Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Онцлох бүтээн байгуулалт буюу ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ажлын явц

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал. 2017.08.18

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Улаанбаатар хотын Шинэ нисэх буудлын үүдээр ороход Сөүлийн Инчеон, Японы Нарита нисэх буудлуудыг санагдуулам өнгө аяс цухалзаж байлаа.

Монголчуудын олон жил ярьж, мөрөөдсөн томоохон бүтээн байгуулалт болох Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын техник эдийн засгийн судалгааг одоогоос 11 жилийн өмнө буюу 2006 онд Япон улсын тусламжтайгаар хийж байжээ. Тэгвэл энэхүү төсөл хэрэгжиж тун удахгүй бид гадаад дотоодынхны өмнө нүүр улайхааргүй онгоцны буудалтай болох гэж байна. 

Япон улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжаар Монголд олон бүтээн байгуулалт хийгдсэн байдаг. Бид тэдний хамгийн том жишээ болох Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг зорьж, бүтээн байгуулалттай нь наймдугаар сарын 18-ны өдөр танилцлаа. 

 
Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал. 2017.08.18

Хөгжлийн албан ёсны тусламж нь Монголд Уул уурхайн тогтвортой хөгжлийг хангах, засаглалыг бэхжүүлэх, Бүх хүнд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэсэн тусламж, Улаанбаатар хотын чадавхыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлд хэрэгжиж байна. 

Нийт 65.6 тэрбум иений /1.4 их наяд төгрөг/ зээлийг Япон улсаас 40 жилийн хугацаатай, үүнээс эхний 10 жилд нь зээлийн төлбөрөөс хөнгөлөх нөхцөлтэй өгсөн аж. Зээлийн хүү жилийн 0.1-0.2 хувь маш бага байсан байна. Ийм хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авч байгаа тохиолдолд төслийн зөвлөхөөр Япон, Ерөнхий гүйцэтгэгч Япон, төслийн хүрээнд нийлүүлэгдэх бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний 30 хувь нь Япон улсаас байна гэдэг шаардлага тавигдсан ажээ. 

Монголчууд өмнө нь ийм бүтээн байгуулалт хийсэн туршлагагүй учраас чанар, хариуцлагаараа алдартай Японы компаниудыг төсөлдөө татан оролцуулах нь тийм ч хэцүү шаардлага биш байсан тухай төслийн багийнхан хэлж байлаа.

Шинэ нисэх буудлын төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Японы Мицубиши-Чиёода” хамтарсан түншлэл, Ерөнхий туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” корпораци ажиллаж үндсэн бүтээн байгуулалтын ажлыг 2017 оны нэгдүгээр сарын 10-нд хүлээлгэн өгчээ. 

Энэхүү том төсөлд 50 орчим туслан гүйцэтгэгч компанийн 2,700 гаруй ажилтан оролцсоны 70 хувь нь Монголоос байв. Одоо Монгол Улсын Засгийн газраас хийх бүтээн байгуулалтын зарим ажил хийгдэж байна. Манай Засгийн газраас нэмэлтээр 30 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхийг өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэж тохирсон юм. 

 

Нисэх буудлыг бүрэн ашиглалтад оруулах ажил аль шатанд явж байгаа талаар Төслийн захирал Н.Энхбат “Туршилтын нислэг эхэлсэн явж байгаа. Нисэх буудлыг ашиглалтад оруулах талаар Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд нар газар дээр нь ирж ажиллалаа. 

Энэ ажлын хүрээнд Засгийн газрын хуралдаанд асуудал оруулсан. Бидэнд одоо нисэх буудал хүрэх зам хэрэгтэй байна. Энэ зам 2018 онд дуусна. Мөн хоёр талын эх үүсвэрийг шийдсэн цахилгаан эрчим хүч хэрэгтэй. Бид нэг талын эх үүсвэрээ Налайхаас авна. Харин нөгөө талын эх үүсвэрээ Сонгинын дэд станцаас авна. Нийслэлийн санхүүжилтээр хийгдэх энэ ажил хараахан ашиглалтад ороогүй байна. 

