Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол ажилтнуудын олонх нь 700 мянган төгрөг ба түүнээс БАГА ЦАЛИНТАЙ гэдгийг баталъя

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний Статистикийн Хорооноос Монгол хүний дундаж цалинг 2017 оны есдүгээр сарын байдлаар 966.6 мянган төгрөг хэмээн зарласан билээ. Үнэндээ 966.6 мянган төгрөгт хүрэхгүй цалинтай хүмүүс маш олон байгаа учраас энэ мэдээллийг худал хэмээн үгүйсгэх хандлага бий.

Нэрлэсэн дундаж цалин, медиан цалингийн ялгааг хангалттай тайлбарлаагүйгээс дээрх мэдээлэл иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Яагаад ийм тооцоо гарсныг Үндэсний Статистикийн Хорооноос 2017 оны наймдугаар сарын тайланд тулгуурлан тайлбарлая.

Нэрлэсэн дундаж цалин буюу 966.6 мянган төгрөг хаанаас гараад ирэв?

Үндэсний Статистикийн Хорооноос цалингийн статистик мэдээллийг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэж сар бүр гаргадаг байна. Энэ нь татварын өмнөх буюу ямар нэгэн шимтгэл аваагүй үеийн цалингаар тооцож гаргасан статистик гэдгийг санаарай.

Тайлангаас харвал Монголд 38 мянган ААН-ийн 600 мянга гаруй ажилтан цалин авдаг. Нэрлэсэн дундаж цалин гэдэг нь бүх хүмүүсийн цалинг нэмээд тоонд нь хуваасантай тэнцдэг. Тэр тоо нь 966.6 мянган төгрөг. Өөрөөр хэлбэл нэг хүнд оногдож буй цалингийн хэмжээ юм.

Дийлэнх иргэдийн цалин энэ тоонд хүрэхгүй байж болно.

МЕДИАН ЦАЛИН ГЭЖ ЮУ ВЭ?

Харин медиан цалин гэдэг нь 600 мянган хүний цалинг багаас нь их рүү жагсаагаад голын хүний цалинг авсан тоо юм. Энэ цалин нь Монголд 700 мянган төгрөг байдаг.

Тэгэхээр Монголд 700 мянган төгрөгөөс доош цалинтай хүмүүс нийт цалин авагчдын 50 хувийг эзэлж байна гэсэн үг юм. Үүнээс дүгнэхэд дийлэнх Монголчуудын цалин нэрлэсэн дундаж цалиндаа буюу 966.6 мянган төгрөгт хүрдэггүй байна. Хэрэв татвар, шимтгэлээ хасвал медиан буюу 700 мянган төгрөгт ч хүрэхгүй цалинтай хүмүүс олон болно.

Тиймээс статистикийн байгууллагыг худлаа мэдээлэл гаргадаг гэж шүүмжлэхэсээ илүү гаргасан тоог зөвөөр ойлгох, тайлбарлах нь чухал юм. 

Ингээд нэрлэсэн дундаж цалинг медиан цалинтай харьцуулсан графикийг хүргэж байна.

ГРАФИК 1: Сарын дундаж цалин ба медиан цалин, мянган төгрөг

ГРАФИК 2: ЦАЛИН ХӨЛСНИЙ БҮЛЭГ