүүл, ном, нэвтрүүлэг үзэж байхад л шинэ загварын санаа төсөөлөгдөж бодогддог.
Материалаа сонгох гээд, үзээд явж байхдаа л загвараа дотроо нүдэндээ зураад явдаг.
Мөн би захиалагчийнхаа үзэл бодлыг хамгийн түрүүнд сонсдог. “Би дизайнер учраас, чамд яг ийм л хувцас зохино” гэж тулгахаас илүүтэйгээр тухайн хүний хүсэл сонирхлыг харгалзан үзэж байж загвараа гаргадаг.
-Таны урладаг даашинзнууд ямар онцлогтой вэ?
-Бид даашинзаа давтаж хийхгүй байх зорилготой байдаг. Жишээ нь, даашинзныхаа гоёл чимэглэлийг хийхдээ бэлэн гоёл ашиглахгүй. Материалаар шинэ материал үүсгэж өөрсдөө зохиож хийнэ. Хийсэн хээ, чимэглэлээ даашинзны аль хэсэгт яаж оруулах вэ гэдгээ тооцоолно.
Хэлбэрийн хувьд ихэвчлэн тайзан дээр гардаг даашинз хийдэг учраас тайз дүүргэлт дээр анхаардаг. Мөн моделийн биеийн галбирыг харгалзаж үздэг.
-Энэ жилийн Дэлхийн мисст оролцсон Ц.Энхжингийн даашинз ямар онцлогтой вэ?
-Ц.Энхжин маань өөрөө ариун сайхан сэтгэлийн бэлгэдэн цагаан өнгөтэй даашинз хийлгүүлэх хүсэлт гаргасан. Хэлбэрийн хувьд галбирыг нь харгалзан үзэж, бусдаас онцгой харагдуулах үүднээс дэрвэгэр том хормой сонгосон. Энгэр болон хормой хэсэгт нь алтлаг эрвээхий шүр шигтгээгээр чимэглэж өгсөн.
-Дэлхийн мисс 2015-д оролцсон Н.Анугийн даашинз их гоё байсан. Тэр даашинзыг хэр хугацаанд хийсэн бэ?
- Бид тэр даашинзыг финалд зориулж 2 сар гаруй хугацаанд хийсэн. Хар хөхөөс цэнхэр, цагаан уусгалтыг ширхэгчлэн хийсэн. Материалаа жижиг жижгээр хайчилж, уусгалтыг нь өөрсдөө гаргаж өгсөн. Тэнгэрийн өнгийг бэлгэдэж, мөн дэлхийн миссийн тэмцээний титмийн өнгөтэй хослуулж хийсэн байгаа.
-Монголын Дизайнеруудын Холбооноос хувиараа салон ажиллуулж буй газруудын ашиг орлого энэ жил 40 тэрбум төгрөгт хүрсэн гэж мэдээлсэн. Энэ нь маш ашигтай бизнес мэт харагдаж байна. Танай салоны хувьд хэр ашигтай ажиллаж байна вэ?
-Сүүлийн үед хүмүүс Үндэсний үйлдвэрлэлээ их дэмждэг болсон шүү дээ. Энэ ашиг орлого нь үүнтэй ч холбоотой болов уу гэж бодож байна.
Бидний хувьд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй л ажиллаж байгаа учраас тохирсон хэмжээний захиалгууд авдаг байгаа. Бид залуу хүмүүс учраас энэ салбартаа туршлагатай болж, суралцсаар байгаа. Одоогоор өндөр ашигтай ажилладаг гэж хэлж чадахгүй ээ.
Өмнө нь хувцас захиалга, оёдол гэхээр л хүмүүс байрны доод талын подвал мэтээр л төсөөлдөг байсан. Гэтэл одоо олон шинэ салонууд, шинэ чадварлаг дизайнерууд гарч ирж байна. Салонууд тухтай, тохилог орчинд ажиллаж, үйлчилж байна. Энэ мэт загварын салбар маань хөгжиж байгаад баяртай байдаг.
-Танай салоноос гардаг даашинзны дундаж үнэ нь хэд вэ? Хамгийн үнэтэй даашинз хэдээр гарч байв?
-Хамгийн үнэтэй нь 3 сая төгрөгөөр зарагдаж байсан. Өнгөрсөн жилийн гоёл наадамд оролцоход хийгдэж байсан хормойгоороо дүүрэн цэцэгтэй даашинз. Маш удаан хугацаанд, чимэглэл бүрийг нь гар ажиллагаагаар хийсэн.
Дундаж үнэ нь их ажиллагаа, чимэглэл ихтэй бол нэг сая төгрөгөөр хийгддэг. Харин энгийн загвартай, чимэглэлгүй даашинз 200,000 төгрөгөөс эхэлнэ.
-Танай хамгийн орлого сайтай үе хэзээ вэ?
-Хуримын улиралд (6-10 дугаар сард), шинэ жилээр захиалга их орж ирдэг. Мөн сүүлийн үед миссийн тэмцээнүүд их болдог болсон. Тэгэхээр миссийн тэмцээнд зориулагдсан даашинзны захиалга гарч ирдэг.
-Салон ажиллуулахад тулгарч буй бэрхшээл юу байна вэ?
-Хүмүүс зурганд хууртаж их ирдэг. Зурган дээр даашинзны өнгө арай өөр гарсан ч байх тохиолдол байдаг. Гэтэл хүмүүс яг ийм өнгөтэй даашинз л хийлгэмээр байна гээд ирдэг. Монгол Улс материал үйлдвэрлэдэггүй учраас үйлчлүүлэгчийн хүссэн материал олдохгүй байх бэрхшээлтэй байдаг.
-Шинэ жилийн цэнгүүнүүд эхэлчихсэн байна. Энэ жилийн шинэ жилийн даашинзны чиг хандлага ямар байна вэ?
-Мэдээж бүсгүйчүүдийн хамгийн гоё харагдахыг хүсдэг сар бол арванхоёрдугаар сар. Тиймээс эмэгтэйчүүд маань орж байгаа шинэ жилийн үдэшлэгээ харгалзан үзэж даашинзаа сонгох хэрэгтэй. Томоохон арга хэмжээ бол чимэглэл ихтэй даашинзнууд сонговол зүгээр.
Мөн насны онцлогоос хамаарна. Залуу охидууд энгийн бариу даашинз өмсөөд, гоёмсог зүүлт аксессуар зүүхэд л сайхан харагдана гэж бодож байна. Ер нь сүүлийн үед даашинзны хэв маяг их энгийн болсон. Өнгөний хувьд тухайн хүн өөрт нь зохисон, өөрт таалагдсан өнгийн даашинзаа сонгох хэрэгтэй.
Миний хувьд шинэ жилд зориулж хувирамтгай даашинз санал болгож байгаа. Жишээ нь энэ даашинзыг богино, урт хоёр хэлбэрээр өмсөж болно. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.
Түүнчлэн, торон даашинзууд хөлөө ил гаргах, галбираа тодотгох, дур булаам харагдах хүсэлтэй залуу бүсгүйчүүдэд маань илүү тохиромжтой. Харин корсеттой даашинз нь биеийнхээ өө сэв дарж илүү цэгцтэй харагдах хүсэлтэй охид, бүсгүйчүүдэд тохиромжтой.
-Та яг одоо ямар ажил дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
-Яг одоо Манжуурын мисс тэмцээнд явах охидын даашинз дээр болон шинэ жилийн захиалгат даашинзууд дээр ажиллаж байнаа.
-Ярилцсанд баярлалаа.
- Баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!