Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

ХАЙНЕКЕН, Шунхлай Группын нэгдэл бүхий АПУ ХК-ийн үнэлгээ НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГТ ДӨХӨЖ ОЧЛОО

Б.Ану
2017 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ХАЙНЕКЕН болон MSC группын хамтарсан хөрөнгө оруулалттай “М Би Си” компанийг “Шунхлай групп”-тэй хамтран байгуулсан холдинг компани болох “Эвэргрийн Инвэстмэнт” ХХК-д нийлүүлж, “Эвэргрийн Инвэстмэнт” ХХК-ийг АПУ хувьцаат компанитай нэгтгэх болсон талаар бид мэдээлсэн билээ. 

Тодруулбал, “АПУ” ХК-ийн 742,877,000 ширхэг хувьцааг тус компанид нэгдэж буй “Эвэргрийн Инвестмент” ХХК-ийн хөрөнгөд ногдох 321,304,553 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэн, нэг бүр нь 10 мөнгөний нэрлэсэн үнэ бүхий нийт 1,064,181,553 ширхэг болгон нийтэд санал болгохыг Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) өнгөрсөн сарын 24-нд болсон хурлаараа шийдвэрлэсэн байна. 

Тэгвэл "АПУ" ХК-ийн энэхүү шинэ нэгдэл бүхий үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн нээхээр болсноо Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) мэдээлжээ. 

“М Би Си” компанийн бүрэлдэхүүнд М-Си-Эс Азиа Пасифик Брюэри ХХК, Спирт Бал Бурам ХХК болон СББ Трейд ХХК багтдаг байсан билээ. 

Энэ талаар АПУ ХК-ийн албан ёсны сайтад "90 гаруй жилийн түүхтэй АПУ компанийн түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Монгол Улсын шингэн хүнсний салбар, хөрөнгийн зах зээлийн хувьд урьд өмнө тохиож байгаагүй томоохон нэгдэн нийлэх ажиллагаа явагдаж, Монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах, олон улсын шилдэг технологи, практикийг дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээнд бүрэн нэвтрүүлэх суурь тавигдав.

Энэхүү нэгдэн нийлэх ажиллагааны хүрээнд ХАЙНЕКЕН болон Шунхлай Групп компаниуд Монгол Улс дахь архи, шар айраг, ундааны үйлдвэрлэл, түгээлтийн бизнесээ нэгтгэж байна.

Ингэснээр АПУ ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орж, тус компанийн хувьцааны 25%-ийг эзэмшигчээр ХАЙНЕКЕН компани бүртгэгдэж байна" гэж мэдээлжээ. 

2017 оны эхний хагас жилд "АПУ" ХК-ийн тайланд дурдсанаар: 

  • Нийт 806 ажилтантайгаар 167 нэр төрлийн 44 сая литр бүтээгдэхүүнийг борлуулсан
  • Цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12%-иар өсч, 108.4 тэрбум төгрөгт хүрсэн; 
  • Цэвэр ашиг 15.9 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 63%-ийн өсөлтийг үзүүлсэн;
  • Хагас жилийн хугацаанд улсын төсөвт нийт 60.8 тэрбум төгрөгийн татварыг төлсөн;
  • Тайлант хугацаанд нийт 7.9 сая ам.доллар буюу 19.1 тэрбум төгрөгийн зээлийг төлж барагдуулсан бөгөөд оны сүүлийн хагас жилд мөн дүнтэй зээлийг төлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэжээ. 

2017 оны эхний хагас жилийн байдлаар АПУ ХК Монголын сүүний зах зээлийн 25%, пивоны 62%, архины 48%, ус ундааны 3%-ийг эзэлж байна.

Гэхдээ шинэ нэгдлээр АПУ ХК-иас сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "АПУ Дэйри" компанийг салгаад байна. 

Мөн энэ өөрчлөлттэй холбоотойгоор  "АПУ Трейдинг" компанийг АПУ ХК-д нэгтгээд байгаа юм. Өмнө нь тус групп компаниуд дотроос орлого, ашгаараа тэргүүлэгчдийн нэг "АПУ Трейдинг"-ийг тусад нь салгаж нээлттэй хувьцааны арилжаанд оруулдаггүй байсанд хөрөнгийн зах зээл сонирхогчид шүүмжлэлтэй ханддаг байсан юм. 

Энэхүү нэгдлийн үр дүнд өнөөдрийн арилжаа нээгдмэгц АПУ ХК-ийн МХБ-ийн дээд хязгаар болох 15% хувийн өсөлтийн таазад хүрч нэгж хувьцааны ханш 906.8 төгрөгт хүрч нийтдээ 902,251 ширхэг хувьцаа арилжагдсан байна. Харин самбарт зарах тал нэгж хувьцааг 1,042 төгрөгөөр зоосон байгаа нь өнөөдрийн дээд хязгаарт тулаад буй үнээс дахин 15% өссөн дүн буюу мөн л өдрийн дээд хязгаарт тулгасан үнээ бичсэн байна. Өөрөөр хэлбэл зах дээр АПУ ХК-ийн хувьцааны арилжаа маш идэвхтэй, өдөрт 15% өсөлттэй явагдаж эхэллээ.

Өнөөдрийн арилжааны дараа АПУ ХК-ийн үнэлгээ ЗЗ-ийн ханшаар 965 тэрбум төгрөгт хүрсэн. Харин маргаашийн арилжаагаар НЭГ ИХ НАЯД төгрөгийг давах нь тодорхой болж байна.

График, НЭГТГЭХ АЖИЛЛАГАА ДУУСГАВАР БОЛСНЫ ДАРААХ БҮТЭЦ, ХУВЬ ЭЗЭМШИЛ