Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль үргэлжилж байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
Саналаа өгснийхөө дараа НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Аливаа сонгуулийг ил тод, шударга болоосой гэж иргэд маань хүсч байгаа. Миний зүгээс иргэд, сонгогчиддоо хандаж иргэний үүргээ биелүүлж, эрхээ эдлэн сонгуулиа идэвхтэй өгөхийг уриалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол эв нэгдлийн билэгдэл байдаг” хэмээлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн 1,918 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө.
Тэрбээр “Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нийслэлийн хэмжээнд 930 гаруй мянган сонгогч санал өгнө. Одоогийн байдлаар 20 гаруй хувь нь өгсөн байна. Иргэдийн маань идэвх сайн байна гэж харж байна.
Нийслэлийн төр захиргааны байгууллагууд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль явагдах бүх бэлтгэлийг хангасан” хэмээгээд нийт иргэд, сонгогчдоо Үндсэн хуулиар хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!