Нөгөө талаасаа боловсон хүчний сургалтын асуудал гарч ирнэ. Мөн Монголын талаас хийгдэх таван барилга угсралтын шатандаа явж байна. Энэ ажлуудыг хийсний дараа буюу ямар ч байсан агаарын анхны хөлгийг 2018 оноос хүлээн авах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа” гэсэн юм. 

Ингээд шинэ нисэх буудлын үндсэн барилга болон нислэгийн удирдлагын төв, нисэх зурвастай танилцацгаая. 

Нисэх буудлын терминалын барилга

Нисэх буудлын үндсэн барилга буюу терминалын барилга нь жилдээ 3 сая гаруй зорчигч хүлээн авах хүчин чадалтай. 37,000 м.кв талбай бүхий олон улсын стандартыг бүрэн хангасан бүтээн байгуулалт юм. 

Онгоцтой холбох зургаан хүзүүвчтэй бөгөөд тав нь олон улсын нислэгт зориулагдсан бол нэг нь дотоодын нислэгт зориулагджээ. Энэ нь одоо бидний ашиглаж буй Чингис хаан нисэх буудлаас хэмжээгээрээ хоёр дахин том ажээ. 

Нислэгийн удирдлагын цамхаг 

38 метрийн өндөртэй, газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй Нислэгийн удирдлагын цамхаг. Энэхүү цамхаг нь 12 давхар барилгатай тэнцэх өндөртэй бөгөөд удирдлагын төвөөс эргэн тойрон гайхалтай харагдаж байв. 

Нисэх зурвас

Монголд хамгийн анх баригдсан, хамгийн том бетонон байгууламж бол шинэ нисэх буудлын зурвас юм. Нисэхийн зурвас нь 38 см-ийн зузаантай, 3.6 км-ийн урттай, 45 метрийн өргөнтэй. 

Шинэ нисэх буудалд эдгээрээс гадна

  • Нислэг, хөдөлгөөний удирдлагын байр,
  • Зорчигч үйлчилгээний барилга, түүнд холбогдох гүүрэн байгууламж,
  • 825 авто машины зогсоол,
  • Бие даасан ус, дулаан, цахилгаан эрчим хүчний хангамж /42 мгватын хүчин чадалтай дулааны станц, цахилгаан дамжуулах 110 Кв-ын өндөр хүчний шугамын дэд станц/,
  • Бохир ус цэвэрлэх ариутгах татуурга, ус цэвэршүүлэх байгууламж,
  • Гал унтраах, Авран хамгаалах албаны барилга,
  • Агаарын хөлгийг шатахуунаар цэнэглэх газар доорх гидрант систем /нийт 8,000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах сав 14 ш/,
  • Аэрдромын доторхи үерийн уснаас хамгаалах далан суваг,
  • Инженерийн шугам сүлжээний газар доогуурх 1.8 км урт цутгамал хонгил,
  • Холбоо, навигацийн тоног төхөөрөмжийн байрууд дэд бүтцийн хамт, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүд, нисэх буудлын тусгай тоног төхөөрөмжүүд зэрэг 30 гаруй барилга байгууламж, системийг барьж байгуулжээ.

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг Монголчуудын сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн онцлох бүтээн байгуулалт гэж хэлж болно. Энэ бүтээн байгуулалтад Монгол орны хамгийн том хандивлагчдын нэг Япон улсын Засгийн газар, ард түмнээс том тусламж үзүүлжээ. 

Харин одоо Монголын талын хариуцаж авсан ажил буюу бидний өөрсдийн чадлаар хийх зүйлс үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, шинэ нисэх буудал хэр хурдан ашиглалтад орохыг Монголчууд бидний "чин зориг" мэдэхээр болжээ.